Ойн хортон шавьж устгал 90 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Ойн хортон шавьж устгал 90 хувьтай байна

Бай­галь, цаг уурын өөрчлөлт, хэт дулаарлаас шалтгаа­лан ойн санд хортон шавьж эрс ихсэх нь ойн түймэр, хулгайчдаас дутуугүй модыг дахин сэргэх чадваргүй болгож сүйтгэ­дэг. Хор­тон шавьж­тай тэмцэх ажил бай­галь хамгаалалд нэлээд чу­халд тооцогддог. Иймээс Засгийн газраас энэ оныг “Ойн менежментийг сайжруулах жил” болгон зарлаж, ойн хортон шавьж устгахад зориулж улсын төсвөөс багагүй хөрөнгө зарцуулж байгаа. Энэ жил шавьж устгал хэр үр дүнтэй бай­гаа талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Ойн газрын мэргэжилтэн Б.Ганзоригоос тодрууллаа.

-Энэ онд ойн хортон шавьж устгахад хичнээн төгрөг зарцуулж байгаа вэ?

-Улсын хэмжээнд нийт ойн 80 гаруй хувь буюу 300 мянган га талбайд хортон шавьж устгахад зориулж улсын төсвөөс 2.9 тэрбум төгрөг зарцуулж байгаа.

-Саяхан Увс аймагт хортон шавьж устгал хийгээд ирсэн гэсэн. Аль байгууллагаас ажлыг гүйцэтгэсэн бэ?

-Долдугаар сарын 15-наас энэ сарын 8-ны хугацаанд Увс нуурын тусгай хамгаалттай газар нутагт ойн хортон шавьж устгалын ажлыг хийгээд ирлээ. Тус аймгийн нийт ойн сангийн 60-70 мянган га талбайд ойн хортон шавьж голомтлон тархаад байгаа бөгөөд энэ удаагийн ажлаар 18.825 га талбайд газраар болон агаараар химийн аргаар хор цацах ажлын гүйцэтгэгчээр ойн мэргэжлийн байгууллага болох “Гранд форест”, агаарын тээврийн “Моннис” компани ажилласан.

-Ойн хортон шавьж устгалын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хичнээн хувьтай  байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар 90 хувь буюу 30 мянган га талбай үлдээд байна. Энэхүү үлдсэн талбайд хортон шавьж устгах ажлыг “Ойн хайгуул судалгааны төв” компаниас энэ сарын 20-ноос эхлэн гүйцэтгэж байгаа. Тус компанийн ажилтнууд Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Биндэр, Дадал, Батширээт сумдын нутагт 20-25 хоногийн хугацаанд агаараар буюу онгоцоор, газраар устгал хийхээр хуваарилж авсан газартаа очин ажиллаж байна. Есдүгээр сарын 15 гэхэд дээрх ажлын хэсэг хортон, шавьж устгах ажлаа гүйцэтгэж дуусснаар энэ онд хийх ажил ерөнхийдөө дуусч байна гэж хэлж болно.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж