"Их сургуульд докторын зэрэгтэй багш хичээл заана"

Хуучирсан мэдээ: 2022.09.27-нд нийтлэгдсэн

"Их сургуульд докторын зэрэгтэй багш хичээл заана"

"Их сургуульд докторын зэрэгтэй багш хичээл заана"

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан их, дээд сургуулийн багш болох хүмүүст заавал докторын зэрэг хамгаалсан байх шаардлага тавина гэж хэлсэн. Тэрбээр “Манай улсад оюуны хулгай дэндүү их нүүрлэж, хуурамч магистр, докторуудтай, хуурамч шинжлэх ухаантай улс болсон. Их, дээд сургуулийн багш болох хүмүүст заавал докторын зэрэг хамгаалсан байх шаардлага тавина. Үүнд ямар нэгэн плагиаризм (бүтээлийн хулгай) байх ёсгүй. Ингэж байж бид их, дээд сургуулийн тогтолцоог эрүүл зөв болгох ёстой" гэж мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор докторын зэрэг хамгаалагчдад ямар шаардлага тавих, мөн их, дээд сургуулиудад ямар зохицуулалт хийх талаар Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамираас тодрууллаа.


Их, дээд сургуулийн багш болох хүмүүс заавал докторын зэрэг хамгаалсан байх шаардлага тавина гэсэн. Яагаад ийм шаардлага тавих болов?

-Олон улсад докторын зэрэг хамгаалсан багш ажиллуулдаг жишиг тогтсон. Монгол Улсын хувьд дотоодын томоохон их сургуулиудад докторын зэрэг хамгаалсан тохиолдолд багшилна гэсэн шаардлага сүүлийн жилүүдэд тавьж байна. МУИС, ШУТИС, МУБИС-ийн багш нарт тус шааардлагыг тавиад эхэлсэн. Үүнийг бид цаашид эрхзүйн бичиг баримтын түвшинд баталгаажуулахаар ажиллана.

Одоогоор докторын зэрэг хамгаалаагүй хэчнээн их, дээд сургуулийн багш байгаа вэ. Цаашид шаардлага  хангаагүй багш нарыг ажлаас нь чөлөөлөх үү,  эсвэл өөр зохицуулалт хийж байгаа юу? 

-Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар их, дээд сургуульд 4000 багш ажиллаж байна. Эндээс 1300 багш докторын зэрэгтэй. Үлдсэн 2700 багш магистрын зэрэгтэйгээр ажиллаж байна гэж ойлгож болно. Дээд боловсролын байгууллагын шалгуур шаардлагад докторын зэрэгтэй байх шаардлага тавьж байгаа.

Цаашид дээд боловсролын сургалтын байгууллага гүйцэтгэл, чанарын үзүүлэлтийг стандарт болгож батлуулах ажлыг хэрэгжүүлнэ. Тус шалгуур үзүүлэлт докторын зэрэг хамгаалсан багштай байх шаардлага орж ирнэ.

Докторын зэрэгтэй багштай байж магистрын сургалт явуулна. Өнөөдрийн  байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиуд докторын зэрэгтэй багшгүйгээр докторын сургалт явуулж байна. Иймд докторын зэрэг хамгаалсан багш нарыг цагаар авч ажиллуулж байна. Үүнээс үүдэн нэг багш хэд хэдэн сургуульд зэрэг багшлах болсон. Үүнийг бид чанаржуулахад чиглэсэн бодлого явуулах ёстой.

Энэ шаардлага хэрэгжсэнээр их, дээд сургуулиудын оюутан сурагчдын сурлага, боловсролын чанарт ямар ахиц гарна гэж үзэж байна вэ?

-Бакалавр, магистр, доктор гэдэг бол боловсролын зэрэг болохоос эрдмийн зэрэг биш. Иймд боловсролын зэргээр нэг шат илүү байж дараагийн түвшний хүнд багшлах нь зүйн хэрэг. Мөн тухайн түвшний хөтөлбөр хэрэгжүүлэхэд эзэмшсэн мэдлэг, ур чадвар өмнөх боловсролын  зэргээс илүү өндөр байх ёстой. Судалгаа, баримтын үндсэн асуудлыг шийддэг. Шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудалд оновчтой дүн шинжилгээ хийж чадах ур чадвар эзэмшихийг шаарддаг. Хуульд их сургуулийн багш нар магистр, доктор болон түүнээс дээш зэрэгтэй байна гэж зааснаас хойш 30 жил болж байна.

-Салбарын сайд магистр, доктор хамгаалсан хүмүүсийг плагиаризмын /бүтээлийн хулгайн/ шалгалтад оруулна. Ингэж байж бид их, дээд сургуулийн тогтолцоог эрүүл, зөв болгох ёстой гэсэн. Ийм шалгалтыг өмнө нь явуулж байсан уу?

-Монгол Улс 1960 оноос хойш докторын зэргийг дотооддоо хамгаалуулж, 4700 гаруй хүнд уг зэргийг олгосон. Шинжлэх ухааны академи, хүрээлэн, их дээд сургуулиуд нийт хөдөлмөрийн насны 2000 гаруй доктор байна. Докторуудын судалгааны ажлууд цахим хэлбэрээр Шинжлэх ухаан технологийн санд хадгалагддаг. Он дарааллаар эдгээр хүмүүсийн ажлуудыг сан үүсгээд оруулчихвал одоо хамгаалах гэж буй хүмүүсийн хуулалтын түвшин ямар байгааг шалгаж болно. Үүнтэй холбоотойгоор Оюуны өмчийн хуулбарлалтын журмын төсөл боловсруулсан, хэлэлцэж байна. Ер нь доктор, магистрын хөтөлбөрт тавих шалгуур шаардлагыг шинэчилнэ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 29 мянган магистр, докторын зэргээр суралцагч бий. Үүний 24 мянга нь магистрыг мэргэжлийн чиглэлээр  авч үзвэл 84 хувь нь нийгэм хүмүүнлэгийн чиглэлээр суралцаж байна.  Улс орны тулгамдсан асуудлууд шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлд мэргэжилтнүүд цөөхөн. Энэ чиглэлээр суралцаж буй суралцагчийг дэмжих чиглэлд бодлого явуулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж