"Согтуугаар машин жолоодогсдын дийлэнх нь залуус байна"

Хуучирсан мэдээ: 2022.09.23-нд нийтлэгдсэн

"Согтуугаар машин жолоодогсдын дийлэнх нь залуус байна"

"Согтуугаар машин жолоодогсдын дийлэнх нь залуус байна"

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох зөрчил ихэсчээ.  Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн ахлах, цагдаагийн ахмад Ч.Чимэдбатаас тодрууллаа. 

-Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байх шиг. Он гарсаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан жолооч нарын тоон мэдээллийг өгөхгүй юу?

-2022 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 38027 зөрчлийг цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар илрүүлсэн. Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1-д заасны дагуу 31825 хүний жолоодох эрхийг хассан бол Зөрчлийн тухай хуулийн 14.7.5-д заасны дагуу 5003 жолоочийг 7-30 хоногийн хугацаагаар шүүхээр баривчлах шийтгэх оногдуулсан байна.

-Согтуу жолооч зам тээврийн осол үйлдэхээс өмнө илрүүлэх тал дээр Тээврийн цагдаагийн албанаас ямар ажил арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна вэ?

-Дээр дурдсан зөрчлүүдийг цагдаагийн алба хаагчдын гудамж замын хяналтаар илрүүлсэн. Цагдаагийн хяналтаас гадуур согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил олон бий. Бид нийслэлийн хэмжээнд хяналт шалгалтаа торолсон хэлбэрээр хөдөлгөөнт байдлаар явуулж байна. Жишээ нь Нарны зам, уулын зам, Энхтайвны өргөн чөлөө, Залуучуудын гудамж зэрэг замуудаар аль нэг чиглэл рүү хөдөлгөөнд оролцоход аль нэг уулзвар дээр нь л цагдаагийн алба хаагч хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг заавал зогсоож шалгах хэлбэрээр зохион байгуулалтад орж ажиллаж байгаа. Иргэд шөнийн цагаар дэлгүүр гэрийн хооронд, эсвэл хүн тосох гэх мэт зорилгоор согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргах тохиолдолд их байдаг.

Шөнийн цагаар хөдөлгөөн сийрэг үед тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлж замын хөдөлгөөнд оролцох гээд байдаг учраас хүний амь настай холбоотой, ноцтой осол үйлдэгдэх өндөр эрсдэлтэй.  Үүнээс урьдчилан сэргийлж цагдаагийн алба хаагчид өдөр шөнийн цагаар хөдөлгөөнт байдлаар хяналт шалгалтаа зохион байгуулж ажиллаж байна. Цагдаагийн алба хаагч хаана ч ил болон далд хэлбэрээр хяналт шалгалт хийгээд явж байж болзошгүй гэж иргэд ойлгож болно.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй ирэгдийн дийлэнх нь залуус байдаг уу? 

-Янз бүр байдаг. Гэхдээ залуучууд ихэнх хувийг эзэлж байна. Жишээ нь өнгөрсөн долоо хоногт л гэхэд согтуугаар замын хөдөлгөөнд оролцож байсан нэг жолоочийг илрүүлэхэд 35 орчим настай залуу өөрийгөө хянах ямар ч чадваргүй болтол согтчихсон, хаанаас хаашаа, хэнтэй явж байгаагаа ч мэдэхгүй согтолттой замын хөдөлгөөн оролцож байсан зөрчлийг илрүүлэн цаашид гарч болзошгүй хэрэг, ослоос урьдчилан сэргийлж таслан зогсоосон. Гэтэл тэр жолоочийн тээврийн хэрэгслийн урд суудалд гурван настай охин нь суучихсан явж байсан. Энэ бол үнэхээр харамсалтай, сэтгэл эмзэглэм асуудал шүү дээ. Согтуу жолооч нар замын хөдөлгөөнд байгаа нь иргэдийн амь насанд заналхийлж байгаа үйлдэл. Согтуу жолоочийн балгаар гэр бүлээрээ амь насаа алдаж, хөдөлмөрийн чадваргүй болсон тохиолдол ч бүртгэгдэж байсан шүү дээ.

-Олон улсад энэ төрлийн зөрчилд ямар арга хэмжээ авч ажилладаг юм бэ. Манайд хэрэгжүүлбэл үр дүнгээ өгч болох ямар жишиг байна?

-Зарим нэг улс оронд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдын амь насанд заналхийлсэн этгээдийг нээлттэй зарладаг жижиг бий. Өглөө бүр л тэдэн жолооч согтуугаар замын хөдөлгөөнд оролцож та бидний эрүү мэнд, амь насанд заналхийллээ гээд л шууд зарладаг. Манайд энэ төрлийн зөрчил бурахгүй байвал энэ хэлбэрт шилжихэд нэг их буруудахгүй гэж үзэж байна.

-Дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд манайд олширсон байна. Эдгээр байгууллагуудын үйлчилгээнд ТЦА-аас хяналт тавьдаг уу? 

-Дуудлагын жолооч гэдэг нэг талаасаа зөв сонголт ч нөгөө талаасаа эрсдэлийг дагуулдаг тал бий. Дуудлагын жолооч нарын тухайд ур чадваргүй, жолоодох эрхгүй, магадгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхыг ч үгүйсгэхгүй. Гол төлөв шөнийн цагаар, хөдөлгөөн сийрэг үед замын хөдөлгөөнд оролцдог учраас хурд хэтрүүлж осол гаргах эрсдэлтэй байдаг. Осол гаргавал тээврийн хэрэгслийг орхиод зугтах тохиолдол байдаг. Энэ тохиолдолд хэргийн мөрөөр шалгаж ажиллагаа явуулахад буух эзэнгүй, буцах хаяггүй хүмүүс дуудлагын жолооч хийсэн тохиолдол их байдаг. Иймд албан ёсны бүртгэлтэй, даатгалтай байгууллагаар үйлчлүүлж иргэд өөрсдөө дуудлагын жолоочид хяналт тавих, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ огт тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж