Тойм: “Улаанбаатар хорт хавдар шиг хэзээ мөдгүй хагарах дөхсөн”

Хуучирсан мэдээ: 2022.09.24-нд нийтлэгдсэн

Тойм: “Улаанбаатар хорт хавдар шиг хэзээ мөдгүй хагарах дөхсөн”

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна. 


“УЛААНБААТАР ХОРТ ХАВДАР ШИГ ХЭЗЭЭ МӨДГҮЙ ХАГАРАХ ДӨХСӨН”

Монгол Улсын зөвлөх архитектор Ж.Алтансүхтэй хот төлөвлөлтийн  асуудлаар ярилцлаа.

-Улаанбаатар хот тэг зогсолт хийхэд ойрхон байна. Түгжрэлийн гол буруутан, гол шалтгааныг та юу гэж харж байна. Шийдвэр гаргадаг дарга нар уу эсвэл автомашин унаж яваа иргэн үү?

-Түгжрэлийн асуудал хариуцсан сайдын орон тоо бий болгож, мэргэжлийнхний хийдэг асуудлыг нийгэм, улс төрийн салбар руу шилжүүлээд байгаа. Бид 1990 оноос хойших ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байна. Бүхий л сайд нар бодлого, хэрэгжилтийн асуудал ярьдаг. Гэхдээ мэргэжлийн хүмүүсийн ерөнхий төлөвлөгөө, хүний харааны байдалд ойлгогдохоор нэг загвар гарах ёстой. Түүнийгээ тойрч ярихгүй чиглэл, чиглэлээр юм яриад байдаг. Үндсэндээ 30 жил Барилга, хот байгуулалтын яамтай байлаа. Энэ яам юу хийсэн юм бэ. Хоёрдугаарт, мэргэжлийнхний хийсэн ерөнхий төлөвлөгөө УИХ-аар батлагдаад, хууль болдог ч ерөөсөө хэрэгждэггүй.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын архитектур, хот төлөвлөлтийн систем цогц байдлаар хуулиар хамгаалагдах ёстой. Төр засаг, хийсэн зураглал, ерөнхий төлөвлөгөөгөө зөв замаар хийдэг системд оруулах хэрэгтэй.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


"ЗАРИМ НОЙРНЫ ЭМ ДОНТОЛТ ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙ"

“Bettermind” нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлгийн үүсгэн байгуулагч, ерөнхий эмч М.Мандахаас нойргүйдэл өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар тодруулаа.

-Бараг хүн бүр нойргүйдлийн асуудалтай болжээ. Нойргүйдэл юунаас болж үүсдэг вэ?

-Нойргүйдэл үүсэх гурван үндсэн шалтгаан байдаг. Нойргүйдлийн талаар ярихаас өмнө хэвийн нойр гэж юу болох талаар ойголттой байх хэрэгтэй. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд шөнөдөө 6-8 цаг унтаад, өглөө амарсан сэрвэл хэвийн нойртой байна гэж үздэг. Тиймээс нойргүйдэл нь ихэнх тохиолдолд стресс, сэтгэл гутрал, сэтгэл түгшил, ядаргаа зэрэг шалтгаанаар үүсэх тохиолдол ихэнх хувийг эзэлдэг. Хоёр дахь шалтгаан нь архаг нойргүйдэл буюу нойргүйдлийн эмгэг юм. Энэ нь тухайн хүн анхнаасаа нойрондоо муу буюу шөнөдөө 3-4 цаг унтаад ч ядардаггүй хүмүүс байдаг. Ер нь нойрны хэрэгцээ багатай хүмүүс. Ихэвчлэн 10-20 жил бага цагаар унтсан хүмүүс байдаг. Гурав дахь шалтгаан нь биеийн өвчин эмгэгээс шалтгаалсан нойргүйдэл байна. Хамгийн бага тохиолддог нь архаг нойргүйдэл буюу биеэ даасан эмгэг, өвчин ордог.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


“ИРГЭД ЦАХИЛГААНЫ ХЭТ ХЭРЭГЛЭЭГЭЭ ХЯЗГААРЛАВАЛ ӨВЛИЙГ АСУУДАЛГҮЙ ДАВНА”

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани /УБЦТС/-ийн Техникийн бодлого, зохицуулалтын хэлтсийн ахлах инженер П.Амартайвантай цахилгаан, эрчим хүчний хангамж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

Covid-19-өөс шалтгаалж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цахилгааны төлбөрийн алданги тооцохгүй байх, айл өрхийн цахилгааны төлбөрийг төр даах зохицуулалт хийсэн. Үүнтэй холбоотойгоор хэрэглээ нэмэгдсэн энэ үед өвөлжилтийн бэлтгэл хангах ажил ямар шатанд явж байна вэ?

-"УБЦТС" ТӨХК-ийн хувьд 450 мянга гаруй хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Улаанбаатар хотын найман дүүрэг, Төв аймгийн 16 сумыг цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангаж ажилладаг. Бидний хувьд хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг тогтмол хангах хүрээнд гуравдугаар сарын 1-нээс эхлэн төлөвлөгөөт засварын ажлуудыг хийж эхэлсэн. Ирэх аравдугаар сарын 1-ний өдөр гэхэд хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр ямар нэгэн байдлаар таслахгүйгээр, 24 цаг хангах бүхий л бэлтгэл ажил, төлөвлөгөөт засварууд дуусна.

Бүх шугам сүлжээний урсгал засварын ажлууд өнөөдрийн байдлаар 100 хувь дууссан. Одоо хөрөнгө оруулалт, төлөвлөгөөний цөөн хэдэн ажлууд үлдэж, хийгдээд явж байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


"МОНГОЛЫН АРДЧИЛАЛ ОЛОН УЛСЫН АНХААРЛЫГ ТАТАЖ БАЙНА"

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар оролцож байна. Чуулганы талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.

-НҮБ-ын 77-р чуулганаар улс орнууд ямар асуудлыг хөндөж байна. Монгол Улсын хувьд ямар байр суурь баримталж, саналаа илэрхийлэх вэ?

-Энэ удаагийн чуулганд оролцохоор 100 гаруй орны Төрийн тэргүүн болон Засгийн газрын тэргүүн ирсэн байна. Covid-19 цар тахлын дараах болон геополитикийн нөхцөл байдалтай уялдуулан улс орнуудад тулгарч буй асуудал, сорилтыг даван туулах санал солилцож байна. Хурлын эхэнд эдийн засгаа хэрхэн сэргээх, хүн амынхаа эрүүл мэнд, амьдралын чанарыг хэрхэн сайжруулах вэ гэдэг талаар улс орнууд анхаарал хандуулах ёстой талаар байр сууриа илэрхийлж байна. Хоёрт, дэлхийн хэмжээний бүс нутгуудад тулгарч буй аюулгүй байдлын асуудал чухал байна. Улс орнууд өөрсдийн нөхцөл байдлыг танилцуулахын зэрэгцээ сорилтод хэрхэн хамтран ажиллаж, даван туулах вэ гэдгийг хэлэлцэнэ. Цар тахал үргэлжилсэн хугацаанд бид илүү нягт хамтран ажиллаж, нэгнээ ойлгох, энх тайванч бодлого явуулах, батлан хамгаалах болон цэрэг зэвсэглэлд гаргаж буй зардлыг боловсрол, эрүүл мэндэд зарцуулах боломж байсан талаар шүүмжилж байна. Чуулганы хугацаанд олон уриалгыг дэвшүүлнэ. Чуулган өнөөдөр эхэлж буй тул эхний гурван улсын төрийн тэргүүн үгээ хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш Ерөнхий санал шүүмжид үг хэлнэ. Ингэхдээ бүс нутаг болон улс орондоо тулгарч буй асуудлаа танилцуулж, аюулгүй байдал, тогтвортой байдал, байгаль орчны асуудлыг дурдахын зэрэгцээ цаашид Монгол Улс дэлхийн энхтайвны төлөө ямар хувь нэмэр оруулах боломжтой талаар санал, шүүмждээ дурдана.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


"ХУРИМЫН ДААШИНЗ ХЭТ ГАНГАН БИШ ЭНГИЙН БАЙХ НЬ ГОЁ"

Залуу хосуудын гэгддэг намрын энэ өдрүүдэд хуримын даашинзаар мэргэшсэн  Дизайнер, хувцасны загвар зохион бүтээгч Б.Уранцэцэгтэй ярилцлаа.  

-Та загвар зохион бүтээгчээр ажиллаад хэр удаж байна вэ? Энэ салбарт орж өөрийн гэсэн орон зайгаа бий болгоход хэн нөлөөлөв. Яагаад заавал хуримын даашинз хийх болсон юм бэ?

-Миний хувьд мэргэжлээрээ тасралтгүй 20 жил ажиллаж байна. Хүүхэд байхын оёдол, хатгамал хийх дур сонирхолтой нэгэн байсан  Анх 2001 онд ШУТИС, ҮТДС-ийг Оёдлын технологич, дизайнер, үйлдвэрлэлийн менежмент хавсарсан мэргэжилээр төгссөн. Магадгүй тухайн хүнийг тодорхойлдог нэрийн хуудас гэж байдаг бол миний нэрийн хуудас "Хайрын хурим" салон юм. "Хайрын хурим" салоноо  байгуулаад 17 жилийг үдсэн байна. Ингэхдээ олон загварын шоу зохион байгуулж, 2000 хуримын даашинз амжилттай урлажээ. Бүх зүйлийг тэгээс эхэлж байлаа.  Одоогоос арван жилийн өмнө  тухайн үед  хуримын ордонд түрээсийн хэдхэн  палаж худалдаалдаг байсан. Ихэнх дэлгүүрүүд сонголт хийх боломжгүйн дээр хуримын даашинз бараг зардаггүй байлаа.  Иймээс хуримын даашинз урлах хэрэгтэй  юм байна гэсэн санаа надад  төрж билээ. Сургуулиа төгсөөд ажлын анхны гараагаа солонгос компаниас эхэлсэн. Шууд анхны уулзалтаар дизайнераар ажилд орсон. Гэвч хэсэгтээ л материал судлах, эвхэх ажилд цаг хугацаа зарцуулж байлаа. Үр дүнд нь нэлээд туршлагажсан. Хүнтэй хэрхэн харилцах, цаг баримтлах гээд зөв зарчмуудыг өөртөө дадуулсан. Өнөөдрийг хүртэл хугацаанд тухайн хатуу зарчим их тус болжээ. Ер нь, эмэгтэй хүнийг хамгийн үзэсгэлэнтэй харагдуулж чадах даашинзыг хийх нь надад их сайхан байдаг. Бид даашинзаар дамжуулж дурсамж үйлдвэрлэдэг. Түүнчлэн, даашинзаа урлахдаа би хийц, техникдээ илүү анхаардаг. Ганган, гоё байлгах гэж элдэв зүйл наахаас илүүтэй тухайн хүнд ямар даашинз зохиж, сайхан харагдах вэ гэдгийг чухалчилдаг. Манай даашинзуудыг харвал тийм ч их чимэглэл, ганган зүйл байхгүй. Гэхдээ тухайн даашинзыг өмсөх хүнийхээ мөрийг, хөлийг, чээжийг гоё харагдуулах гэсэн текник шингэсэн байдаг.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж