Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2022.09.26/ “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлэг хийж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар ирэх оны төсөвт хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэг рүү шилжүүлнэ гэдгийг онцоллоо.
Тэрбээр “2021 оны байдлаар давхардсан тоогоор 2.5 сая иргэнд нийт 72 төрлийн халамж үйлчилгээг үзүүлж байна. Үүнд 1.8 их наяд төгрөг зарцуулжээ. Энэ нь 2021 оны улсын төсвийн нийт зарлагын 16 хувийг эзэлж байна. Энэ бол судалгаа муутай популист шийдвэрийн үр дүн. Манай нийт төсвийн зарлагын цалингаас бусад зарлага 2018 онд 5.4 их наяд төгрөг байсан бол 2021 оны дүнгээр 10.3 их наяд төгрөгт хүрсэн нь халамж нэмэгдсэн нь дийлэнх өсөлтийг эзэлж байна. Цаашид халамжийг зорилтот бүлэгт шилжүүлэх хэрэгтэй. Энэ удаагийн хэлэлцүүлгээр бодитой шийдэл гарна гэдэгт итгэж байна.
Удахгүй намрын чуулганаар 2023 төсвийг хэлэлцэнэ. Төсвийн хуульд цар тахлыг даван туулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэж харах шаардлагатай.
Өнөөдрийн байдлаар 1.5 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгож байна. Энэ жилийн төсөв дээр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг рүү шилжүүлэхээс өөр аргагүй болно.
Монгол Улсын өрийн таазын тухайд эрсдэл өндөртэй орнуудын тоонд орж байна. Нэг ёсондоо өрөөр халамжийг санхүүжүүлж ирсэн гэхэд хилсдэхгүй. Халамжийн мөнгө эцсийн дүндээ татвар төлөгчдийн мөнгөөр бүтэж байгаа. Уг мөнгөөр 24 цагийн цэцэрлэг байгуулах юм уу залуу эцэг эхчүүдийн ажиллах нөхцөлийг бий болгох, их дээд сургуульд сургах бус, МСҮТ-ийг өөрчилнө. Орчин үеийн их дээд боловсролын чиг хандлага заавал диплом гэхгүй ур чадварт шилжиж байна” гэлээ.
Холбоотой мэдээ