Тайванийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагад оролцохыг дэмжицгээе

Хуучирсан мэдээ: 2022.09.26-нд нийтлэгдсэн

Тайванийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагад оролцохыг дэмжицгээе

Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага /International Civil Aviation Organization/, товчилбол ОУИНБ /ICAO/-н чуулган нь 3 жил тутамд 1 удаа зохион байгуулагддаг ба хэлэлцүүлгээр дэлхийн иргэдийн агаарын тээврийн аюулгүй, эмх цэгцтэй хөгжлийг хангахын тулд дэлхийн улс орнуудын даган мөрддөг агаарын тээврийн норм, стандарт зэргийг хэлэлцэж боловсруулдаг. ОУИНБ-н 41 дэхь удаагийн чуулган нь 2022 оны 9-р сарын 27-ноос 10-р сарын 7-ны хооронд Канадын Монреаль хотод зохион байгуулагдах юм. Ковид-19-н цар тахал дэгдсэнээс хойш зохион байгуулагдаж буй анхны чуулган бөгөөд иргэний агаарын тээвэр сэргэж, олон улсын иргэний агаарын тээврийн бүх салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааны чухал ач холбогдлыг харуулна. Дэлхийн тэнгэрт зай завсар гаргахгүйн тулд Тайваний оролцоог ОУИНБ-д оруулахыг манай талаас уриалж байна.

Дэлхий дахины тээврийн сүлжээг холбоход Тайваний ур чадварын оролцоог хамруулах ёстой

 ОУИНБ нь олон улсын иргэний нисэхийн хөгжил болон иргэний нисэхтэй холбоотой стандарт, нормыг тогтоодог чухал платформ билээ. Бүх иргэний нисэхийн удирдах эрх бүхий байгууллагууд цуглаж, нисэхийн аюулгүй байдал, нисэхийн үйлчилгээ, нислэгийн аюулгүй байдал, байгаль орчин хамгаалах, нислэгийн эдийн засаг зэрэг мэргэжлийн сэдвүүдийг хэлэлцэх нь улс орнуудын иргэний нисэхийн ирээдүйн хөгжилтэй нягт холбоотой. Ялангуяа, Ковид-19 цар тахлын дэгдэлт дэлхийн иргэний нисэхийн салбарт хүчтэй цохилт учруулсан бөгөөд зорчигчдын эрүүл мэнд, аюулгүй байдал, тав тух нь бүр ч чухал болоод байна. Ямар ч иргэний нисэхийн удирдах байгууллага орхигдож болохгүй. ОУИНБ-н 41 дэхь удаагийн чуулган нээгдэхэд дэлхийн тээврийн сүлжээг дахин шинээр холбохыг хүлээж байгаа тул Тайванийг ОУИНБ-н чуулганд элсүүлэх нь энэ зорилтод нийцэж байна.

“Тайпэйн нислэгийн мэдээллийн бүс” /Taipei Flight Information Region/, товчилбол /Taipei FIR/ бол ОУИНБ-н дэхийн 300 гаруй нислэгийн мэдээллийн бүсийн дутаж болохгүй нэг хэсэг. Тайваний Иргэний нисэхийн товчоо нь Taipei FIR-н удирдах байгууллага бөгөөд аюулгүй навигацийн менежментийг хэрэгжүүлэх, нислэгийн мэдээллээр бүрэн хангах үйлчилгээ, мөн агаарын бүсийн маршрутыг аюулгүй, үр ашигтайгаар төлөвлөн гаргадаг. Ингэснээр Taipei FIR-г ашигладаг бүхий л агаарын тээвэр болон зорчигчид аюулгүй, үр ашигтай агаарын замаар зорчих юм. Гэвч 2022 оны 8-р сард Хятад улс Тайвань орчмын тэнгисийн болоод агаарын бүсэд цэргийн сургуулилт хийж, Taipei FIR-д түр зуурын аюулын бүс тогтоосон нь манай олон улсын агаарын нислэгийн замд нөлөөлөөд зогсохгүй бүс нутаг, олон улсын агаарын тээврийн аюулгүй байдалд ч аюул учруулж байна. Урьдчилсан байдлаар ямар нэгэн хэлэлцээр хийгээгүй тул Тайваний Иргэний нисэхийн товчоо гагцхүү маш богино хугацаанд төлөвлөгөө гарган Taipei FIR-р орж гарч, хил нэвтэрч буй бүхий л олон улсын агаарын тээврийг чиглүүлж уг түр зуурын аюулын бүсээс холдуулсан. Энэхүү үйл явдал нь олон улс орнуудын агаарын тээврийн компаниудын нислэгийн цаг болон шатахууны зардлыг нэмэгдүүлээд зогсохгүй нислэгийн аюулгүй байдлын үл мэдэгдэх эрсдэлийг ихээхэн нэмэгдүүлсэн. Иймд эрсдэлийн хяналт эсвэл аюулгүй байдлын хяналтын өнцгөөс авч үзвэл, ОУИНБ нь Тайваний Иргэний нисэхийн товчоог дэлхийн иргэний нисэхийн бүх нислэгийн мэдээллийн бүсийн /FIR/ нэгэн адилаар ОУИНБ-д оролцуулж, ОУИНБ-н платформоор дамжуулан харилцан холбогдож, өөрсдийн FIR-ийн мэдээллээ түгээн ОУИНБ-н мэдээллийг авах боломжийг олгох ёстой.

Тайвань нь мэргэжлийн туршлагаа хуваалцаж ОУИНБ-н нислэгийн аюулгүй байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой

Хэдийгээр дэлхий нийт 2 жил гаруй хугацаанд цар тахлын сүүдэрт нэрвэгдэж, Тайвань ч мөн адил цар тахлын цохилтонд орсон ч Taipei FIR-н нислэгийн аюулгүй байдлын түвшинг хадгалахын тулд хичээн ажиллаж байна. Мөн агаарын тээврийн төрөл бүрийн салбарууд болон засгийн газраас тусламжийн төлөвлөгөө гаргаж, онгоцны бүхээгт тээвэрлэгдэж буй тээшийг цаг тухайд нь зохицуулах гэх мэт уян хатан арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд Тайваний үндэсний агаарын тээврийн компани цар тахлын үед ажилтнуудаа цомхотголгүй, ашигтай ажиллаж байгаа цөөхөн агаарын тээврийн компаниудын нэг болсон. Олон улсын нисэх онгоцны буудлын зөвлөлийн статистик мэдээгээр Тайваний хамгийн гол олон улсын нисэх онгоцны буудал болох Тао Юан олон улсын нисэх онгоцны буудал нь олон улсын тээвэрлэлтээрээ 2020, 2021 онуудад дараалан дэлхийд дөрөвдүгээрт жагсжээ.

Технологийн тасралтгүй шинэчлэлт явагдсанаар агаарын тээвэр илүү хурдацтай хөгжиж, өөрчлөгдөж байна. Сүүлийн жилүүдэд өндрөөр үнэлэгдэж буй алсын удирдлагатай дронуудыг жишээ болгон авч үзье. Дронуудын хэрэглээ нэмэгдэж байгаатай холбогдуулан дроны аливаа зохисгүй ажиллагаа нь нислэгийн аюулгүй байдалд эрсдэл учруулж, нисэх онгоцны буудлын үйл ажиллагаанд саад учруулж байна. ОУИНБ нь холбогдох гэрээний хавсралт, удирдамж болон бусад баримт бичгүүдийг дараалан хянан засварлаж, шинэчилсэн. Тайваний Иргэний нисэхийн товчоо ОУИНБ-тай холбоотой мэдээллийг олж авах боломжгүй байсан ч маш богино хугацаанд удирдлагын тогтолцоог идэвхтэй бий болгосоор байна. Taipei FIR-н нислэгийн аюулгүй байдлыг хангах, дроны салбарын хөгжлийг харгалзан үзэж Иргэний нисэхийн тухай хуульд алсын удирдлагатай дроны тусгай бүлэг нэмж, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд “Алсын удирдлагатай дроны ажиллагааны удирдлагын мэдээллийн систем”-ийг нэгэн зэрэг байгуулсан. Нэмж дурдахад, нисэх онгоцны буудлын аюулгүй байдлыг хангах, хууль бус дроны үйл ажиллагааг илрүүлэх зорилгоор Тайваний Иргэний нисэхийн товчоо нисэх онгоцны буудлуудад дроныг илрүүлэх, урьдчилан сэргийлэх системийг дараалан байгуулжээ.

Түүнчлэн Тайваний Иргэний нисэхийн товчоо нь Тайваний агаарын тээврийн навигацын тогтолцоог хангах, Taipei FIR-н ирээдүйн ашиглалтын хэрэгцээг хангах, бүс нутаг болон дэлхийн нислэгийн үр ашгийг хамтран сайжруулах зорилгоор шинэ үеийн агаарын тээврийн навигацын  автоматжуулалтын системийг төлөвлөж эхэлсэн. Тайвань нь холбогдох туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаа бөгөөд нисэхийн аюулгүй байдлыг хамтран сайжруулах чиглэлээр бусад улс оронтой харилцан мэргэжлийн солилцоо хийх хүсэлтэй байна.

Тайваний оролцоог олон улс цаашид дэмжинэ гэдэгт найдаж байна

Тайваний ОУИНБ-д оролцох гэсэн урт хугацааны хүчин чармайлт нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд бид бүс нутгийн болон дэлхийн агаарын тээврийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. ОУИНБ-д Тайванийг элсүүлснээр дэлхийн иргэний агаарын тээврийн хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөө бусад улс орнуудтай хамтран ажиллах боломжийг бидэнд олгож байна.

Тайваний Иргэний нисэхийн товчооны дарга нь олон жилийн турш Taipei FIR-н нисэх онгоцны нислэгийн аюулгүй байдлын хамгийн өндөр стандарт, үйлчилгээний хамгийн сайн түвшнийг хичээнгүйлэн хадгалж, ОУИНБ-н стандарт, санал болгож буй арга хэмжээнүүдийг даган мөрдсөөр ирсэн. Түүнчлэн ирээдүйд ОУИНБ-н стандартад нийцэхүйц төрөл бүрийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр байх болно. “Дэлхийг дахин холбох нь” сэдвийн хүрээнд ОУИНБ-н 41 дэхь удаагийн чуулган зохион байгуулагдах бөгөөд энэ удаагийн чуулганд миний бие оролцох нь хамгийн тохиромжтой үе юм. Уг чуулганд мэргэжлийн туршлагаа хуваалцаж, олон улсын иргэний агаарын тээвэрт хувь нэмрээ оруулахын тулд мэргэжлийн түвшинд утга учиртай оролцож, ОУИНБ-н нислэгийн аюулгүй байдлын талаарх хэтийн зорилго болон дэлхийг холбох зорилгод хүрэхийг тэсэн ядан хүлээж байна.

2022 оны 9-р сарын 21

Бүгд Найрамдах Хятад Улс /Тайвань/ Зам тээврийн сайд Ван Гуо Цай

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж