Ираны засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал бүтэн долоо хоногийн хугацаанд үргэлжилж байна. Ираны албаныхны мэдээллээр эсэргүүцлийн жагсаалын үеэр 35 хүн амь үрэгдсэн гэх мэдээлэл байна. 22 настай бүсгүйг толгойн алчуураа буруу зүүлээ гэж "ёс суртахууны" цагдаа нар зодож алснаас үүдсэн эсэргүүцлийн жагсаал өдгөө хүрээгээ тэлж Ираны 31 мужид нийтийг хамран үргэлжилж байна. Анх жагсаалд оролцогчдын олонх нь эмэгтэйчүүд байсан бөгөөд тэд толгойн алчуураа шатааж, үсээ тайрах зэргээр эсэргүүцлээ илэрхийлж байв.
Өдгөө жагсаал Ираны засгийн газрын эсрэг болж өргөжин жагсагчид төрийн далбаагаа шатаан, цагдаа нартай мөргөлдөж байна.
Тэгвэл Ираны Ерөнхийлөгч Эрбахим Райси нийтийг хамарсан жагсаалын эсрэг "шийдвэртэй арга хэмжээ" авна гэж мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд оролцох үедээ 22 настай бүсгүйн үхэл, эсэргүүцлийн жагсаалын эсрэг ганц үг дурсаагүй. Тухайн үед Нью-Йорк хотноо НҮБ-ын байрны гадна ч 22 настай бүсгүйн үхэлд шударга ёсыг шаардан иранчууд жагсч байв. Иранд эсэргүүцлийн жагсаалыг тухай мэдээллийг тархаахгүйн тулд интернэт сүлжээг хаасан.
Хохирогч Махса Амини нь толгойн алчуураа буруу зүүсэн гэдэг шалтгаанаар баривчлагдсан боловч нас барсан. Эх сурвалжуудын мэдээллээр цагдаа нар түүнийг бороохойгоор толгойд нь цохиж, автомашин мөргүүлэх зэргээр зэрлэгээр зодсоноос болж эмнэлэгт ухаангүй хүргэгдээд нас барсан аж. Харин цагдаа нар түүнийг гэнэтийн зүрхний шигдээсээр нас барсан гэж мэлзэж буй. Түүнчлэн Ираны Дотоод хэргийн сайд Ахмад Вахиди нь уг хэргийг мөрдөн шалгана гэж мэдэгдсэн боловч бүсгүйг цагдаа нарт зодуулсан гэдгийг үгүйсгэсээр байна.
Эсэргүүцлийн жагсаалын үеэр олон мянган хүнийг баривчилж байгаа аж. Тухайлбал, Ираны баруун хойд хэсгийн Гуйлан мужид 739 хүнийг баривчилсны 60 нь эмэгтэй байжээ. Энэ бол зөвхөн ганц мужийн тоо баримт. "ВВС" агентлагт мэдээлснээр баривчлагдсан хүмүүсийг олноор нь шоронгийн жижиг өрөөнд хорьж байгаа аж. Шоронгуудын даац хэтэрснээс хүмүүсийг ус, хоол, угаалгын өрөөгүй өрөөнүүдэд хорьж байгааг хүний эрхийн байгууллагуудаас мэдээлжээ.
Үүний зэрэгцээ Иранд ажиллаж буй гадаадын сэтгүүлчдийг ч баривчлан хорих болжээ. АНУ-д төвтэй сэтгүүлчдийг хамгаалах байгууллагаас мэдээлснээр Даваа гаригаас хойш 11 сэтгүүчлийг баривчилжээ.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ