“ҮДИЙН ХООЛ” хүүхдүүдийн зөвхөн ходоодыг л дүүргэдэг!

Хуучирсан мэдээ: 2022.09.26-нд нийтлэгдсэн

“ҮДИЙН ХООЛ” хүүхдүүдийн зөвхөн ходоодыг л дүүргэдэг!

“ҮДИЙН ХООЛ” хүүхдүүдийн зөвхөн ходоодыг л дүүргэдэг!

“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон УИХ-аас хуульчилж, хэрэгжүүлээд жил гаруй хугацаа өнгөрчээ. Хууль санаачлагчдын зүгээс хөтөлбөрийн гол зорилгоо хүүхэд сургуулийн орчинд шим тэжээлтэй, халуун хоол идэх нь эрүүл мэндэд нь ач холбогдолтой гэж тайлбарлаж байлаа.  “Үдийн цай” хөтөлбөрт нэг хүүхдийн зардлыг  900 төгрөгөөр тооцож байсан бол  1500 төгрөгөөр “Үдийн хоол” өгөх болсон. Харин өнөөдрийн байдлаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ “тэнгэрт хадсанаар” 1500 төгрөгөөр халуун хоол байтугай, аяга халуун цай авахад хүрэлцэхгүй шахуу  болжээ. Эцэг эхчүүдийн зүгээс нэг бол үдийн хоолны мөнгийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах үгүй бол бүр мөсөн болиулахыг шүүмжлэл хэлэх болсон.


Харин Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн мэдээлснээр “Нийслэлд 270 орчим сургууль байдгаас 70 хувь нь түрээсийн гал тогоотой байна. Үдийн хоолны 1500 төгрөгийн тал хувь нь түрээсийн гал тогоотой нөхдийн “халаасанд” ордог. Эцэг эхчүүдийн дунд хоолны чанартай холбоотой гарч буй гомдлыг үндэслэлтэй гэж харж байна. Нэгэнт хуулиараа сургууль түрээсийн гал тогоо ажиллуулахыг хориглосон. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр яам, байнгын хороо хамтарч ажиллах хэрэгтэй. Хоол үйлдвэрийн тухай хуулийг хангаж, хоол зүйчдийн цалингийн асуудлыг улсын төсөвт шийдвэрлэсэн” гэж мэдэгдэж байв.  Энэ хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 400 мянган хүүхдэд “Үдийн хоол” өгөхөөр  тооцож байна.

Үдийн хоол хөтөлбөрийн зардалд:

  • 2022 онд 174 тэрбум,
  • 2023 онд 240 тэрбум зарцуулах тооцоо бий.

2023 оноос эхлэн 1-12 дугаар ангийн бүх сурагч “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдах юм. Иймээс гал тогоогүй 488 сургуулийг тоног төхөөрөмжөөр хангахад 22.4 тэрбум, 235 сургуульд засвар хийхэд 17.9 тэрбум, 11 сургуульд хоолны барихад 6.6 тэрбум төгрөг, 23 сургуульд өргөтгөл барихад 2.5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм.

Иймээс “Үдийн хоол” хөтөлбөр чанартай хэрэгжиж байгаа эсэхийг  NEWS агентлаг НЭГ СЭДЭВ НАЙМАН ЭХ СУРВАЛЖ буландаа онцолж байна.

ЭХ СУРВАЛЖ 1

СУРГУУЛИЙН ТОГООЧ НАР 500-600 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ
Нийслэлийн 14-р сургуулийн захирал Э.ГУНГААЖАВ:
Сурагчдын үдийн хоол сурв (3 of 11)

-Манай сургууль “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч анхны сургууль болсон. НҮБ-ын Хүүхдийн сан, БШУЯ, ШУТИС, ЭМШҮИС гэсэн таван байгууллагын хамтарсан төслөөр манайд хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн хоол зүйч, эрүүл ахуйч нартай хамтарч ажиладаг. Тиймээс хүүхдийн өдөрт авах ёстой илчлэг, шим тэжээл калори, стандарт нормыг баримталдаг. Хоёрдугаарт, урьд нь түрээсийн гал тогоотой байхад 1500 төгрөгийн 600 төгрөгийг нь түрээслэгчдэд өгдөг байсан. Үлдсэн 900 төгрөгөөр нь хүүхдэд хоол өгдөг байлаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд 1500 төгрөгт тохирсон илчлэг, нормоо авдаг давуу талтай. Хоолыг өдөр бүр эрүүл ахуйч нар нийлүүлж, гарч буй хоолны дээжийг зориулалтын саванд хадгалдаг. Угааж арчих бодис нь хүртэл иргэдийн ахуйн хэрэглээний бодисоос шал ондоо байдаг. Гурван дамжлагаар ариутгасан хоолны саванд хүүхдүүдээ хоол өгдөг. “Үдийн хоол” бол Засгийн газрын томоохон хөтөлбөрийн нэг. Эцэг эхчүүд хүүхдүүд ам сайтай байдаг. Хүүхдүүдийн хамарнаас нь хөлс бурзайж баярлаад иддэг. Ийм анхны сургууль болсондоо манай хамт олон баяртай байдаг.

Мэдээж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн ч гэсэн мэргэжлийн хоол зүйч технологиор хийж буй учраас үнийн өсөлт одоохондоо мэдрэгдээгүй байгаа. Үнэ өссөнөөс болоод одоогоор дутуу шим тэжээл авсан зүйл байхгүй. Гэхдээ цаашдаа яахыг мэдэхгүй байна.

Анхаарах асуудал бол сургууль, цэцэрлэгийн тогооч нарын цалин маш бага байна. Үүнийг Засгийн газрын түвшинд авч үзэн цалингийн шатлалыг нэмэхгүй бол сургууль цэцэрлэгийн цайны газар үйлчлэгч, тогооч олдохоо байсан. Манай тогооч нарын цалин 500-600 мянга байдаг. Уртасгасан цагаар ажилладаг учраас үүнийг яаралтай шийдмээр байх юм.

ЭХ СУРВАЛЖ 2

ХҮҮХДЭД ШИМ ТЭЖЭЭЛТЭЙ ХООЛ ӨГЬЕ ГЭВЭЛ 1500 ТӨГРӨГ БАГАДАНА
Нийслэлийн 14-р сургуулийн Хоол зүйч, эрүүл ахуйч Б.БУЛГАН:
Сурагчдын үдийн хоол сурв (4 of 11)

-Өнгөрсөн жил нэг, хоёрдугаар хоол уух юмтай өгөхөд төсөв хүрэлцдэг байсан бол энэ жилээс юмны үнэ өссөн. Тиймээс нэг, хоёрдугаар хоолны аль нэгийг уух юмтай өгч байна. Өдөрт авах ёстой хоолны илчлэг буюу 615 калоридоо хүрдэггүй. 400 ккл-д  арай гэж хүргэж байна. Манай сургууль хоолондоо нарийн ногоо түлхүү хэрэглэдэг. Хоолны чанарын хувьд манайх гал тогоотой жишиг сургууль учраас сайн. Шим тэжээлдээ хүргэе гэвэл 1500 төгрөгөөс нэмэх хэрэгтэй байх. Өөрөөр хэлбэл, 2000-2500 төгрөг байвал бүх нарийн ногоогоо оруулаад хоолны илчлэгтэй хангалттай хүрнэ. Өдөртөө “school police” хийж байгаа эцэг эхчүүдээр хоолны амталгаа хийлгэдэг. 

ЭХ СУРВАЛЖ 3

ГЭР ХОРООЛЛЫН ХҮҮХДҮҮД “ҮДИЙН ХООЛ” ИДЭХ ГЭЖ ХИЧЭЭЛДЭЭ ТАСЛАЛГҮЙ ИРДЭГ
“Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн хоол зүйч А.ЯНЖМАА:
Сурагчдын үдийн хоол сурв (8 of 11)

-Энэ оны хичээлийн жилд 2100 хүүхэд “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна. Манайх гурван байртай, тусдаа гал тогоотой. 1500 төгрөгтөө тааруулаад таван өдрийн хоёр өдөрт нь нэг, хоёрдугаар хоол, бусад өдөртөө нэгдүгээр хоол өгч байна. 1-5 дугаар ангийн хүүхдийн өдөрт авах ёстой илчлэг нь 1800-1900 ккл. Түүний 600 ккл-ийг "Үдийн хоол"-ноос авахаар хуульчилсан. Харамсалтай нь, "Үдийн хоол"-нд өгч байгаа хоол 600 ккл-даа хүрч чадахгүй байгаа. Яагаад гэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч байна. Брокли гэхэд гадуур 8-9 мянган төгрөг байна. Ногоо, жимсийг илүү өгье гэхээр үнэтэй болчихдог учраас авч чаддаггүй. Тиймээс жимсийг аньсны шүүс, чацаргана гэх мэт уух юмаар хангачихдаг. Илчлэгийг хангахын тулд хоолны мөнгийг нэмэх шаардлагатай. Үнэндээ1500 төгрөгт ганц пирошки юм уу мантуун бууз ч авч чадахгүй шүү дээ. 

Хичээл дээрээ халуун хоол идэж байвал хүүхдийн эрүүл мэндэд тустай. Мөн гал тогооны ажилчдын цалинг нэмээд, төсөв мөнгийг батлах хэрэгтэй. Гэр хороолол дунд байдаг учраас хүүхдүүд  сургуульдаа хоол идэхийн тулд хичээлээ таслахгүй ирж байгааг багш нар хэлдэг.

Хүмүүс гэр хорооллын нөхцөл байдал ямар байгааг мэддэггүй. Ирц нэмэгдэж байна гэдэг чинь хүүхэд тэр хэмжээгээр сурах хүсэл эрмэлзэл нь нэмэгдэж байна гэсэн үг.

ЭХ СУРВАЛЖ 4

“ҮДИЙН ХООЛ”-ЫГ ЭЦЭГ, ЭХЭД НЬ ДААТГАСАН НЬ ДЭЭР
Мэргэжлийн тогооч, “FIVE UP” рестораны захирал Д.БУЯН:
хоол зүйч five star 1 сэдэв 8 эх сурв (1 of 2)

-“Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Гэтэл нэг хүүхдийн төсөв болох 1500 төгрөгөөр хүүхэд өөрт тохирсон шим тэжээлийг авч чадахгүй байгааг эцэг, эх багш нар хэлж байна. Үүнийг яаж өөрчлөх ёстой вэ?

-Юуны өмнө тухайн бүтээгдэхүүн эрүүл байх шаардлагатай. Эрүүл орчинд боловсруулсан, эрүүл мэндийн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг сонгох ёстой. Тухайн бүтээгдэхүүнийг зөв хадгалж, боловсруулсан байх ёстой. Мөнгөн дүндээ гол нь биш. Хадгалалт буруу байвал хүнд хэрэгтэй элемент алдагдаж эхэлнэ. Боловсруулалт буруу байвал мөн л хүнд хэрэгтэй элемент алдагдана. Өөрөөр хэлбэл, тавган дээр хоосон энерги ирнэ гэсэн үг. Тэр дотор ямар ч шим тэжээл байхгүй гэж ойлгох хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүнийг 4-6 хэмд хадгалж байна уу, боловсруулах бүтээгдэхүүн дээр хэт удаан усанд угаахгүй зэрэг, боловсруулах процесст хэт болгохоос шалтгаалж шим тэжээлгүй хоосон энерги болно.

Хоосон энерги гэдэг нь зүгээр л идсэн болоод, цатгах мэдрэмж авч байгаа гэсэн үг юм.

Анхнаасаа бид тухайн бүтээгдэхүүний орц найрлагыг харах ёстой. Мөн бидний хэрэглэж буй бүтээгдэхүүн улирлын чанартай байх ёстой. Намар гарсан ногоог өвөлжингөө хөлдөөж идэх нь буруу байхгүй юу. Бид сүүлийн 30 жил хөлдүү мах идлээ. Үр дүн нь нийт хүн амын 62 хувь нь эрүүл бус гэсэн статистик гарсан. Үүнээс гадна 10 хүн тутмын зургаа нь хеликобактер, айл бүрт ходоод элэгний өвчлөлтэй зэрэг хорт хавдраар Монгол Улс тэргүүн эгнээнд жагсч байна. Асуудлыг харахад хүссэн хүсээгүй хүнстэй холбогдож байна. Бид үйлдвэрлэгч улс биш учраас үйлдвэрлэгч болохын тулд бүх бүтээгдэхүүнээ улирлын чанартай гаргаж сурах хэрэгтэй. Эсвэл улирлын чанартай гарч буй зүйлийг улиралд нь идэж, шим тэжээлээ авах хэрэгтэй байна. Дээрээс нь бид мэдлэггүйн учраас гэрийн нөхцөлд зөв хадгалж чаддаггүй. Мөнгөн дүн ярихаас өмнө зөв хадгалсан, зөв боловсруулсан бүтээгдэхүүн өгөх ёстой. Хоолны цэс улирлын чанартай байх ёстой. Есдүгээр сард өгсөн гурилтай шөлөө хүүхдэд хичээл амартал өгч болохгүй. Улирал бүр өөрийн онцлогтой. Өвөл болохоор бие организм өөрийгөө бэлдэнэ. Яг тухайн цаг үед тааруулсан хоолыг идэх ёстой. Хүүхэд ч мөн ялгаагүй.

-“Үдийн хоол” хөтөлбөрийг сайжруулах тал дээр та юуг зөвлөх вэ?

-Мэргэжлийн хүмүүстэй нь хамтраад мэргэжлийн гал тогоотой болж, цэцэрлэг, сургуулийн хоолны тогоочийг тусад нь бэлтгэх ёстой. Тухайн цэсийг зохиохдоо мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах ёстой. Бидний хувьд нэн чухал зүйл нь хүүхдэд хоосон энерги өгөх юм бол түүнийгээ больчих хэрэгтэй.

Хүүхдэд хоосон энерги өгөх шаардлагагүй. Шал дэмий зардал гарна. Тэгж байхаар аав ээжид нь даалгасан дээр. Цэс зохионо гэдэг нь мэргэжлийн хүний хийх ёстой ажил.

Боловсруулсан цэсээ улирлын чанартай гаргах ёстой. Хүүхдүүдэд тухайн хүнсний бүтээгдэхүүн эрүүл мэндэд нь яаж нөлөөлөхийг анхаарах ёстой. 1500 төгрөгөөр хоол хийнэ гэдэг асар хэцүү болчихлоо.Нэг ширхэг алим ч авч хүрэхгүй мөнгө. Гадуур хүнсний бүтээгдэхүүн үнэтэй болчихсон учраас энэ мөнгийг шинээр тогтоох хэрэгтэй.

-Эцэг эхчүүд хүүхдэдээ бэлэн бүтээгдэхүүн өгч байгаа нь илт анзаарагддаг. Энэ талаар та юуг хэлэх вэ?

-Эцэг эхчүүд хүүхдийн идэж буй зүйлст анхаарах ёстой. Хоолноос илүү тухайн хоолонд юу орж байгааг анхаарах хэрэгтэй. Ямар тос, махаар хийгээд байгаа юм. Үндсэн болон туслах бүтээгдэхүүн нь юу юм. Боловсруулах аргууд нь ямар юм гэхчлэн шалгах хэрэгтэй. Магадгүй та хүүхдээ эрүүл байлгах гэж хөрөнгө оруулалт хийж байгаа ч нийгэмд гарахаараа хүүхэд бусадтай адилхан иднэ. Эрүүл хооллоно гэдэг зөвхөн хоол идэх биш гарал үүсэл, аюулгүй байдал нь хамгийн чухал. Магадгүй тухайн хоол үйлдвэрлэгчид аяга угаадаг машин, бодис байгаа юу, ямар бодисоор угаах нь тодорхой байх ёстой. Ходоодны хорт хавдар бодисноос шалтгаалдаг гэх мэдээлэл бий.

-Өөрөөр хэлбэл бидэнд зөв хооллох талаар мэдээлэл дутмаг учраас  элдэв төрлийн өвчлөл үүсч байна гэсэн үг үү?

-Тийм. Дунд, ахлах ангийн буюу сургуулийн гуанзнаас хоол авдаг хүүхдүүд яадаг вэ гэхээр тухайн хүүхдэд хоол идэхэд 10 минут л байдаг. Та 10 минутад оочирлож байгаад гурван минутад идэх гээд үз дээ. Тэр стресстэй, ширхгийн хоолыг идэх гээд үз. Асар хэцүү. Томчуудад өдөр хоолны цаг хамгийн багадаа 30 минут байна. Тэгсэн мөртлөө хүүхдүүд нь ширхгийн хоолонд “алалцаад” анги руу гүйж байхдаа идэж байна. Стрессдэх бүрт ходоодны хүчил ихэсдэг. Ходоодны хүчил ихсэх тусам шарх ихэсдэг. Тиймээс өөрсдөө хүүхдүүдээ хайрлахгүй байна. Хүүхэд стрессдэж байгаагаа мэдэхгүй байна. Стресс өөрөө амьдралын хэв маяг болчихлоо. Уг нь байх ёсгүй шүү дээ. Стрессдээд байвал хэзээ ч ходоодны шарх эдгэрэхгүй.  ЕБС-ийн хүүхдүүд хоол идэхдээ хамгийн багадаа 30 минут зарцуулах хэрэгтэй. “Үдийн хоол” хөтөлбөр бүрэн хэрэгжиж чадахгүй байна. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхдэдээ цаг гаргаад энэ хөтөлбөрийг сайжруулахад анхаарах хэрэгтэй. Бид нийгэмд эрүүл чанартай боловсон хүчин нийлүүлэх ёстой. Тэр боловсон хүчин эрүүл байх шаардлагатай. Яг хийж бүтээдэг насан дээрээ залуус эмнэлэг явж байна. Яасан гэхээр бэлэн гоймон эсвэл, ширхгийн чанаргүй хоол идсээр байгаад ходоод, элэггүй болчихсон байна. Хоол ярьж байж хэт улс төржмөөргүй байгаа ч бид зөв системтэй байх ёстой.

ЭХ СУРВАЛЖ 5

ТҮРЭЭСИЙН ГАЛ ТОГООНООС САЛААГҮЙ ЦАГТ ХООЛНЫ МӨНГИЙГ ХЭДЭН ТӨГРӨГ Ч НЭМСЭН ХҮҮХДҮҮДЭД ХОР БОЛЖ ОЧНО
УИХ-ын гишүүн П.АНУЖИН:
Анужин (2)

-Сургууль дундын нэгдсэн гал тогоотой хувилбарыг богино хугацаанд дэмжих ёстой. Энэ нь бодит байдлаас урган гарч буй шийдэл байхгүй юу. Бүх сургуулиудад гал тогоо байгуулахаар судалж явлаа. Гэхдээ зай талбай, хөрөнгө оруулалтын хувьд  ч хүндрэлтэй. “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үндэсний үйлдвэрлэгчид хойрго ханддаг. Хуульдаа төр хувийн хэвшил хамтарч хэрэгжүүлэхээр заасан байдаг. Энэ асуудалд санаа зовниж явдаг гишүүний хувьд үндэсний үйлдвэрлэгчдэд санал тавьж үзсэн. Сурагчдын хоол хүнсний чиглэлээр хамтарч ажиллахад нээлттэй биш хойрго ханддаг юм билээ. Бид инфляцитай уялдуулж хүүхдийн хоолны мөнгийг нэмсэн ч түрээсийн гал тогооноос салаагүй цагт хэдэн ч хувиар, хэдэн ч төгрөг нэмээд хүүхдүүдэд хор болж очно. 1500 төгрөгийг арай гэж УИХ дээр нэмсэн. 1500 төгрөгийн 50-иас илүү хувь нь татвар, түрээст явж байгаа. Монгол Улсад судалгаагаар хүүхдийн хорт хавдрын өвчлөл маш их ихэссэн байна. Үүний үндсэн шалтгаан нь амьдралын буруу хэв маяг, хоолны дадал зуршил буюу буруу хэв маягийг хэн бүхэн дуугарч ярьж байна. Энэ хаанаас хэрэгжиж эхэлдэг юм. Сургууль цэцэрлэгээс хэрэгжиж эхэлдэг. Хоол зүйч бид нар бэлдээгүй юм билээ. Сургууль хүүхдэд юу сайн гэдгийг интернэт, хүний амнаас сонсох биш сургууль бүр хүүхдээ бодсон, ирээдүйн Монгол хүний эрүүл мэндийн их суурийг бодсон хоолыг зөвлөдөг хоол зүйчтэй болох хэрэгтэй.

ЭХ СУРВАЛЖ 6

ҮДИЙН ХООЛНЫ МӨНГИЙГ БАГА БАЙНА, ЗААВАЛ НЭМЭХ ЁСТОЙ ГЭЖ ГАРГАСАН ЯМАР НЭГ ДҮГНЭЛТ АЛГА
Б.Баярсайхан

Үдийн хоол хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн байна, эцэг эхчүүдийн зүгээс үдийн хоол хөтөлбөрийн нэг хүүхдэд оногдох 1500 төгрөгийг нэмэх тухай ярьж байна, энэ талаарх таны байр суурь?

-БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа ШУТИС-ийн багш, удирдлагуудтай хамтран тухайн үеийн УИХ-ын гишүүдэд хүүхдийн үдийн цайг үдийн хоол болгох саналыг танилцуулж, санаачилсан хүмүүсийн нэг нь би. Тухайн үед үдийн цайны нэг хүүхдэд оногдох өртөг нь 900 төгрөг байсныг 1500 төгрөг болгож үдийн хоол хөтөлбөр хэрэгжсэн. 2022 онд л гэхэд төрөөс цэцэрлэг, дотуур байрны хоолыг оролцуулахгүйгээр зөвхөн ЕБС-ийн үдийн хоолонд 65,1 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд ЕБС-иудыг стандартын гал тогоотой болгох ажил ч хийгдэж эхэлсэн. Одоо ч гэсэн хийгдсээр байгаа. Дэлхий даяар нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй үед төр хүүхдүүдээ орхихгүй ийм их хөрөнгө оруулалт хийгээд байхад нэгдүгээрт, энэ мөнгө яг хүүхдэдээ очиж чадаж байна уу, хоёрдугаарт, тухайн хоол хүүхдийн бие физиологид тохирсон шим тэжээлтэй байж чадаж байгаа юу гэдэгт л би хамгийн их эргэлзэж, санаа зовж байна. Одоогоор нэг хүүхдэд ноогдох үдийн хоолны мөнгийг бага байна, заавал нэмэх ёстой гэж гаргасан ямар нэг дүгнэлт алга. ШУТИС-ийн багш, удирдлагууд 900 төгрөгт ч хүүхдийн бие физиологид тохирсон шим тэжээллэг хоол хүнс өгч болохыг Архангай аймгийн Хүмүн 2 дугаар сургууль, Булган аймгийн Дашинчилэнгийн сургууль болон Нийслэлийн 58 дугаар сургууль дээр 10 жил хийсэн туршлагаараа нотолсон. Тэгэхээр 1500 төгрөгт чанартай хоол өгөх боломж хангалттай бий гэж харж байна. Миний харж байгаагаар бас нэг асуудал нь сургуулиудын цайна газар байгаа. Цайны газруудын шалгуур, чанарыг өндөр болгож төрийн мөнгө хүүхдүүддээ зуун хувь очиж байгаа үгүйд маш сайн үнэлгээ, шалгалт хийх ёстой. Хүүхдийн хоолны мөнгөнөөс хумсалдаг, түүгээр дамжуулж хөлждөг хүмүүс олон бий. Жишээлбэл, сургуулийн цайны газрын тендерүүд ихэвчлэн асуудалтай явагддаг нь нууц биш. Зарим хувийн цэцэрлэгүүд хөдөө орон нутагт байдаг эсвэл цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй хүүхдүүдийн регистрийн дугаарыг хуурамчаар үйлдэж улсаас хувьсах зардал авдаг асуудал бий. Би үүнийг салбарын сайдад олон удаа хэлж байгаа. Төр нь хүүхдээ хайрлая, хүндэлье гээд байхад доод шатандаа гүйцэлдүүлж чадахгүй байвал дунд нь хүүхдүүд л хохирно шүү дээ.

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөр Үдийн хоол хөтөлбөр чанаргүйдэж байна, цаашлаад энэ мөнгийг нэмэгдүүлэх нь зөв үү, төсөвт уг мөнгийг нэмэгдүүлэх талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ ажлыг санаачилсан хүний хувьд хүүхдийг шим тэжээлтэй хоол идэж, эрүүл иргэн болж төлөвших ёстой гэдэгтэй зуун хувь санал нэг байна. Би мөнгийг нэмж болохгүй гэж хэлэхгүй. Эхлээд гол нь үнэлгээ хийлгэмээр байгаа юм. Тэгж байж бид нэмэх, нэмэхгүй талаар яримаар байна. Монгол улсад аав, ээжийнхээ цалингаас хороолгүй сургууль, цэцэрлэг, дотуур байрныхаа хоолоор өсөж торнин хүн болдог маш олон мянган хүүхэд байдаг учраас энэ ажлыг хамгийн итгэмжтэй хүмүүс хийдэг баймаар байна. Улс нэг ёсны шууд худалдан авалт хийж байна шүү дээ. Тэгтэл тэнд бизнесийн байгууллагууд ороод хэдэн хувийг нь ашиг болгоод хэдэн хувийг нь хүүхдүүдэд хоол болгож өгөөд байгаа нь тодорхой биш байна. Улсаас стандарт гал тогоогоор нь хангаж байгаа хойно тэнд цалинтай тогооч ажиллаж болмоор. Үүнийг бодолцож үзэхгүй мөнгөө л нэмнэ гээд байвал ёзооргүй сав руу ус цутгаад байгаагаас ялгаагүй. Улсын хэмжээнд дээрх гурван сургууль дээр туршилт хийхэд үдийн хоолны мөнгийг итгэмжтэй зарцуулснаараа тухайн сургуулийн хүүхдүүд ханиад томуу хүрэхгүй, өндөр өсгөлөн биетэй болж байгаа нь нотлогдсон. Тиймээс Монгол улсын хүүхдийн үдийн хоолонд зарцуулж байгаа мөнгө бол бага биш. Бид мөнгөний тоонд анхаарахаас өмнө тэр мөнгийг хүүхдэд чин сэтгэлээсээ хайртай, итгэмжтэй хүмүүс зарцуулж, хүүхэд бүр зүй ёсоор нь хүртэж чадаж байна уу гэдэгт анхаарал хандуулах ёстой.

ЭХ СУРВАЛЖ 7

ЧАНАРГҮЙ ХООЛ ӨГЧ ТӨСВИЙН МӨНГИЙГ ХИЙ ДЭМИЙ ОРОНЦОГЛОХ ХЭРЭГГҮЙ
Эцэг эхчүүдийн төлөөлөл
ЕБС үдийн хоол сурв бусад (15 of 16)

М. Дариа:

-Манай хүүхэд нэгдүгээр анги. Өнөөдөр уух юм өгөөгүй сүүтэй будаа өгсөн тэгэхдээ ерөөсөө будаа байгаагүй гэнэ. Хооллосонгүй гэж гомдоллох нь ч хаашаа юм. Тэгэхдээ төсөв өртөг, зохих хэмжээний шим тэжээлийг нь бодолцох хэрэгтэй байх аа. Эхэндээ хоолондоо гайгүй дуртай байсан, сүүлдээ нэг л биш ээ. Хийвэл хийгээд хийхгүй бол төсвийн мөнгийг хий дэмий иймэрхүү байдлаар оронцогломооргүй байна аа. Бараг больсон нь дээр.

Н.Саруул:

-Үдийн цай чанар үнэхээр муу байна. Хөлдүү аарцнаас болж хоолой өвдөж халуурсан, өнөөдөр бас аарц өгсөн байна. Исгэлэн аарц зарим хүүхдүүдэд зохидоггүй. Энэ тал дээр сургуулийн удирдлагаас хүмүүс байвал хатуу анхаармаар байнаа. Сүүн бүтээгдэхүүн дээрээ анхаарах хэрэгтэй. Үдийн цайны өртөгт бол хөнгөхөн чанарлаг хүнс өгч болохоор шүү дээ.

ЭХ СУРВАЛЖ 8

5-9 ДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДҮҮДИЙГ "ҮДИЙН ХООЛ" ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛАХ БОЛОМЖТОЙ
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан
Энх-Амгалан хуурамч диплом (2 of 6)

Сурагчдын 70 хувь нь өглөө хоосон ходоодтой хичээлдээ ирдэг. Хоосон ходоодтой хүүхдийг тархи ажилладаггүй, сурах идэвх бага байдаг. Үдийн хоол хөтөлбөрийг Эрүүл мэнд, Иргэний боловсрол, Биеийн тамир зэрэг хичээлтэй интаграцид оруулж, эрүүл зөв амьдралын хэв маягийн дадал хэвшлийг олгож болохоор байна. Цаашид 5-9 дүгээр ангийн хүүхдүүдийг Үдийн хоол хөтөлбөрт оролцуулах боломжтой гэж үзэж байгаа" гэсэн юм.

Ирэх жил үнэлгээний тогтолцоог төгөлдөржүүлэхэд анхаарах, цахим шилжилтийг гүнзгийрүүлэх, Үдийн хоол, сургууль бүрд сэтгэл зүйч ажиллуулах зэрэг хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэх зэрэг зорилтоо танилцууллаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж