“Хэрвээ Орос улс Украинд тактикийн цөмийн зэвсэг хэрэглэвэл АНУ ба холбоотнууд шийдэмгий арга хэмжээ авна гэж” АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан өчигдөр /2022.09.25/ мэдэгдлээ. “Цөмийн зэвсгийн хэрэглээ нь Орост сүйрлийн үр дагавартай. АНУ ба холбоотнууд шийдэмгий хариу өгнө гэдгээ Кремльд шууд утгаар, хувийн шугамаар, маш өндөр түвшинд мэдэгдсэн” гэв.
Жейк Салливан уг мэдэгдлээрээ АНУ-ын хийхээр төлөвлөж буй хариу арга хэмжээний талаар дэлгэрэнгүй тайлбарлаагүй ч Москвад бол илүү нарийвчлан тайлбарласан аж.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн Лхагва гаригт НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцох үеэрээ Путиныг цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үүргээ увайгүйтэн үл тоомсорлож байна гэж буруутгасан. Энэ анхааруулгын дараа Жейк Салливан дээрх мэдэгдлийг хийжээ. Жейк Салливан Украиныг үргэлжлүүлэн дэмжсээр байна гэдгээ илэрхийлээд өнөөг хүртэл илгээсэн 15 тэрбум ам.долларын тусламжаа онцолсон байна.
Цэрэг татлага, санал асуулга гэх мэт Путины хийж буй үйлдлүүд нь хүч чадал бус харин эсрэгээрээ цөхөрч буйн илэрхийлэл гэж Салливан үзэж байна. “Эрчүүд байлдахыг хүсэхгүй байна. Бидний харж буй зүйл бол оросуудын дунд байгаа итгэмээргүй тэмцлийн шинж тэмдэг гэж би бодож байна. Хөрш улсдаа довтолж буй Путины дайнд оролцохыг хүсэхгүй байгаа тэр хүмүүсийг хэн буруутгах билээ? Орос ийн тэмцэж буй ч тэд асар их харгислал хийх чадвартай хэвээрээ байна” гэж Салливан хэлэв.
Украины ерөнхийлөгч Зеленский цөмийн заналхийллийн талаар ярилцлага өгсөн. “Магадгүй өчигдөр энэ хий хоосон яриа байсан байж магадгүй. Одоо бол бодит байдал болох магадлалтай. Тэр бүх дэлхийг айлгах хүсэлтэй байна” гэж тэр хэлжээ.
Эх сурвалж: NDTV, THE GUARDIAN
Холбоотой мэдээ