Засгийн газрын хуралдаанаар импортын цементийн татварыг он дуустал тэглэх шийдвэр гаргасан. Гэлээ ч эрэлт ихтэй, эдийн засаг хүндэрсэн энэ үед зах зээл дээрх нийлүүлэлт муу хэвээр байгаагаас цементийн тонн тутмын үнэ дахин өссөн байна. Үйлдвэрлэл хөгжөөгүй Монгол Улсын хувьд барилгын салбар, зам дэд бүтцийг дэмжиж, нэмэх хамгаас чухал. Харамсалтай нь цар тахлаас шалтгаалж сүүлийн хоёр жилийн хугацаанд дээрх салбаруудын бүтээн байгуулалтын гол түүхий эд болох цементийн нийлүүлэлтэд тасалдал үүссэн. Угтаа хэвийн нөхцөлд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах чадвартай үндэсний томоохон үйлдвэрүүд бий. Гэвч Covid-19-өөс шалтгаалж царцаад байсан салбаруудын бүтээн байгуулалт эргэн сэргэхэд эрэлт хэрэгцээ нэмэгдсэн. Ингэснээр үндэсний үйлдвэрүүд дотоод хүчин чадлаар бүрэн ажилласан ч эрэлтийг хангаж чадахгүй байгаа юм. Тиймээс улирлын чанартай бүтээн ажлын явцыг эрчимжүүлэхийн тулд Засгийн газар шийдвэр гаргасан. Хэдийгээр Засгийн газраас импортын цементэд ногдуулах татварыг чөлөөлснөөр дотоодын болон импортын цементийн эрэлт хоёр дахин нэмэгдэж, үүнийг дагаад үнэ өсчээ.
Тухайлбал, импортын болон дотоодын задгай, шуудайтай цемент буудаг гол зах болох гурвалжингийн гүүрний “44 барилгын зах”-д сүүлийн сар өдөр бүр тогтмол 3-8 вагон цемент ирж байгаа аж. Энэ нийлүүлэлт одоогоор нэмэгдээгүй байна. Харин үнийн хувьд Хятад цемент тонн нь 350-400 мянган төгрөгийн үнэтэй байсан бол өнгөрсөн долоо хоногоос 550-650 мянган төгрөг болж өсчээ.
Мөн дотоодын зарим үйлдвэрүүд цементийн тонн тутмын үнийг 600 мянган төгрөг болгох тухай мэдэгдсэн байна.
Импортын цементийн татан авалтын татварыг чөлөөлсөнтэй холбоотойгоор цемент оруулж ирэх сонирхолтой иргэд их байгаа ч вагоны тээврийн хувьд урьдын адил хэвийн үргэлжлэх боломжгүй. Тиймээс импортлогч орноос нийлүүлэлтийг бүрэн хангах боломжтой ч цар тахлын дэглэмээс шалтгаалж зохих шаардлагын дагуу тээвэрлэлтийг үргэлжлүүлж байгаа аж. Иймд эрэлт хөөрөгдөж, хомсдол, түүнийг дагасан үнийн өсөлт үүсээд байна.
ВАГОНООС БУУХ НИЙТ ТОНН ЦЕМЕНТ БҮГД УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГАТАЙ
Иргэд хувийн барилга, орон сууц барихад шаардлагатай цементийг дотоодын үйлдвэрүүдээс авах боломжгүй үед вагоноос буух даруйд нь авахаар зорьж очих нь ихэсчээ. Гэвч өдөрт буух олон тонн цементийг аж ахуй нэгж, худалдаа эрхлэгчид оочер бичүүлж, захиалсан байдаг аж. Тэгэхлээр вагоноос зөвхөн захиалгатай цемент бууж байгаа юм. Энэ нь зах зээл дээр үүссэн эрэлтийг багасгаж чадахгүй байгааг худалдан авагчид хэлж байлаа. Мөн дулааны улирал дуусахаас өмнө барилгын ажлаа дуусгах хүсэлтэй иргэд дамлаж зарж байгаа худалдаачдаас хэлсэн үнээр нь цемент авахаас өөр сонголтгүй байгааг хэлэв.
Үүнтэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас өнгөрсөн Баасан гаригт /2022.09.23/ хяналт шалгалтыг эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.
Ямартай ч үнэ нэмсэн үндэсний үйлдвэрүүдэд хариуцлага тооцох эсэхийг тогтоох аж. Харин импортын цементийн үнэд хяналт тавих талаар ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй. Иргэдийн зүгээс үндэслэлгүй үнэ нэмсэн үйлдвэрлэгчдээс гадна дур мэдэн зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэж буй худалдаа эрхлэгчдэд хариуцлага тооцохыг хүсч байна. Энэ талаар санал хүсэлтээ ч ШӨХТГ-т хүргүүлнэ гэсэн юм.
Монголын цементийн бизнес эрхлэгчдийн холбооноос тодруулахад эрэлт, нийлүүлэлтийг хангахад тус байгууллага зөвхөн хяналт тавьж ажилладаг бөгөөд үнэ өссөн, нийлүүлэлт бага байгаад хариуцлага тооцох боломжгүй гэх хариулт өгөв. Мөн зарим үйлдвэрүүд цементийн тонн тутмын үнээ хоёр дахин өсгөх санал мэдэгдэл гаргасан нь үнэ гэлээ. Тэгвэл импортын цементийн татварыг тэглэсэн ч одоогоос зах зээлийг хангаж чадаагүй хэвээр байна.
ЦЕМЕНТИЙН ҮНИЙН ӨСӨЛТӨД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТ ОГТ ХАМААГҮЙ
Чингэлэг тээвэрлэлтээс хамаарч цементийн үнэ нэмэгдсэн гэх мэдээллийг УБТЗ-ын удирдах газраас үгүйсгэлээ. Учир нь тоохон үйлдвэрүүд ачааны захиалаа өгч чингэлгээ захиалдаг аж.
“УБТЗ” ХНН-ийн Тээвэр хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан:
-Цементийн тээврийг гурван өртөөнөөс ачиж, хотын хоёр өртөөнд буулгадаг. МАК, Хөтөл, Монцемент өдөр бүр бидэнд галт тэрэгний захиалга өгдөг юм. Тээврээс шалтгаалан цемент тасарсан, үнэ өссөн зүйл байхгүй. Бид захиалсан тоогоор 24 цагийн турш галт тэргээр ханган, шуурхай хүргэдэг.
Цементийн зарим үйлдвэр уутгүй болсон, тоног төхөөрөмж эвдэрсэн удаатай.
Мөн салбар замуудын галт тэрэг хүлээн авах хүчин чадал өөр өөр байдаг юм. Жишээ нь 40 вагоноор цемент авчирлаа гэхэд дөрвөн вагоны салбар зам дээр зогсвол арван удаа сэлгэлт хийнэ гэсэн үг. ЗТХЯ-наас вагон эргэлт удааширсан асуудлыг харгалзаж, цаашид холбогдох зохицуулалтыг хийх байх.