Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хянан шалгах чиглэлээр 2022 оны есдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт ажиллана.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны тавдугаар сарын 13-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх үеэр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга дэвшүүлж, Засгийн газраас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг Улсын Их Хуралд яаралтай горимоор оруулан, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Монгол Улсын Их Хурлаас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан билээ. Уг тогтоолд таван чиглэлийн 114 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.
Эдгээр арга хэмжээний хүрээнд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, сармис, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашлаад элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр өөрийгөө хангах, улмаар хүнс экспортлогч улс болох зорилтыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр байгаа юм.
Түүнчлэн монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж, хүнс экспортлогч улс болох эрх зүйн шинэчлэл хийх, түүхий эд боловсруулах, бэлтгэн нийлүүлэх логистикийн сүлжээг хөгжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн хүн амыг хүнсний ногоогоор жилийн дөрвөн улирал хангах, хүлэмжийн цогцолбор байгуулах, ойрын таван жилийн дотор малын өвчингүй эрүүл бүс нутаг болгох, шинэ техник, технологи, инноваци нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийг үе шаттай бэлтгэх зорилт тавиад байгааг Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ