“Камертон” амьд тоглолтыг мэдрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

“Камертон” амьд тоглолтыг мэдрүүлнэ


Монголын анхны хөвгүүдийн “Камертон”
хамтлаг энэ сарын 28-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 20.10 цагт “Camerton
2010”  амьд тоглолтоо хийх гэж байгаа билээ. Өнөөдөр “Чингис” зочид
буудалд тус тоглолтын талаар хэвлэлийн бага хурал хийлээ. 

“Камертон” хамтлагийн 15 жилийн ойдоо төлөвлөсөн томоохон ажлуудын нэг
нь энэхүү тоглолт. 10 жилийн ойгоороо Төв цэнгэлдэхэд анх удаа 70 мянган
үзэгч цуглуулж тоглолтоо хийж байсан тэд энэ удаа  хамгийн супер
тоглолт байгаасай гэж хүссэн учраас АНУ-с гэрэл болон хөгжмийн
инженеруудыг урьж хамтран ажиллаж байгаа юм байна.

Тоглолтын тайзыг рок, попын 30 гаруй хамтлагийн тайз заслыг амьдруулж
байсан “Гэсү” компанийнхан хийж байгаа бол бүжиг дэглээч Төгсөө
“Камертон”-той хамтран бүжиглэх мэргэжлийн бүжигчдийг удирдан, найруулж
байгаа ажээ.

 “Камертон” хамтлаг 1995 оны зургадугаар сарын 24-ны өдөр байгуулагдсан.
Тэд өнгөрсөн 15 жилийн хугацаанд нийт 10 цомог 40 гаруй клип гаргасан.
“Камертон”-ы цомгууд нь залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулан, тэдний
хэв маягт зөв чиг хандлага төрүүлж, хүсэл мөрөөдөлд нь итгэл найдварыг
өөрсдийн дуу хоолойгоороо илэрхийлж байсан. Монгол Улсаа төлөөлөн Азийн
“MTV” нэвтрүүлэгт анх удаа оролцож Монголын дуучид ямар чадварлаг
болохыг харуулж өөрсдийн дуунуудаа Ази даяар нэвтрүүлсэн билээ. Мөн
ДОХ-той хүмүүст хандив өргөхөөр Сингапур улсад хийсэн “True Love” цомогт
хамтран ажиллаж, Япон улсад болдог “Asian pop” наадамд анх удаа
Монголоо төлөөлөн оролцож Ази тивийн ододтой хамтран тоглолт хийн эх
орноо сурталчилсанаас гадна 40 гаруй удаа гадаадад урилгаар тоглолтоо
хийж байлаа.

Тоглолтын өдөр Төв цэнгэлдэхийн үүд 15.00 цагт нээгдэн үзэгчдээ хүлээж
авах юм. Тэд үзэгч фенүүдээ тоглолт эхэлтэл уйдаахгүй гэсэн шүү.
Тоглолтын өмнө 15 жилийн ойн баярт нь хошин урлагийнхан болон рок,попын
дуучид ирж ая дуугаа өргөн барих ажээ.

Харин тэдний дараагийн төлөвлөгөө бол эх орноо гурав дахь удаагаа тойрон аялан тоглолтоо хийх юм байна.

“Камертон” хамтлагтаа 15 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Г.Даша

Зургийн цомогоос

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж