Салалт: Эмгэнэлт жишээ ба эмзэглүүлсэн тоо

Хуучирсан мэдээ: 2022.09.26-нд нийтлэгдсэн

Салалт: Эмгэнэлт жишээ ба эмзэглүүлсэн тоо

Салалт: Эмгэнэлт жишээ ба эмзэглүүлсэн тоо

Хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг нөхрөөсөө сална гэж эхнэр нь гомдол гаргажээ. Ажлын шаардлагаас болоод хээрээр гэр, хэцээр дэр хийдэг нөхөр боломжийн орлого олно. Дутагдах гачигдах зүйлгүй тов хийсэн амьдралтай, дундуураа дүүргэх гэж явсан нөхөр салахыг хүссэнгүй. Гээд нэгэнт эхнэр нь шүүхэд салах өргөдлөө өгчээ. Шүүхээс эвлэрэх, эргэж саналаа харах боломж олгов. Нэг л мэдэхэд шүүхийн эвлэрэх боломж олгосон хугацаа дуусчээ. Харин эхнэр нь нүүр өгсөнгүй. Дөрвийн дөрвөн хүүхдээ өнчрүүлэхийг нөхөр нь хүссэнгүй. Тиймээс  шүүх хурлыг хойшлуулах арга чарга хайжээ. Эрүүл мэнд, ажлын шалтгаан, өмгөөлөгчийн оролцох шүүх хурал давхцсан гээд хэд хэдэн удаа нөхрийн санаснаар шүүх хурал хойшилжээ. Гэвч эхнэр нь эвлэрсэнгүй. Сална гэсэн хэвээрээ…

Нөхөр нь ажлаар өнжин, хонон хөдөө явдаг ч гэр бүлээс гадуур харилцаанд орж байсангүй. Эхнэр нь эв түнжинтэй байхдаа тоглоом, шоглоомоор хардмаар аяддаг ч тэгсгээд л өнгөрнө. Гэтэл гэнэт л эхнэр нь ийн салах өргөдөл гаргаж. Нөхөр нь яагаад салах болсон, явдал учрыг нь асуух ч тоймтой юм хэлэхгүй. “Ийм амьдрал утгагүй байна, одоо салцгаая" л гэхээс өөрийг үл хэлнэ.

Аргаа барсан нөхөр нь эхнэрээ бодлоо өөрчлөнө гэж итгэсээр… Ая тал засч, амьдралаа бүтэн авч үлдэхийг хичээнэ. Яваад ирэхэд хөөр баяр болон өмнөөс нь гүйсээр угтдаг дөрвөн хүүхдийнхээ нүдэнд гуниг хурахыг хүссэнгүй. Тиймээс ч өмгөөлөгчөө дахин шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүсэв. Энэ удаад хүндэтгэн  үзэх ноцтой шалтгаан байхгүй бол шүүхээс хурлыг хойшлуулахгүйг өмгөөлөгч тайлбарлав. “Арга, чарга байхгүй юу?” гэж авралын харцаар харах үйлчлүүлэгчээ бодоод ганц л арга байгаа нь “эцэг тогтоолгох хүсэлт гаргах” гэдгийг хэлжээ. Хүүхдүүдээс чинь таны хүүхэд эсэх нь эргэлзээтэй хүүхэд байгаа эсэхийг өмгөөлөгч асуух нь тэр. Нөхөр хамгийн бага хүүдээ эргэлздэг тухайгаа хэлэв. Гэвч хэзээ ч өрөөлийн хүүхэд гэж хандсан удаагүйгээ учирлав. Нөхөр, өмгөөлөгч хоёр ярилцаад шүүх хурлыг хойшлуулах өөр арга үлдээгүй болохоор хүүхдүүдэд нь эцэг тогтоолгох хүсэлт гаргахаар болжээ. Шүүхээс хүсэлтийг нь хүлээн авав. Ингэхдээ хожим ганц багыгаа ад үзсэн юм шиг болно гэж үзсэн эцэг дөрвөн хүүхдээ дөрвүүлэнг нь эцэг тогтоолгохоор ханджээ. Нөгөөтэйгүүр насаараа бага хүүхдээ буруу бодох вий гэснээс энэ шийдвэрийг гаргасан байхыг үгүйсгэхгүй. Гэвч…

Шинжилгээний хариу гарав. Харамсалтай нь нөхрийн санаснаас ч хөгийн зүйл болох нь тэр. Дөрвөн хүүхдийнх нь гурав нь өөр хүний хүүхэд болох нь тогтоогдов.

Ингээд нөхөр гэр бүлээ бүтнээр нь авч үлдэх гээд өөрөө бутраахад хүрчээ. Эхнэрээ үлдээх гэж элдвийн арга хайсан ч эцэст нь түүнээс ч долоон дор зүйл болов. Хүүхдүүд аавгүй, нөхөр хүүхэдгүй, эхнэр эцэггүй хүүхдүүдтэй үлдэв.

..Таны өмгөөлсөн хэрэг дотор сэтгэлээсээ туслахыг хүссэн ч бүх зүйл орвонгоороо эргэж, ялсан ч сэтгэл, санааны хувьд ялагдсан гунигт сургамж болсон хэрэг бий юу гэж 20 орчим жил ажилласан  өмгөөлгчөөс асуухад энэ түүхийг ярьсан юм… Тэрбээр гэр бүлийн маргаантай асуудалд дахиж эцэг тогтоолгох хүсэлт гаргахыг хэзээ ч зөвлөхгүй гэж өөртөө ам тангараг өгсөн тухайгаа харамсан ярив. Заримдаа бүх зүйл буруугаар эргэдгийн ердөө нэг жишээ нь энэ. “Хэрэвзээ би тэгж зөвлөөгүй бол… хэрэв миний зөвлөгөөг аваагүй бол…Үйлчлүүлэгч ахын эхнэр эвлэрчихсэн бол…” гэж өмгөөлөгч эл хэргийг дурсах тоолондоо түмэн янзаар “Хэрвээ” гэх асуултыг өөртөө тавьдаг аж.

Амьдралд болж бүтэхгүй олон асуудал бий. Мэдээж болж, бүтнэ гэж суудаг болохоос сална гэж суудаггүй нь лав. Сүүлийн үед салалт эрс нэмэгджээ.

Монгол Улсын шүүхийн нэрийн өмнөөс 2022 оны эхний хагас жилийн байдлаар 1640 гэрлэлт цуцалсан хэрэг, маргаан хянан шийдвэрлэсэн байна. Харин 2021 онд  энэ төрлийн 4690 хэрэг шийдвэрлэжээ. Түүнээс 2823 нь гэрлэлт цуцалсан,  331 нь эцэг тогтоосон,  1297 нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах байсан аж.

Өмгөөлөгчийн өгүүлсэн шиг эцэг тогтоолгохоор  салж буй хүмүүсийн 7.1 хувь нь хандсан гэсэн үг. Харин тэдний хэд нь өмгөөлөгчийн үйлчлүүлэгч шиг толгойгоо шаасныг мэдэхгүй.  Монголд гэр бүл бологсдын 20 орчим хувь нь буюу таван гэрлэлт тутмын 1 нь салдаг гэх тооцоог судлаачид гаргажээ. Жилдээ 4000 гаруй гэр бүл салдаг гээд, тэд дунджаар 1-2 хүүхэдтэй гэж тооцвол 4000-8000 хүүхэд эцэг, эхтэйгээ хамт амьдрах боломжгүй болж байна гэсэн үг. Тэдний хэд нь хайраар, ээж, аавын халамжаар дутаж, хэд нь гэдэс цатгалан, эрүүл энх өсөн торниж буйг мэдэх судалгаа Монголд үгүй нь бүр ч эмгэнэлтэй…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж