Малчид бэлтгэх өвс тэжээлийн 44,4 хувийг хангаад байна

Хуучирсан мэдээ: 2022.09.26-нд нийтлэгдсэн

Малчид бэлтгэх өвс тэжээлийн 44,4 хувийг хангаад байна

Малчид бэлтгэх өвс тэжээлийн 44,4 хувийг хангаад байна

Энэ өвөл өмнөх жилүүдээс цас их орж, хүйтний эрч чангарах тул малчид иргэдийн анхааралд өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангахыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсан. Иймд улсын хэмжээнд ургац хураалт, үр тарианы болц, өвөлжилтийн бэлтгэл одоогийн байдлаар ямар шатанд явж байгаа ХХААХҮЯ-наас тодрууллаа.


-Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажил одоогийн байдлаар ямар шатанд явж байна вэ?

-Энэ онд малчдын түвшинд өвс 1.2 сая тонн, сүрэл 1.8 мянган тонн, ногоон тэжээл 18.6 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 73.1 мянган тонн, гар тэжээл 82.6 мянган тонн, дарш 1.1 мянган тонн, давс, хужир шүү 99.4 мянган тонн бэлтгэхээр төлөвлөсөн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 25.3 мянган тонн, тэжээл 12.5 мянган тонн бэлтгэх үүрэг, чиглэлийг өгсөн.

Хадлангийн бүс нутгаар бороо хур элбэг байгаатай холбогдуулан хадлан бэлтгэлийн ажил удаашралтай байна.

Өнөөдрийн байдлаар малчдын хадлангийн бэлтгэл 54.2 хувьтай байна. Харин өвс 687.7 мянган тонн, сүрэл 0.5 мянган тонн, ногоон тэжээл 6.1 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 3.2 мянган тонн, гар тэжээл 16.7 мянган тонн, дарш 1.3 мянган тонн, хужир, шүү 17.6 мянган тонныг тус тус бэлтгэсэн. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 44.4 хувийг эзлэж байна.

Баян-Өлгий, Ховд, Хэнтий аймгууд малчдын түвшинд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн нөөцийн 80-аас дээш хувь бэлтгэсэн явцтай байна.

Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 8.3 мянган тн, тэжээл 2.5 мянган тонныг бэлтгэсэн байна. Бэлтгэвэл зохих аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 33.2 хувийг, тэжээлийн 20.0 хувийг бэлтгэсэн байна. Өвс, тэжээл бэлтгэлийн ажил үргэлжилж байгаа юм.

-Газар тариалан, ургац хураалт одоогийн байдлаар ямар шатанд явж байна вэ?

-2022 онд улсын хэмжээнд 378.1 мянган га-д үр тариа, үүнээс 353.1 мянган га-д улаанбуудай, 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо, 57.4 мянган га-д малын тэжээл, 117.4 мянган га-д тосны ургамал, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 588.5 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн  тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан.

Ургац хураалтын явц есдүгээр сарын 22-ний байдлаар 41.1 мянган  га-гаас 48.7 мянган  тонн үр тариа, үүнээс 40.6 мянган  га-гаас 48.6 мянган тонн улаанбуудай, 10.9 мянган га-гаас 120.5 мянган тонн төмс, 4.1 мянган га-гаас 42.3 мянган тонн хүнсний ногоо, 3.3 мянган га-гаас 10.6 мянган тонн тэжээлийн ургамал, 3.8 мянган га-гаас 1.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.

Есдүгээр сарын 22-ний байдлаар улаанбуудайн хураалт 12.3 хувь, төмс 55.1 хувь, хүнсний ногоо 37.3 хувь, тэжээл таван хувь, тосны ургамал 4.9 хувьтай үргэлжилж байна.

-Хүнсний түүхий эд мах, махан бүтээгдэхүүний экспорт хэвийн явагдаж байгаа юу?

-Засгийн газрын өнгөрсөн наймдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспортын асуудлыг хэлэлцэж, Хятадын стандартын шаардлага хангасан эрх бүхий аж ахуйн нэгжийн бэлтгэсэн махыг наймдугаар сарын 24-нөөс эхлэн экспортлох шийдвэр гаргасан.

Гэхдээ Covid-19-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор экспорт эхлээгүй байгаа бөгөөд ойрын хугацаанд эхлүүлэхээр мэдэгдээд байна.

2021 оны зургаадугаар сарын 10-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд БНХАУ руу мах махан бүтээгдэхүүн экспортлоогүй гэсэн үг. Одоогоор ОХУ, Казакстан, Киргизстан, Укбекстан улс руу адууны мах болон хонины түүхий мах, Иран, Хонконг руу хонь, ямааны түүхий мах бага хэмжээгээр экспортолж байна.

М.Ариунболд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж