Хүсээгүй дайнаас зугатан эрх чөлөө, энх тайван, амар амгалан руу тэмүүлж, олон арван буриад, тува, халимаг, орос залуус Монголоо бараадаж “хаалгыг маань тогшиж” байна. Энгийн үетэй харьцуулахад Алтанбулагийн хилийн ачаалал ихсэж, олон нийтийн сүлжээнд тэдэнд туслаж дэмжихийг олон хүн уриалах болсны нэг нь Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм. Тэрбээр “Үүнээс ч хүнд үед удамт монголчуудаа дэмжиж, эвийг хичээж, их үйлсийг бүтээж явсан. Цөстэй, зүрхтэй, ухаантай өвөг дээдсийн үр сад билээ бид. Монгол хүн Монгол хүндээ Эх орон нь байх цаг ирж байна.
Биднээс хоёр дахин их монголчууд дэлхийн хээлэнд тархан амьдардаг. Хүн нь биш газар нутаг нь, баялаг нь гэх сувдагуудын дундаас Монгол хүнээ эрхэмлэж, улам олон болох, улам хүчирхэгжин нэгдэх цаг ирж байна. Өмнө нь хууль, шийдэл санал болгож явлаа.
Одоо Монгол Улсыг гэх монголчуудаа сонсож, ухаалаг шийдэл гаргаж эхлэх цаг. Олны санаа оломгүй далай. Монгол хүн бол Монгол түмний үнэт өв, хосгүй баялаг бас боломж. Монгол Монголоо хайрлах бас дэмжих цаг” хэмээн жиргээд дэлхий дахинд хандаж Оросын цөөнхийг туслахыг хүслээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёр жилийн өмнө Хятадын Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж эх хэлээ авч үлдэх гэсэн өвөрмонголчуудыг эсэргүүцлийг дэмжиж “
-Энэ өвөрмонголчуудын монгол хэл, бичгийнхээ төлөө хийж байгаа тэмцлийг би чин сэтгэлээсээ дэмжиж байгаа. Дэлхий дээр амьдарч буй бүх монголчууд энэ хүсэл эрмэлзлэлийг дэмжих ёстой гэж бодож байна. Монгол хэл, бичиггүй бол монгол хүн гэж байхгүй. Хичээл эхлэхэд монгол хэлээрээ хичээллэдэг эрхээ хадгалах гэсэн багш, эцэг, эх, оюутнуудын хэлж ярьж байгаатай би санал нэг байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин бусдын хэл, соёл, шашин шүтлэгт маш хүндэтгэлтэй ханддаг гэж би ойлгодог. Ялангуяа монгол хэл, бичиг соёлд хүндэтгэлтэй ханддаг. Монгол уламжлал, удам, соёлоо хамгаалж монгол хүн бүр дуугарч, дэмжих ёстой гэж бодож байна. Монгол хэл, соёл, түүхээрээ бахархдаг бахархал үеийн үед үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэж байр сууриа илэрхийлж байсан. Үүнийг нь ч Хятадын хэвлэлүүд онцлон бичиж байсан юм.
Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хандаж дайнаа зогсоохын, түүний гаргасан шийдвэр далай шиг зовлон авчрахыг, Орос орон айдас, хүйдэс нулимсанд автаж буйг, энэ аллага, сүйтгэлгээ зогсоох”-ыг уриалав. Харин Украины удирдагч В.Зеленскийд “Хорвоо дэлхийн олон тэдэнтэй хамт байгааг мөн украинчууд ялбал ард түмэн ялахыг, дарангуйлал мөнх оршдоггүй, эрх чөлөөг хүсэгч хүмүүсийн нэгдмэл зориг хэзээд ялна” гэж түүний зориг, манлайлалаар бахархаж талархаж байгаагаа илэрхийллээ. Харин дэлхийд дахинд, Оросоос дүрвэгчдэд хандаж Оросын цөөнхийг дайны бамбай болгож буйг буруутгаж, монгол нь Монголоо дэмжих цаг ирснийг санууллаа.
Тиймээ, дуунд гардагчлан
Дэлхийн дайтад цацагдсан атга шагай садан минь
Дэнсэлсэн түүхийг ганзаганаас гээгдэж хоцорсон олон минь
Гэмшилт буурал цадигаа зэрэглээ гэж бодоорой
Гэдсэндээ одсон унага шиг Монголоо тээгээд ирээрэй.
Эх Монгол, эрх чөлөө та бүхний өмнө нээлттэй байна. Монголчууд хэлдэг, “Хүн ядрахаараа төрлөө, тураг ядрахаараа уулаа” гэж.
Б.Бат
Холбоотой мэдээ