Хятад хүчирхэгжихийн хэрээр нэр хүнд нь унаж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.26-нд нийтлэгдсэн

Хятад хүчирхэгжихийн хэрээр нэр хүнд нь унаж байна

Хятад хүчирхэгжихийн хэрээр нэр хүнд нь унаж байна

Хятадын Коммунист нам өнгөрсөн онд түүхэн тогтоолыг баталсан. Уг тогтоолд, "Олон улсын тавцан дахь ээдрээтэй нөхцөл байдлын дунд хямралыг боломж болгон хувиргаж, дэлхий дахинд өрнөж буй гүнзгий өөрчлөлтүүдийн дунд Хятад улс дипломат үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа. Эдгээр хүчин чармайлтууд нь олон улсад Хятадын нөлөө, нэр хүндийг өргөж, хүчийг тодорхойлсон " гэж бичжээ. Тэгвэл сүүлд явуулсан санал асуулгаар хятадуудын 78 хувь нь олон улсад Хятад улс илүү эерэгээр харах болсон гэж дүгнэжээ. Харамсалтай нь бодит байдал дээр сүүлийн таван жилд олон улсад Хятадын дүр төрх, нэр хүнд буцаад унажээ. Хятад нь дэлхий даяар шүүмжлэлд орох нь нэмэгдсэн бол эсэргээрээ Оросыг үл тооцвол 2016 оноос хойш харилцаа нь илүү бэхэжсэн цөөн хэдэн орон байна. 

Хятад нь Герман, Өмнөд Солонгос, Канад, Энэтхэг гэх мэт маш олон оронтой харилцаа муудсан. Энэ нь 2010-аад оны эхэн үед Хятад нь эдийн засгийн боломж, хамтын ажиллагааны хамтрагч гэж тооцогдож байсантай харьцуулбал маш том өөрчлөлт. Тухайн үед Хятадын дарга Ши Жиньпинийг Лондон, Вашингтонд элэгсэгээр хүлээн авч байв.

Харин өдгөө хэд хэдэн орон мэдэгдлээрээ Бээжинг дэмжиж буйгаа илэрхийлэхэд Хятадын эрх баригчид сэтгэл хангалуун байж болох ч энэ бол амжилттай гадаад бодлогын хамгийн доод босго юм. Түүнчлэн энэ хятад хүмүүс, Хятадын компаниуд, эдийн засагт огтхон ч дэмжлэг болохгүй. Түүнчлэн Хятадын байр суурийг улам бэхжүүлэхгүй. Бодит байдал дээр гадаад орнуудад хятадууд ялгаварлан гадуурхалд өртөж, шахалтад орж, оюутан, эрдэмтэн судлаачид нь виз авч чадахгүй, компаниуд нь хориг орж, экспортууд хаагдаж, үнэ тариф өсч байна. Эдгээр төлөөсийн хариуд Хятад юу олж авав?

Тайвань одоо ч де-факто тусгаар тогтносон хэвээр, бүр илүү дипломат идэвхтэй болсон байна. Өмнөд Хятадын тэнгист Бээжин бүрэн хяналтаа тогтоож чадаагүй хэвээр. Дяоюйдао бүлэг арлыг  Япон эзэмшдэг гэж олон улсад үзсэн хэвээр, Энэтхэгтэй хилийн зөрчилт нөхцөл байдал ямар ч ахицгүй байна.

Хэрэв хятад үндэстний аугаа хүчирхэгжилт нь зөвхөн  ДНБ-ний өндөр хувь, хүчирхэг арми, одоогийн газар нутаг дахь хяналтаар тодорхойлогдоно гэж үзвэл БНХАУ үүнд хүрч чадна. Гэхдээ илүү өргөн хүрээтэйгээр авч үзэн олон улсад хүндлэгдсэн, тэргүүлэх  Хятад орон гэж авч үзвэл Бээжингийн одоогийн гадаад бодлого харамсалтай нь зорилтод хүрч чадахгүй.

Жинхэнэ эх оронч гадаад бодлого нь Хятадын иргэдэд үзүүлэх үр дагавраас үл хамааран түр зуурын, таатай мэдрэмж төрүүлдэг хүчирхэг гадаад бодлого биш. Харин хятад хүмүүсийн аюулгүй байдал, хөгжил дэвшлийг сайжруулснаар тодорхойлогдоно. Ашиг сонирхлоо хамгаалах болон хүчтэй харагдахын тулд бусадтай муудалцах хоёрын хооронд асар том ялгаа бий. Гадныхныг зүхэж айлгалаа гээд Хятад илүү хөгжил цэцэглэлтэй, аюулгүй бас хүчтэй болохгүй. Хүчирхэг бар ялааг айлгахын тулд архирах шаардлагагүй гэсэн үг байдаг. 

Өнөөдөр таван жилийн өмнөхтэй харьцуулахад Хятад  нь аюулгүй байдлын баталгаа багатай, дайны эрсдэл нэмэгдсэн. Гадаад нөхцөл байдал доройтохын хэрээр Хятад улс Вашингтоны нөлөөн дор улам бүслэгдэж, булан шахагдаж байна гэж Бээжин үзэж байна. Гэхдээ гадаадад найз нөхөдтэй болж, энэ бүслэлтийг сулруулах гэж оролдохын оронд Бээжингийн үг, үйлдэл нь Хятадын эсрэг илүү олон дайсныг бий болгосоор. Энэхүү ээдрээт нөхцөл байдал нь Хятадын дүр төрхийг сайжруулж, гадаад талаас илүү их дэмжлэг татах алсын хараа, мэргэн ухаан, тэвчээрийг шаардаж байна. 

Дэн Сяопин нэгэнтээ ядуурал бол социализм биш гэдгийг зөв ажигласан. Үүний нэгэн адил гадаадынханд хариу цохилт өгч, гадаадад тэднийг хэрхэн хүлээж авч байгааг харгалзахгүйгээр дотоод бодлогоо хэрэгжүүлэх, энэ нь ард түмэндээ хэрхэн нөлөөлж байгааг үл тоон Хятадын амбицыг урьтал болгох нь эх оронч үзэл байтугай ухаалаг хэрэг биш юм. Хятадын ард түмний урт хугацааны сайн сайхан байдал, ашиг сонирхлыг агшин зуурын үндсэрхэг үзэл, үзэл суртлаас дээгүүр тавьсан стратегийн, тэвчээртэй төлөвлөгөөгөөр зорилгоо биелүүлэх ёстой. Дайснуудтайгаа сэтгэл хөдлөлөөр бус стратегийн үүднээс хандах ёстой.

Намын удирдлага 2012 оноос хойш зарим гайхалтай үр дүнгүүдэд хүрч чадсан. Тухайлбал, Хятадын эдийн засаг, технологи, цэргийн хүч чадал өссөөр байна. Гэвч энэ нь дэлхийн тавцанд Хятадын нэр нөлөө, зөөлөн хүч, ядаж гадны улс орнуудын хүндэтгэл болж хувирсангүй. 

Хятадын өсөн нэмэгдэж буй хүч чадал болон олон улс дахь буурч буй нэр хүндийн хооронд гарч буй зай нь улам өргөжсөөр байна. Зөвхөн Хятадын хүч өссөнөөр бүх асуудлыг шийдэхгүй. Хэрэв Бээжин нь богино хараагаар хүчээр зэвсэглэсээр байвал гадаад асуудлуудыг улам нэмэгдүүлсээр байх болно. Хятадуудыг ялгаварлан гадуурхаж, виз олгохгүй, гадаадын их сургуульд элсүүлэхээс татгалзаж, сүүлийн үеийн дэвшилтэт технологи дээр хятад судлаачид гадаадын талтай хамтарч ажиллаж чадахгүйд хүрч, компаниуд гадаадад хоригт орж, Бээжин дэлхий даяар сөргөөр харагдаж байгаа нь БНХАУ-ын ашиг сонирхол биш. Ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол энэхүү байдал нь алсдаа асар том аюулыг дагуулна. Хятадын сөрөг дүр төрх, гадаадын засгийн газрын үйл ажиллагааг дарах гадаад бодлогыг Бээжин хэрэгжүүлэх шаардлагатай.
Хятадын хатуу хүч үргэлжлүүлэн өссөөр байх боловч дэлхийн тавцанд нэр хүнд дагаж өсөхгүй. Энэ байдал үргэлжилсээр байвал гадаадын засгийн газруудад Хятадын эсрэг арга хэмжээ авахад улам хялбар болно. Энэ нь 1.4 тэрбум хятад хүний аюулгүй байдал, хөгжил дэвшилд нөлөөлнө.  Хятад дэлхийн тэргүүлэх хүчин болсноор дэлхий даяар хүндлэл, бишрэлийг хүртэж чадна. Үүний тулд алсын хараа, тэвчээр, мэргэн ухаанаар гадаад бодлогоо өөрчлөн чиглүүлэх хэрэгтэй.

ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж