Номхон далайн Хонга-Тонга-Хунга-Хаапай арлын усан доор орших Тонга галт уул энэ оны нэгдүгээр сард дэлбэрсэн. Энэ дэлбэрэлт нь асар том, ер бусын байсан бөгөөд эрдэмтэд нөлөөллийг нь одоо хүртэл судалсаар байна.
Тонга галт уул дэлбэрэх үедээ агаар мандалд сая сая тонн усны уур цацсан болохыг Пүрэв гаригт нийтлэгдсэн шинжлэх ухааны сэтгүүлд бичжээ. Ингэснээр стратосфер буюу агаар мандлын хоёр дахь давхарга дахь усны хэмжээ хүний амьдарч, амьсгалах хязгаараас тав орчим хувиар нэмэгдсэн байна. Энэ ус нь агаар мандалд хэрхэн нөлөөлж, дэлхийн гадаргуу дулаарахад нөлөөлөх үү гэдгийг эрдэмтэд судалж байна.
“Тонгагийн дэлбэрэлт бол амьдралд нэг л удаа тохиох үйл явдал байсан” гэж АНУ-ын Агаар мандлын судалгааны үндэсний төвийн эрдэмтэн Холгер Воемел хэллээ. Дэлбэрэлт далай доороос эхэлсэн тул ердийнхөөс хамаагүй их ус үсэргэжээ. Усны уур нь дулааныг барьдаг хүлэмжийн хийн үүрэг гүйцэтгэдэг тул дэлбэрэлт агаарын хэмийг өсгөх магадлалтай аж. Хэр их дулаарал биднийг хүлээж буй нь тодорхойгүй байна. Усны уур нь агаар мандлын дээд давхаргад хэдэн жилийн турш байж байгаад доод давхарга руу ордог. Энэ хооронд нэмэлт ус агаар мандалд озоны алдагдлыг хурдасгаж магадгүй юм.
Стратосфер нь ихэвчлэн маш хуурай байдаг давхарга юм. НАСА-ийн хиймэл дагуул дээрх багаж ашиглан тооцоолоход дэлбэрэлт агаар мандалд 150 сая тонн усны уур нэмсэн ажээ.
Эх сурвалж: NBC NEWS
Холбоотой мэдээ