Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын дарга А.Энхжин нар Мөнгөний бодлогын хорооноос энэ сарын 16, 20-ны өдөр гаргасан бодлогын хүүг чангаруулсан шийдвэрийг задлан тайлбарлаж, инфляци, эдийн засгийн өсөлт, долларжилтын талаар өнөөдөр (2022.09.23) дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
БОДЛОГЫН ХҮҮГ НЭМЭГДҮҮЛСЭН ШИЙДВЭР ГАДААД, ДОТООД ТЭНЦВЭРИЙГ ХАНГАХ БОДЛОГОТОЙ
НИЙЦҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаараа эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд, бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэх, бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +2, -2 нэгж хувийн өргөнтэй болгох, банкуудын 360 хоног ба түүнээс дээш хугацаагаар гадаад зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр шинээр татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасч тооцох шийдвэр гаргасан билээ.
Б.БАЯРДАВАА: Бодлогын хүүг нэмэгдүүлж буй нь өнөөдөр жилийн 14.4 хувийг давсан инфляцийн хэмжээг Төв банкны зорилтот түвшин болох нэг оронтой тоонд буюу 6 хувьд буцаан авчрахад хувь нэмэр оруулна. Мөн эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах бодлоготой нийцүүлэх зорилготой шийдвэр.
Жилийн инфляци 2022 оны наймдугаар сард улсын хэмжээнд 14.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувьтай гарав. Импортын бараа, бүтээгдэхүүн инфляцид гол нөлөө үзүүлж байна. Бидний тооцооллоор импортын барааны үнэ түүн дотор шатахууны үнэ, тээвэр логистикийн зардалтай холбоотой. Эдгээр хүчин зүйлсийн нөлөө ирэх улирлуудад саарна. Учир нь олон улсад тээвэр логистикийн үнэ буурах хандлагатай байна.
Инфляцийг шинэ сагсаар тооцдог болсон. Шинэ сагсаар тооцоход 15.7 хувьтай байсан инфляци 16.5 хувь гэж тооцогдож байна. Хамаагүй олон бараа, бүтээгдэхүүн шинэ сагсанд ордог болсон. Шинэ сагсаар тооцоход Улаанбаатар хотын инфляцид 1-2 функтын зөрүү үүсч байна. Улсын хэмжээнд 0.5-0.6 хувийн инфляци шинэ сагсаар тооцогдож байна.
Эдийн засгийн өсөлт эхний хагас жил харьцангуй өндөр гарлаа. Хоёрдугаар улирлын эдийн засгийн өсөлт 6.2 хувьтай гарсан. Уул уурхайн салбарын уналт хэвээрээ байна. Харин худалдаа, үйлчилгээний салбар, бүх бараа бүтээгдэхүүнд шингэж буй татвар, ХАА-н салбар дээрх 6.2 хувийн өсөлтөд нөлөөлсөн. Улирлын өсөлтийг задлан үзвэл уул уурхай, тээвэр гэсэн хоёр салбар хасах үзүүлэлттэй гарсан.
Мөнгөний бодлогын хорооноос гаргасан бас нэгэн чухал шийдвэр бол долларжилтийн эсрэг арга хэмжээ авахаар болсон.
Тодруулбал, төв банкны бодлогын хүүний коридор өргөн болсон. Энэ хүүний өсөлт арилжааны банкуудад санал болгож буй төгрөгийн хадгаламжийн хүүг өсгөх орон зай бий болгож байна. Төгрөгийн хадгаламж өсч байна гэдэг нь төгрөгөөс ам.доллар руу шилжиж байсан хөрвөлтийг зогсоох арга хэмжээ юм. Мөн банкуудын гадаад зах зээлээс татсан зарим эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасах шийдвэр гаргасан.
Өнгөрсөн долдугаар сард хоёр их наяд орчим төгрөгийн шинэ зээлийн олголт эдийн засаг руу гаргасан. Түүнээс 200 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн. Иймээс төлөгдөж буй зээлийг давуулж шинэ зээл гарахгүй. Хоёрдугаарт, зээлийн нөхцөл суурь хэд хэдэн зүйлээс хамаарна. Төлбөрийн тэнцэл эхний долоон сарын байдлаар 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай байна гэдэг нь ойролцоогоор 4 их наяд төгрөг Монголын эдийн засгаас импортын бараа, бүтээгдэхүүний төлбөр, гадаад төлбөр тооцоо байдлаар гарсан. Энэ мөнгө Монгол Улсын валютын нөөцөөс, нөгөө талаас бизнес хийж буй иргэн, ААН-ийн төгрөгийн эх үүсвэрээс ам.доллар хэлбэрээр гадагшаа гарч байна. Арилжааны банкуудын зээл олгох эх үүсвэр буурч байгаа нь үүнтэй бас холбоотой. Төв банкны мөнгөний бодлого чангарч байгаа учир зээлийн хүү, хадгаламжийн хүүд нөлөө үзүүлнэ. Бодлогын хүү 6 хувь байхад олгож байсан зээл одоо гарах бололцоогүй гэсэн үг. Бодлогын хүү өссөн учир зээлийн хүү өсч байж шинэ зээл эдийн засаг руу гарна.
ВАЛЮТЫН АРИЛЖААНААС АШИГ ОЛОХ ЗОРИЛГООР ХАНШИЙГ СУЛРУУЛАХ ГАРЦ БИЙ
А.ЭНХЖИН: Монгол Улсын валютын нөөц сүүлийн найман сарын хугацаанд 1.7 тэрбум ам.доллараар буурч, 2,695 сая доллар болоод байна. Үүнд төлбөрийн тэнцлийн алдагдал голлон нөлөөлсөн. Нүүрсний экспорт биет хэмжээгээр нэмэгдэж байгаа нь төлбөрийг урьдчилсан авсантай холбоотойгоор валютын орох урсгал байхгүй нь бас нэгэн хүчин зүйл байна. Нүүрсний экспортын бодит орлого арав, арваннэгдүгээр сараас орж ирэхээр байгаа тул тэр үеэр ханш тогтворжино гэсэн хүлээлттэй байна. 2022 онд багтаж арилжааны банкууд гаднаас 415 сая ам.долларын зээл авахаар төлөвлөснөө мэдэгдсэнээс гадна ОУВС болон гаднын банкны 200 сая ам.долларын санхүүжилт орж ирэх юм. Ингэснээр 2022 онд 600 гаруй сая ам.доллар орж ирнэ гэсэн тооцоотой байна.
ОХУ-д болж буй нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын хилээр нэвтрэх орос иргэдийн тоо нэмэгдсэн мэдээлэл бий. Хил хамгаалах газрын тоон мэдээллээс харвал орж ирснээсээ дутахааргүй олон орос иргэн хилээр гарсан мэдээлэлтэй холбоотой Гадаад харилцааны сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарсан. Үүнд Монголбанк мөн багтсан бөгөөд долоо хоног тутамд хилээр орж, гарч байгаа бэлэн болон бэлэн бус валютыг хянаж байна. Одоогоор санхүүгийн зах зээлд нөлөөлөхүйц хэмжээний өөрчлөлт гараагүй.
Хадгаламжийн байгууллагуудын гаднаас авсан зээлийн хэмжээ 1.5 орчим тэрбум ам.доллар байна. Үүнээс банкуудын 360-аас дээш хоногийн хугацаатай нь бидний энэ онд авсан мэдээллээр 415 сая орчим сая ам.долларын зээлийн гаднаас авах нь. Дээр нь АХБ-наас ЗГ-ын авах 100 сая ам.долларыг тооцоход нийтдээ энэ он дуустал манай улсад 600 сая ам.доллар орж ирэх нь ээ. Мөн дээр нь экспортоос орж ирэх орлогыг тооцох учиртай. Ялангуяа энэ жил төлөвлөсөн 18 сая тонн нүүрсний хэмжээ давж гарах болов уу.
Холбоотой мэдээ