Тойм: Төрийн гадаад айлчлалтай, хил гаалийн ачаалалтай долоо хоног

Хуучирсан мэдээ: 2022.09.25-нд нийтлэгдсэн

АУБАКИР

Тойм: Төрийн гадаад айлчлалтай, хил гаалийн ачаалалтай долоо хоног

“Ньюс” агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.


Энэ долоо хоногт Төрийн гадаад айлчлалтай, ОХУ-ын цэрэг татлагатай холбоотой хил гаалиар орж ирэх иргэдийн ачаалал нэмэгдэв. Ерөнхий сайд Их Британи руу Хатан хааныг үдэх ёслолд урилгаар оролцсон бол Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцож дэлхий нийтийг энх тайванд уриалсан юм.

ЕРӨНХИЙ САЙД ХАТАН ХААНТАЙ САЛАХ ЁС ГҮЙЦЭТГЭХ ЁСЛОЛД ОРОЛЦОВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ есдүгээр сарын 19-нд ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцов.

Тэрбээр 2022 оны есдүгээр сарын 18-ны өдөр Вестминстерийн ордонд Хатан хаан II Элизабетийн шарилд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлэв. Энэхүү ёслолын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ланкастерийн харшид нээсэн эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав.

"МОНГОЛ МОНГОЛОО ХАЙРЛАХ БАС ДЭМЖИХ ЦАГ"

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхий дахинд хандаж, Оросын цөөнхийг туслахыг хүслээ. Тэрбээр “Үүнээс ч хүнд үед удамт монголчуудаа дэмжиж, эвийг хичээж, их үйлсийг бүтээж явсан. Цөстэй, зүрхтэй, ухаантай өвөг дээдсийн үр сад билээ бид. Монгол хүн Монгол хүндээ Эх орон нь байх цаг ирж байна.

Биднээс хоёр дахин их монголчууд дэлхийн хээлэнд тархан амьдардаг. Хүн нь биш газар нутаг нь, баялаг нь гэх сувдагуудын дундаас Монгол хүнээ эрхэмлэж, улам олон болох, улам хүчирхэгжин нэгдэх цаг ирж байна. Өмнө нь хууль, шийдэл санал болгож явлаа.

Одоо Монгол Улсыг гэх монголчуудаа сонсож, ухаалаг шийдэл гаргаж эхлэх цаг. Олны санаа оломгүй далай. Монгол хүн бол Монгол түмний үнэт өв, хосгүй баялаг бас боломж. Монгол Монголоо хайрлах бас дэмжих цаг” хэмээн жиргэв.

АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ҮНДЭСНИЙ IX ЧУУЛГАН БОЛОВ

 

 

 

 

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.ГАНБАТ:

-Чи улс төрийг оролдохгүй бол улс төр чамайг оролдоно гэдэг үг байдаг. Улс төр залуусыг оролдож байна. Өнөөдөр амьдрал ямар болсон байна вэ. Ардчилсан улс болохын төлөө, цагаан морин жил бид хувьсгал хийсэн. Тэр үеийн манай залуус оготны хамраас цус гаргалгүй хувьсгалыг амжилттай хийсэн. Гэвч бид өнөөдөр зорьсон зорилго, хүрэх ёстой газраа хүрээгүй. Монгол Улсад хэн сайхан амьдарч байна вэ. НАМЗХ-оор явсан залуус, авлигачин аав, ээж тэдний хүүхдүүдийн өмнө бүх зүйл нээлттэй байдаг. Монголын жирийн иргэний хүүхдүүдийн өмнө бүх зүйл хаалттай байдаг нийгэм болчихлоо.

Дундаж цалин 1.1 сая гэж байгаа. Гэтэл хамаг татвараа өгөөд, гар дээр 700 мянган төгрөг очиж байна.

"ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ НЭМЭХ, БОДЛОГЫН ХҮҮГ ЧАНГАТГАХАД ОНЦГОЙ АНХААРНА"

Монголбанкны мөнгөний бодлогын хорооноос Мягмар гаригт /2022.09.20/ 2022 оны гуравдугаар улирлын ээлжит хурлаас гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:

-Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг нэмэгдүүлэх, бодлогын хүүний коридорыг шинэчлэн тогтоох, банкуудын зах зээлээс шинээр татсан эх үүсвэрүүдийг заавал байх эх үүсвэрүүдээс хасч тооцох тухай шийдвэрүүд гаргасан. Есдүгээр сарын 16, 20-ны өдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.

Нэгдүгээрт, бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмж 12 хувьд хүргэх, бодлогын хүүний коридорыг нэмэх, хасах хоёр хувь болгож тогтоон өргөтгөх. Хоёрдугаарт, гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор банкуудын 360 ба түүнээс дээш хоногоор гадаад зах зээлээс татсан эх үүсвэрийг заавал байлгах эх үүсвэрээс хасч тооцох тухай багц шийдвэр гаргалаа.

Монголбанкнаас цаашид эдийн засгийн байдал сэргэлт, инфляцийн өрнөл, нийлүүлэлтийн доголдол хэрхэн өөрчлөгдөх зэргийг харгалзаж мөнгөний бодлогын дараа дараагийн арга хэмжээ авч ажиллах болно.

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ЭНХ ТАЙВАНД УРИАЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганд оролцлоо. Энэ удаагийн чуулган АНУ-ын Нью-Йорк хотод дөрвөн өдөр үргэлжилсэн бөгөөд 100 гаруй орны ерөнхийлөгч, 60 орчим улсын Ерөнхий сайд, гурван орны Шадар сайд оролцож, дэлхий дахинд тулгарч байгаа шинэ сорилтуудын талаар санал солилцож, байр сууриа илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэнхэр дэлхий минь амар амгалан болж, хүн төрөлхтөнд “Дэлхийн амар амгалан” ирэх болно гэдгийг хэлэхийн ялдамд энэхүү энхийн үйлсэд хамтран зүтгэхийг дэлхийн улс түмэнд уриалав.

Ерөнхий Ассамблейн 77-р чуулган “Шийдвэрлэх мөчХарилцан хамааралтай сорилтууд өөрчлөлт авчрахуйц шийдлүүд” сэдвийн дор болж байгаа бөгөөд чуулганыг нээж, НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерраш үг хэлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын комиссын дарга Урсула вон дер ЛеиентэйСловен улсын ерөнхийлөгч Борут Бахор нартай уулзалт хийсэн юм.

Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ебрахим Тио бараалхав.

АХБ: МОНГОЛЫН ИНФЛЯЦИ, УРСГАЛ ДАНСНЫ АЛДАГДАЛ ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ

Азийн хөгжлийн банк (АХБ) жил бүрийн намар гаргадаг “Азийн хөгжлийн төлөв” эдийн засгийн шинэчилсэн тайланг танилцууллаа.

Азийн хөгжлийн банк (АХБ) төв банкуудын мөнгөний хатуу бодлого, ОХУ-Украины дайны нөхцөл байдал, Covid-19 цар тахлаас үүдэлтэй Хятад дахь удаа дараалсан хөл хорио зэрэг сорилтуудыг харгалзан, хөгжиж буй Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө дахин бууруулсан байна.

Тус банкнаас энэ оны дөрөвдүгээр сард гаргасан төсөөллөөр бүс нутгийн эдийн засаг 2022 онд 5.2 хувиар тэлэхээр байсан бол өнөөдөр танилцуулсан "Азийн хөгжлийн төлөв (АХТ) 2022" шинэчилсэн тайланд 4.3 хувиар өсөх төлөвтэй хэмээн тооцжээ.

Ирэх оны өсөлтийн таамаглалыг мөн 5.3 хувиас 4.9 хувь болгон бууруулсан бол бүсийн инфляцийн төсөөллийг нэмэгдүүлсэн байна. БНХАУ-ыг эс тооцвол хөгжиж буй Азийн бусад орнууд 2022, 2023 онд 5.3 хувиар өсөх төлөвтэй байна.

"НЭГ НАМ ДАНГААРАА БАЙВАЛ МОНГОЛЧУУД ВЕНЕСУЭЛ ШИГ БОЛНО"

Ардчилсан намаас нийгэм, эдийн засагт үүсээд байгаа хүндрэлийн талаар  ээжилт мэдээллээ хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Бидэнд өнөөдөр тулгарч байгаа үнийн хөөрөгдөл, ам.долларын  өсөлт нэг өглөө сэрэхэд бий болоогүй.  Засгийн газрын оновчгүй шийдлээс болж эдийн засаг хямралд өртөөд байна. Эрх баригч нарын хоосон пи-араас болж Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтлээ. Ам.долларын ханш 3400 хүрч байна, удахгүй 4000 болно. Хүмүүсийн цалин цаас боллоо. Хурал зөвлөгөөн хийгээд нэг нам дангаараа эрх бариад явбал эдийн засаг сэргэнэ гэдэг худлаа шүү.  Нэг нам дангаараа эрх бариад байвал монголчууд Венесуэл шиг л болно. Хэрвээ нэг нам дангаар тогтвортой байгаад тухайн улс  хөгждөг бол Хойд Солонгос тэргүүлэх эдийн засагтай улс болох байлаа.

Монголчууд улс төрийн эрх чөлөөгүй амьсгалж чадахгүй ээ. Долларын ханш өссөн нь Монголбанк бодлогын хүүгээ өсгөөгүйгээс болсон гээд хэд хоногийн өмнө нэмсэн. Үүнийг дагаад олон асуудал үүснэ. Энэ талаар Ч.Хүрэлбаатар сайд иргэд доллар  ихээр  авч нөөцлөөд байгаатай холбоотой үнэ  өсч, хомсдол үүслээ.

"МОНГОЛ РУУ ОРЖ, ГАРАХ УРСГАЛЫГ ХОРИХГҮЙ"

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хил гаалийн нөхцөл байдлын талаар /2022.09.22/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Нийгмийн сүлжээнд Хиагт орчимд машины урт дараалал үүссэн гэх мэдээлэл цацагдсан. Сүүлд авсан мэдээллээр Хиагт орчимд дугаарлаж байгаа машины тоо 60 машин, хил дээр 30-40 машины цуваа үүсээд байна гэсэн. Өчигдрийн авсан мэдээллээр Монгол тал руугаа зорчигчийн хөдөлгөөн нэмэгдсэн дүн мэдээтэй байна.

Бид өнөөдөр ОХУ-тай харилцан визгүй зорчих хэлэлцээртэй учраас өмнө нь ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй гадаад паспорттой иргэдийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй. Монгол Улс ОХУ-тай 30 хоногийн хугацаатай визгүй зорчдог. Тэр гадаад иргэдийг ямар нэгэн байдлаар хязгаарлах үндэслэл байхгүй. Бид өчигдөр хуралдаж, энэ талын мэдээллийг судалсан. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины зарлигаар цэрэг татлагыг нэмэгдүүлж байгаа юм билээ. Тухайн улсын дотоод хэрэгт Монголын талаас дүн шинжилгээ хийх боломжгүй.

Одоогоор Монгол Улсад байгаа гадаад иргэдийн тоо 17-18 мянга орчим байна. Энэ тоо Үндэсний аюулгүй байдлын хувь хэмжээнд хүрэх болоогүй байгаа гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж