“Mongolia Mining” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 11 дэх удаагийн арга хэмжээ 2022 оны есдүгээр сарын 21-23-ны өдөр Мөсөн өргөөнд зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгт Эрдэнэт үйлдвэр “Ногоон хөгжил” төслийн танилцуулгаар оролцож байгаа бөгөөд ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв байгуулагдсан нь Монгол Улсын сүүлийн 30 жилийн түүхэнд анхны томоохон инновацийн төсөл болсон. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах тус төв байгуулагдсанаар олон улсын чанар стандартад нийцсэн, үйлдвэрлэлийн түвшний орчин үеийн үрийн генофонд (gene bank) бүхий дэлхийн улс орнуудын эгнээнд Монгол Улсыг нэгтгэж байгаагаараа онцлог юм.
Ногоон хөгжил төслийн нэгж, мод үржүүлэг хариуцсан ойн инженер Э.Очирсүрэн:
-Олон улсын уурхайн үзэсгэлэнд Эрдэнэт үйлдвэр, Ногоон хөгжил төслийн танилцуулгаар оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэр дээр ногоон хөгжлийн нэгж гэж байгуулагдсан. Энэхүү төслийн үйл ажиллагаа нь ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв, хөрсний биотехнологийн “Эрдэнэт” төв, мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолбор, ногоон хөгжлийн төв гэсэн чиглэлээр байгуулагдсан. Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв нь 1000 тонн багтаамжтай модлог ургамлын үр тарьц, суулгацаар хангах, шаардлагатай иргэн, аж ахуй нэгжүүдэд түгээх зорилготой. Ингэхдээ монголдоо анхны модлог ургамлын үрийн сан бүрдүүлж байгаа юм. Мөн энэ төв нь модлог ургамлын генетик нөөцийг хадгалах, хамгаалах, модлог ургамлыг эд, эсийн аргаар үржүүлж, туршилт судалгааны ажил явуулдаг. Ингэхдээ гүн хөлдөөх аргаар ургамлын генийг удаан хугацаанд хадгалж үлдээх зорилготой. Сүүлийн жилүүдэд зарим ургамал ховордох болсон. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн модны генийг авч үлдэж байгаа юм.
Хөрс биотехнологи төв нь мод тус бүрд тохирсон хөрсний ашигт микориз үржүүлэх, үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулна. Мөн хөрсний субстрат буюу хиймэл хөрс үйлдвэрлэж эхэлнэ. Органик хог хаягдлаар бордоо үйлдвэрлэж, чийгийн улаан хорхойгоор бордооны чанарыг нэмэгдүүлэхээр ажиллах юм.
Булган аймгийн Сэлэнгэ сумын газар нутагт 100 га талбайд мод үржүүлгийн газар байгуулагдана. Үүнийг Швед технологи, уламжлалт технологи хослуулсан маш том хэмжээний бүтээн байгуулалт болно. 100 га талбайн 10 га газарт Шведийн автомат хүлэмж байгуулагдана. Ингэхдээ нэг сая модыг нэг жилийн хугацаанд тарьж ургуулна. Үүнд нэг хүн ажиллах хэмжээний автомат технологи суурилуулах юм. Тэгэхээр 12 сая модыг нэг жилийн дотор тарьж ургуулахад 12 хүн л ажиллана гэсэн үг.
Энэхүү том мод үржүүлгийн газар дээр цөөрөм байх болно. Цөөрөмд загас үржүүлэг хийх бөгөөд цөөрмийн усыг байгууламжийн усалгаанд ашиглана. Дээрээс нь зөгийн аж ахуй нь ургамлын тоосыг хүртээх маш чухал үүрэгтэй учраас мод үржүүлгийн газарт зөгийн аж ахуйг бий болгоно. Мод үржүүлгийн Эрдэнэт цогцолбор нь мод үржүүлэг, ойн болон агро аж ахуйн жишиг загвар болохын зэрэгцээ хүнс, хөдөө аж ахуйн салбарын сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн төв, цаашлаад аялал жуулчлал, танин мэдэхүйн цогцолбор болж өргөжин хөгжих юм.
Эрдэнэт үйлдвэр маань энэхүү ажлыг хийж бүтээхийн тулд цаг хугацааны хувьд давчуу байлаа. Хамгийн анхны мод тарилтын ажил зургадугаар сарын 4-нд эхэлж байсан. Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах үйлдвэрийн харьяа, хаягдлын аж ахуйн хэсэг гэсэн газарт 46,7 га талбайд тарилт, нөхөн сэргээх ажил хийж байна. Ингэхдээ найман км зурвас газарт хайлаас модыг үрээр тарьж, анхны дээж үр болох 600 кг үрээс 141 кг үрийг бүрэн тарьж ургуулжээ.
Эрдэнэт үйлдвэрийн техникийн хэлтсийн дарга Б.Мөнхнасан:
-Эрдэнэт үйлдвэр нь жил ирэх тусам улсын төсөвт оруулж буй орлого өсөж байна. Энэ жилийн хувьд 1,1 их наяд төгрөгийн төсөв бүрдүүлсэн. Бид үндсэн үйлдвэрлэлийнхээ тоног, төхөөрөмжийг шинэчлэх ажил дуусаж байна. Баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамыг буюу зургаан сая тонн хүдрийг боловсруулах ажил амжилттай болсон. Мөн Хан баяжмал буюу тавдугаар секцийг шинэчлэн 12 сая тонн зэсийн баяжмал боловсруулах төлөвлөгөөг өөрчиллөө. Эрдэнэт үйлдвэрийн төдийгүй Эрдэнэт хотын цэвэр усны хангамжийг хангав. Ингэхдээ Сэлэнгэ мөрний ай саваас буюу 60 км-ийн зайнаас усны шугам шинээр татаж холбосон.
Хүдрийн ил уурхай жил ирэх тусам гүнзгийр ч байна. Энэ нь уулын тээвэрлэлтийн зардал өсөж байна гэсэн үг. Үүнээс үүдэж хүдэр, зэсийн агуулга буурч, хүдрийн хатуулаг муудаж байна. Эдгээрт бид арга хэмжээ аван ажиллаж байгаа.
Дэлхийн зэс үйлдвэрлэлийн бодлогыг дэмжин, тэдгээр бодлоготой хөл нийлүүлэн ажиллах чигийг эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд гаргаж байна. Дэлхийд зэсийн ашигт малтмал нэлээн өндөр байр суурь эзэлдэг. Учир нь зэс дэлхийн чиг хандлагыг ногоон хөгжил рүү чиглүүлж байна. Энэ нь зэсээр нүүрсхүчлийн хийг багасгаж, цахилгаан машин үйлдвэрлэж байгаа нь дэлхийн нийт хүн амын хэрэгцээнд зэс өндөр хувийг эзэлж байгааг харуулж байгаа юм. Тиймээс Эрдэнэт үйлдвэр нь зэсийн баяжмал гаргаад зогсохгүй зэсийн эцсийн бүтээгдэхүүн гаргахаар зорьж байна. Энэ зорилгын хүрээнд аж үйлдвэрийн парк, зэс хайлуулах үйлдвэр гэх мэт үйлдвэрүүд барихаар төлөвлөн дэд бүтцийг шийдсэн. Энэхүү парк нь Ойн генетик нөөцийн төв, хөрс ба бордоо боловсруулах биотехнологийн үйлдвэр, автомат мод үржүүлгийн цогцолбор зэрэг гурван үндсэн бүтцээс бүрдэх бөгөөд 2023 онд бүрэн ашиглалтад орно.
Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэн:
Засвар механикийн завод нь Монгол Улсын металл боловсруулах, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Жилдээ 6000 тонн цутгамал бүтээгдэхүүн, 2500 орчим тонн механик боловсруулалт хийдэг. Мөн 130 гаруй тонн резинэн эдлэлүүд үйлдвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг харвал Монгол Улсад ажиллаж байгаа металл боловсруулах үйлдвэрүүдээс хамгийн том гэж хэлж болохоор байна. Учир нь бид Монголын уул, уурхайн салбарт ашиглагдаж байгаа эд, ангиудыг хийдэг. Мөн Эрдэнэт үйлдвэрийн дотоодын хэрэгцээний дийлэнх хувийг хангаж байна. Цаашдаа өргөтгөл, шинэчлэл хийн Эрдэнэт үйлдвэрийн хэрэгцээг 100 хувь хангах түвшинд хүрнэ. Түүнчлэн Монгол Улсынхаа зах зээлд бүтээгдэхүүн борлуулах болно.
Засвар механикийн завод нь бутлуурын конусан болон хацарт хуяг, экскаватор, бульдозер, автогрейдерийн шүд, буйл гэх мэт 20-оод нэр төрлийн шахуурга, резинэн эдлэлүүд, металл хийц болон стандартын бус тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон нэгдэж 100 сая мод тарьж ургуулахаар болсон. ШУА нь эрдэмтэн судлаачдыг зохион байгуулалтаар хангаж уг ажлын шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж, хамтран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн хамтын ажиллагаанд тулгуурлан “Ойн инновацын Эрдэнэт парк”-ыг бүтээн байгуулж байна. Ойн инновацын Эрдэнэт парк байгуулагдсанаар экологи, эдийн засгийн үр ашигтай мод тарих, ойн аж ахуй хөгжүүлэх, холбогдох бусад салбар аж ахуйг тухайлбал, загас, зөгийн аж ахуйг хөгжүүлэх, ойн зурвас үүсгэж газар тариалангийн үр шимийг нэмэгдүүлэх, шинээр ашигт ургамлын тариалалт эрхлэх зэргээр кластер бүтцийг бий болгосноор монгол улсын хүнс, хүнсний нэмэлт, гоо сайхан, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын хөгжилд түлхэц үзүүлж, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах болно.
Б.Ундрам
Холбоотой мэдээ