Нью Йорк хотыг дэлхийн санхүүгийн төвүүдийн нэг гэж тодорхойлдог бөгөөд дэлхийн 144 тэрбумтан амьдардаг хот. Дэлхийн бизнесийн төв болох тус хот нь хамгийн их хүнтэй, ес орчим сая хүн амьдардаг.
Түм түжигнэсэн Нью Йорк хотын гудамжинд 30 минут, нэг цаг түгжрэх энгийн үзэгдэл. Энд түгжрэл бол нийтийн асуудал боловч бүгд үүндээ зохицон амьдарна. Учир нь эд ажлын цагаар түгжрэл их учраас хотын төвөөрөө алхах, дугуй унахыг Нью Йоркчууд илүүд үзнэ. Эсвэл метро сонгоно. Нью Йоркчуудын хэлдгээр түгжрэлдээ “дассан” учраас цагаа урьдчилж тооцох, түрээсийн дугуйн үйлчилгээг сонгох нь түгжрэхгүй ажлаа амжуулах том боломж гэнэ. Түгжрэлийг шийдэх гарцаа тэд авто машины татвар, зогсоолын төлбөрөөр шийдэхээс гадна иргэдийн алхах, дугуйтай явах боломжуудыг бий болгожээ. Нью Йорк хотын хувьд авто замтай хослуулсан дугуйн зам нь яарч, сандарсан нэгэнд бол түгжрэлгүй ганц зам нь.
PAID PARKING БУЮУ ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛ
10 майл явах газрыг 30 минут, нэг цаг ч түгжирдэг учраас иргэд нь түрээсийн дугуйг сонгох эсвэл алхчихна. Гудамж талбайн тэмдэглэл, чиглэл нь маш тодорхой учраас төөрөх, олохгүй байх явдал бараг л гарахгүй. Хотын төв хэсгээр сүндэрлэсэн өндөр байшингуудыг дагаад автомашины зогсоолыг төгс шийджээ. Хотын төв хэсэг нь тэр чигтээ автомашины төлбөртэй зогсоолтой.
Мөн зарим хэсгүүдэд авто машины зогсоол нь өндөр төлбөртэй учраас нэг газраас нөгөө рүү явахдаа автомашины төлбөргүй газар байршуулаад алхаад явах нь элбэг аж. Барилга, оффис, худалдааны төвүүдийн дор маш том талбайтай, олон давхар авто зогсоолууд байршуулсан. Эдгээр зогсоолууд бүгд төлбөртэй. Иргэд нь төлбөртэй зогсоолуудаа ашиглаад сурчихсан учраас төвөгшөөхгүй. Автомашины зогсоолын төлбөрөө төлөөгүй бол өөрт нь утсаар мэдэгдэж, төлбөрөө төлөөгүй бол дараагийн удаа замын хөдөлгөөнд оролцоход нь тодорхой сануулга өгнө. Татвар, төлбөр төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй.
ТҮГЖРЭЛ ШИЙДЭГЧ ТҮРЭЭСИЙН ДУГУЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Нью Йоркийн “City bike” үйлчилгээ бол энэ хотын иргэдийн хамгийн хэрэгцээтэй үйлчилгээ. Түрээсийн дугуйн үйлчилгээ 24/7 цагаар ажиллах боломжтой бөгөөд хотын хаа сайгүй байршуулсан.
Ялангуяа түгжрэлээс татгалзаж буй иргэдийн хувьд түрээсийн дугуйг дурын цэгээс авч, хүссэн газраа үлдээж болдог. Түрээсийн дугуй үйлчилгээг өдөр, хэдэн өдөр эсвэл нэг жилээр ч цэнэглэж, хэрэглэх боломжтой. Нью-Йоркчуудын хэлж буйгаар түрээсийн дугуйг бусад улс, хотуудаас ирж буй жуулчид, зочдод илүү тохиромжтой гэж үздэг. Дугуйн зам нь автомашины замтайгаа зэрэгцээ байдаг учраас явахад аюулгүй байхаар хотын замын төлөвлөлтийг хийжээ.
Авто зам дагасан явган хүний зам, дугуйн замын шийдэл нь хүн ам суурьшсан хотуудад тулгамддаг асуудал. Гэхдээ улс орон бүр өөр өөрийн онцлогт тааруулсан татварын болон зам талбайн зохион байгуулалтыг зөв төлөвлөж шийдсэн байна. Улаанбаатар хотын хувьд ч түгжрэл бол том асуудал. Тиймээс гарах гарц, шийдлийг зөв олохоос гадна, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангасан зөв зохион байгуулалт маш чухал гэдгийг Нью Йоркийн жишээнээс харж болно.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ