2021 оны жилийн эцсийн байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд нийтдээ 18 их наядын өр төлбөртэй, “Эрдэнэс Монгол” нэгдэл 5.4 их наяд, Төрийн банк 3.4 их наяд, Хөгжлийн банк гурван их наяд, "Монголын төмөр зам" 1.5 их наяд, “Эрдэнэт” үйлдвэр 990 тэрбум, Улаанбаатар төмөр зам 540 тэрбумын өртэй байгааг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын чуулганы хуралдаан дээр танилцуулж байлаа.
Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниуд Монгол Улсын жилийн төсөвтэй тэнцэхүйц өртэй байна гэсэн үг.
Өнгөрсөн хаваржин нийгмийг хамарсан нэг том дуулиан болгосон Хөгжлийн банкны чанаргүй зээлийн дийлэнх нь мөн л төрийн өмчит компаниудынх байв. Тус банкнаас төрийн өмчит компаниудын авсан чанаргүй 720 тэрбум зээлийг үнэндээ дарга биш татвар төлөгчид төлж барагдуулах нь ойлгомжтой. Одоогоор төрийн өмчит компаниуд авсан өр зээлээ төлж барагдуулж байгаа гэх албан мэдээлэл алга. Хувийн компаниудыг хууль, шүүхээр айлгаж ичээж байгаад өрийг нь барагдуулж, хөрөнгийг нь хураачихаж чадаж байна. Харамсалтай нь, хурааж, булааж авсан өмч нь эхнээсээ дампуурч, эзэнгүй “балгас” болж байна. Энэ бол төр менежер биш болохын нэг тод жишээ.
Нэг.
“Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийг төрд авах Засгийн газрын шийдвэрийг Ц.Нямдорж танилцуулж, ЗГХЭГ-ын дарга Б.Цэнгэл цэрэг цагдаагийн хамт очиж, үүд хаалгыг нь битүүмжилж байсан нь хэдхэн сарын өмнөх явдал. Даргаар нь Л.Наранбаатарыг томилж, өнөөх нь өдөр шөнөгүй /бараг л баасан шээснээ бичих нь холгүй байв/ сошиалд пиардаад байсан, атал өнөөх үйлдвэр нь өдгөө тэг зогсолт хийгээд удаж байна. Цементний үнийг бууруулах нь бүү хэл үйлдвэр ч үгүй болчихлоо. Үүнээс болоод цемент ховордож, үнэ нь өсч, арга ядахдаа импортын цементийн гаалийн татварыг тэглэх хүртлээ “уруудах” вэ дээ.
Импортны цементийн гаалийг тэглэнэ гэдэг үндсэндээ үндэсний үйлдвэрээ өөрсдийн гараар боомилж байгаатай ялгаагүй шийдвэр. Бүр цаашилбал эдийн засгаа хорлож буйтай ялгаагүй. Ажлын байрыг хумихаас гадна гадагшлах валютын урсгалыг тэтгэнэ.
Улс төрийг популизмаар хийж болох ч эдийн засагт энтертайнмент хэрэггүй, гай болдгийг өнөөдөр улсаараа хараад, мэдрээд сууж байна. Ц.Нямдоржийн хэлсэн шиг “Хөтөлийн цемент шохой” эзэнгүй үйлдвэр биш байжээ гэдгийг. Харамсалтай нь, төрд авснаараа жинхэнэ эзэнгүй үйлдвэр болов.
Хоёр.
ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ “МАК" компани цементийн үнээ нэмсэнд зөрчлийн хэрэг нээн шалгаж буйг дурдаад
“Цементийн түүхий эдүүдийг дотоодын зах зээлээс нийлүүлдэг тул валютын ханшны өсөлт нөлөөлөхгүй. Шатахууны үнэ тогтвортой байна, дизел түлшний үнэ литр тутамд 450 төгрөгөөр буурсан. Эндээс харахад үнэ нэмэх шалтгаан харагдахгүй байна” гэжээ. ШӨХТГ-ын дарга “шүүгч” биш. Тэр тусмаа үнэ тогтоодог дарга бүр ч биш.
Монгол Улс чөлөөт зах зээлийн эдийн засагтай.
Энэ нь төрөөс үнэ тогтоодоггүй гэсэн үг. Үнийг эрэлт, нийлүүлэлт нь тогтоодог. Бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, хомсдол үүсвэл үнэ өсч таарна. Үүнийг захын чавганц ч ойлгоно. Харамсалтай нь, С.Мөнхчулууны энэ үйлдэл эсрэгээрэ цементийн үнийг улам л өсгөнө. Өөрөөр хэлбэл, популистуудын үг, үйлдлийн гол хохирогчид нь эцсийн хэрэглэгчид. Товчхондоо иргэд гэсэн үг. “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” дампуурснаар Д.Эрдэнэбилэг хохирохгүй, иргэд л хохирч байгаа биз дээ.
Гурав.
Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэгүйдлийг арилгах, нэмүү өртөг шингээсэн, импортыг орлох. экспортыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэх, олон улсад өрсөлдөхүйц аж үйлдвэрийн цогцолборыг бий болгож, Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх зорилгоор “Дархан арьс ширний цогцолбор”-ыг байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл хэрэгжсэнээр Монгол Улс жилдээ 10 сая ширхэг арьс шир боловсруулж, 10 мянган тонн ноос, ноолуур угаах самнах хүчин чадал бүхий үйлдвэрүүдтэй болно. Энэхүү арьс ширний цогцолбор байгуулснаар 2300 шууд ажлын байр, шууд бусаар 7500 орчим иргэн байнгын ажлын байраар хангагдах аж. Атал “Дарханы арьс ширний цогцолбор” төслийн ажил зогсчээ. Буруутан нь мөн л төрийнхөн. “Дарханы арьс ширний цогцолбор”-ын дэргэд яг ижилхэн нэртэй, яг ижил зорилготой “Дарханы арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” нэртэй ТӨХК-ийг байгуулсан байна. Өмнөх төрийн өмчит компаниуд нь өр зээлдээ баригдаж, үүд хаалгаа барьж байхад өөр нэгэн төрийн өмчит компани байгуулах ямар ч шаардлага байгаа юм. Тэгээд ч төр хүрз барьж нүүрс ухаж, банкны диллер хийж, ачаа тээвэрлэж, ноос, ноолуур угаах, цемент үйлдвэрлэх шаардлагагүй. Хувийн хэвшлийн хийж чадах ажлыг төр булааж авснаараа ямар үр дүнд хүрдгийн тод жишээ өнөөдрийн “ Хөтөл цемент шохойн үйлдвэр”-ийн бодит байдал. Үнэндээ ахиад нэг дампуу төсөл болж хувирахыг үгүйсгэхгүй. Үүний ард мэдээж, хэн нэгэн даргын эрх ашиг бий байх. Гэвчиг популистууд хэзээ ч баялаг бүтээдэггүй юм!
Холбоотой мэдээ