БАЙР СУУРЬ: ОХУ-ын хэсэгчилсэн дайчилгааны талаар хэн юу хэлэв!

Хуучирсан мэдээ: 2022.09.27-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: ОХУ-ын хэсэгчилсэн дайчилгааны талаар хэн юу хэлэв!

БАЙР СУУРЬ: ОХУ-ын хэсэгчилсэн дайчилгааны талаар хэн юу хэлэв!

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин хэсэгчилсэн цэрэг татлага зарласантай холбоотой дэлхийн улс орнууд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байна. Төв Азийн орнууд сэрэмжлүүлж байгаа бол Европын орнууд сул дорой байдлын шинж хэмээн тодорхойлжээ.


ТӨВ АЗИЙН ОРНУУДЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин хэсэгчилсэн цэрэг татлага зарласантай холбоотойгоор төв Азийн орнуудын Элчин сайдын яамууд иргэддээ сэрэмжлүүлэг хүргэж байна. Тодруулбал, Узбекистан, Киргизийн засгийн газар ОХУ-д оршин сууж буй иргэддээ дайнд оролцохгүй байхыг анхаарууллаа. ОХУ-ын засгийн газрын статистик мэдээллээр, 2021 оны байдлаар Узбекистаны 4.5 сая, Киргизийн нэг сая орчим иргэн тус улсад ажиллаж амьдарч байжээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу дайчилгааны зарлигийн талаар дуулгахдаа 300 мянган нөөц цэрэг гэж хэлсэн боловч тогтоолын нэг заалт иргэдэд ил тод бус байгаа аж. Энэ нь дайчлагдах цэргийн бодит тоо байж болзошгүй. Үүнтэй холбоотойгоор эсэргүүцлийн жагсаал ч өрнөөд байна.

Төв Азийн цагаачид Оросын дайнд оролцож магадгүй гэсэн болгоомжлол хэзээнээс нааш байсан. Тухайлбал, ОХУ-ын иргэншил, орон сууц, сарын 50 мянган рублийн цалингийн төлөө гурван сарын гэрээ байгуулсан цагаач байна.

Тухайн цагаач Оросын цэргүүдтэй хамт Украин руу машин жолоодож яваа бичлэг цахим ертөнцөд таржээ. Тэрбээр цагаачдад зориулсан ажлын байрны цахим хуудсаас энэ ажлаа олсон байж магадгүй аж. Украинд Төв Азийн иргэд амь үрэгдсэн тухай мэдээлэл ч гуравдугаар сард гарч байв. Дайчилгааны тухай зарлахаас өмнө буюу есдүгээр сарын 20-нд Оросын армитай нэг жилийн гэрээ байгуулсан гадаадын иргэдийн иргэншил авах үйл явцыг хялбаршуулсан нэмэлт өөрчлөлтийг Төрийн Думаас баталжээ. Түүнчлэн Сахарово цагаачлалын төвд гадаадын иргэдэд зориулсан цэрэг татлагын төв нээнэ гэж Москва хотын дарга мэдэгдсэн. Тус цагаачлалын төвд иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, ажиллах зөвшөөрөл авахаар очдог аж.

Оросын эдийн засгийн хориг арга хэмжээнээс болж нөхцөл байдал амаргүй байгаа ч Төв Азийн цагаачид тус улсыг зорьсон хэвээрээ байна. Тэдний эх орны ирээдүй Орост ажиллахаас ч бүрхэг байгаа гэж “The diplomat” хуудас онцлов.

Узбекийн цагаачдыг дайнд оролцуулах сайн дурын батальон байгуулах тухай бичлэг наймдугаар сард цацагдсан. Үүний дараа тус улс иргэддээ гадаадын нутаг дэвсгэрт байлдааны ажиллагаанд оролцох нь хууль бус гэдгийг анхааруулжээ. Хэрвээ гадаадын мөргөлдөөнд оролцвол 10 жилийн хорих ял авна гэж ч сануулсан байна. Түүнчлэн Узбекистан улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа онцолсон.

Киргизийн эрх баригчид иргэдээ дайны дуудлага хүлээн авбал Элчин сайдын яамандаа хандахыг хүссэн. Тус улсын хувьд ч бас гадаадын нутаг дэвсгэрт байлдааны ажиллагаанд оролцсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх дотоодын хууль тогтоомж бий.

Орос дахь цагаачдын ихэнх хувийг Төв Азийн иргэд эзэлдэг. Орос улс тэднийг эгнээндээ элсүүлэхийг нэн тэргүүнд зорьж байна гэжээ. Тажикистан ч бас иргэдээ байлдааны ажиллагаанд оролцохгүй байхыг анхааруулав.

ХЭСЭГЧИЛСЭН ДАЙЧИЛГАА БОЛ СУЛ ДОРОЙ БАЙДЛЫН ШИНЖ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн цөмийн зэвсэг хэрэглэнэ гэсэн хариуцлагагүй заналхийллийг АНУ нухацтай хүлээж авч буйгаа мэдэгдсэн. “Цөмийн зэвсэгтэй гүрэн ингэж ярих нь хариуцлагагүй юм. Гэхдээ тэр сүүлийн долоон сарын турш ингэж ярьж байгаа учир бид үүнийг нухацтай авч үзнэ. Бид чадах чинээгээрээ тэдний стратегийн байр суурийг хянаж байна. Путин Оросын өнцөг булан бүрээс 300 мянган нөөц хүчин дайчлах тушаал өгсөн нь сул дорой байдлын илрэл. Энэ бол түүний тэмцэж байгаагийн илрэл. Путин шархадсан хүмүүсийг хүртэл тулаанд дахин оруулж байгаагаас үзвэл түүнд хүн хүчний асуудал байгаа нь тодорхой” гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлжээ.

Германы дэд канцлер Роберт Хабек ч бас хэсэгчилсэн дайчилгааг Украин дахь Оросын довтолгоо амжилтгүй болсны нотолгоо гэж үзэж байна. Түүнчлэн эзлэгдсэн бүс нутгуудад явуулах санал асуулгыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.

“Энэ бол Путин энх тайвныг сонирхохгүй байгаагийн, түрэмгий дайнаа хурцатгах санаатай байгаагийн нэг нотолгоо. Тэр дэлхий даяар олон муу үр дагаварт хүргэсэн сүйрлийн дайнаа цаашид ахиулж, үргэлжлүүлэх сонирхолтой байна” гэж Европын комиссын гадаад бодлогын төлөөлөгч Питер Стано хэллээ. Мөн Путиныг маш аюултай цөмийн мөрийтэй тоглоом хийж байна гэв.

Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк "Энэ арга хэмжээ үнэхээр урьдчилан таамаглаж болохуйц уриалга. Энэ нь өөрсдийн бүтэлгүйтлийг зөвтгөх гэсэн оролдого мэт харагдаж байна гэв.

“Ерөнхийлөгч Путины хэлсэн үг олон улсын хамтын нийгэмлэгийг айлгах зорилготой байсан. Цөмийн аюул заналхийллийн тухайд өнөөг хүртэл зорилго нь хэвээрээ байна. Кремль олон улсын хамтын нийгэмлэгийг шантаажилж, айлгахыг хүсч байна. Мөн биднийг Украинд туслахаас сэргийлэх санаатай байна” гэж Эстони улсын ерөнхий сайд Кая Каллас хэлэв.

Румыны ерөнхий сайд Николае Цюка олон улсын энх тайвны өдрөөр Оросын дайчилгааны талаар үзэл бодлоо хэлжээ. “Өнөөдөр олон улсын энх тайвны өдөр. Гэвч харамсалтай нь бид үүнийг зохих ёсоор тэмдэглэхийн оронд өнөө өглөө ОХУ-ын хэсэгчилсэн дайчилгааны тухай мэдээг сонслоо” гэж тэр хэлжээ.

Үндсэндээ олон улсын байр суурь дайн Москвагийн төлөвлөснөөр явахгүй байна гэдэг дээр нэгджээ. Тухайлбал, Чехийн ерөнхий сайд Петр Фиала, Словакийн ерөнхий сайд Эдуард Хегер, Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецки, Нидерландын ерөнхий сайд Марк Рутте тэргүүтэй олон улсын төлөөлөл ижил төстэй байр сууриа илэрхийлсэн.

Литва улс Оросын талаас ирэх аливаа өдөөн хатгалгаас урьдчилан сэргийлэхийн тулд армийн шуурхай ажиллагааны хүчнийхээ бэлэн байдлын түвшинг дээшлүүлжээ. Оросын цэргийн дайчилгааг Калининград мужид хийх тул Литва улс зүгээр хараад сууж чадахгүй гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Арвыдас Анусускас мэдэгджээ.

Эх сурвалж: THE DIPLOMAT, AL JAZEERA, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж