Уйтай намрын гундуухан өдрийг Улаанбаатар хотын замаар алхах үрсийн дуу нойрноос сэргээнэ. Жил бүрийн энэ л амралтын өдөр ажлын эрчим, автомашины дуунаас нийслэлчүүд ангижирч амьдралдаа амсхийх мэт эрх чөлөөг мэдрэнэ. Хөтлөлцөн алхах залуучууд, хөгжмийн эгшинд бүжиглэх охидууд хөөцөлдөн гүйх багачуудыг хараад “Бидний хот мөн үү” хэмээн эгээтэй л алмайрч орхих мэт.
Зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл хүний цуваа өчигдөр тасарсангүй.
Өөр өөрсдийн үзэл бодол үнэт зүйлээ өвөртлөн өнгөөр солонгорон бүлээн салхинд тэд алхана. Яг энэ цагт түгжрэл, түүхий мах, төмсний ногооны хэрүүлээс түрхэн зуур ангижрах мэт. Алгуур хөдлөн аажмаар урагшилна. Энэ цагийн өдийд машины чигнаалдах дуу энэ тэндгүй сонсогдож эвгүй хараалын үгс хайр найргүй хөвөрдөгсөн. Гэвч энэ удаа хайр гэрэлтсэн харц, халуун дулаан үгс , хөтөлцөн алхах залуус бүрхжээ. Бүтэн сайн гэхээр бүтээгүй ажлуудаа эмхлүүлэхээ тэд түр азнаж, хүүхдийн тэрэг, дугуй, скүүтерийн үзэсгэлэнг дэлгэсэн мэт ээ. Сансарын тунелээр уруудан өгсөх залуучууд утсаа ухан давшингүй алхдаг ч одоо инээмсэглэн өөр хоорондоо яриа өдөн өгсөж бас уруудна.
Утсаар ярих нэгэн залууг сонсвол: Хоёр бага сэрсэн үү. Та хэд юу хийж байна. Гадаа сайхан дулаан байна.Сэрэнгүүт нь хоолыг нь өгчихөөд гялс хувцаслаарай. Би энүүхэнд гэрийн ойролцоо хүлээж байя. Өнөөдөр л хотын гудмаар гэр бүлтэйгээ алхахад дэндүү тохирох өдөр байна гэлээ.
Тэр залуугаас зайдуухан анх удаа дугуй унаж сурч байгаа бололтой бяцхан жаал үрүүлээ хаа хамаагүй мушгин хазайх авч, аав нь ихэд идэвхи чармайлт гарган урагшлах замыг нь зөв чиглүүлнэ. Ааваа би мундаг байна уу гэж инээх нь өхөөрдөм бас хайр татам юм. Хөөх миний залуу ёстой мундаг байна. Удахгүй ганцаараа явж сурах нь байна шүүдээ гэв. Гэтэл түүний хүү түр зогсож хэрвээ манай байрны гадаа ийм урт зам шиг чөлөөтэй явдаг бол гоё оо гэв. Магадгүй ганцхан өдөр хүүхдийн нар гарч, бусад үед дугуйгаа хураасан газар луу гунигтай харц унгадаг биз. Үнэндээ Монгол Улс дугуйн зам талбай гэхээр зүйл нүдний цөцгий шиг ховор.
Залуус тик ток, инстаграмм, фэйсбүүк хуудсаа чимэхээр ихэд чармайз байгаа бололтой. Эргээрэй, инээмсэглээрэй гэнэ. Дуу бүжиг хөгжилтэй бичлэг хөгжмийн аянд тэд өөрсдийгөө илэрхийлнэ. Энэ үйл ажиллагаанд зориулж нийтийн тээврийн 39 чиглэлийн 324 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт оруулжээ. Улаанбаатар хотын амралтын жаргал нэгхэн өдрийн настай гэхээр харамсмаар…