АМНАТ-ийн дарамтад орсон Монгол

Хуучирсан мэдээ: 2022.09.23-нд нийтлэгдсэн

АМНАТ-ийн дарамтад орсон Монгол

АМНАТ-ийн дарамтад орсон Монгол

Цар тахал цаашилсан ч бизнесийн нөхцөл байдал сайнгүй хэвээр байна. Тээвэр, худалдаа, уул уурхай, аялал жуулчлал, барилга, мэдээллийн технологийн салбарт бизнес сэргэж чадахгүй, олон арван аж ахуйн нэгж хаалгаа барьж буйн зэрэгцээ мөдхөн үйл ажиллагаа нь зогсох эрсдэлтэй нүүр тулсан нь ч олон байна.

МҮХАҮТ-аас энэ долоо хоногт танилцуулсан судалгаанаас харахад, арван аж ахуйн нэгжийн найм нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж чадахгүйд хүрчээ. Бизнес эрхлэгчдийн 43 хувьд сүүлийн хагас жилийн хугацаанд, 57 хувьд нь хагас жилээс дээш хугацаанд үнийн өсөлтийн дарамт ирж, бизнесийн ашиг нь дунджаар 52 хувиар буурсан байна. Мөн бизнес эрхлэгчид үйл ажиллагааны зардлаа танаж, бизнесийн стратеги, санхүүдээ шинжилгээ хийж, зарим ажлын байраа цөөлжээ.

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн хувьд нөхцөл байдал тун хүнд байна. Тэд газрын хэвлийн баялгийг ашиглан борлуулж буйн хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) төлсөөр ирсэн. Засгийн газар 2021 оны долдугаар сараас АМНАТ-ийг жишиг үнээр тооцож эхэлсэнээр компаниудын зардал өсч, үйл ажиллагаа зогсох эрсдэлийн эхлэлийг тавьсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл АМНАТ-ийг нүүрсний борлуулах үнээс өндрөөр тогтоож ирснийг аж ахуйн нэгжүүд эсэргүүцсээр байгаа юм. Энэ салбарт бизнес эрхлэгчдийн төлөөлөл “Борлуулагдсаны дараа төлбөр тогтоож буй нь хэт өндөр үнэ, бодит бус, үндэслэлгүй татвар болж байна” гэж хэлж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал эрчим хүчний нүүрсэнд өндөр АМНАТ ногдуулдаг байсны улмаас эдийн засгийн эргэлтэд оруулах нь бага байсан тул стандартаа нэмж, эрчим хүчний нүүрс худалдах боломжтой болохыг хэлсэн.

Тэрбээр хэлэхдээ “Нүүрсний стандарт, АМНАТ-тай холбоотой маргаан сүүлийн нэг жил үргэлжилсэн. 11 төрлийн стандарт байсныг олон улсын жишгээр 29 болгосноор бодит үнэ тогтоно.

Хятадад коксжих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрсний эрэлт бий. Олон улсын жишгээр нүүрсээ 29 ангилснаар 29 өөр үнэ бодно гэсэн үг. Энэ нь манай салбарын хувьд дэвшил юм. Сайн нүүрсээ өндөр үнээр, чанар багатайг нь хямдаар худалдаална” гэж мэдээлсэн билээ.

Улсын гол импортлогч БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ хэдийгээр өсч, эрэлт байгаа ч дэд бүтэц, хил гааль дээрх хязгаарлалтаас болж Монголын нүүрсний компаниуд зах зээлээс тусгаарлагдаж, ашиг хүртэж чадахгүй байсаар байна. Ийм нөхцөлд АМНАТ-ийг тооцох жишиг үнийг нэмж байгаа нь нэрмээс болж, аж ахуйн нэгжүүдийг алдагдалд оруулж, зарим төрлийн нүүрсний олборлолтыг зогсооход хүргэж буй.

Аргагүй л дээ. Монгол Улсын хил хүртэлх үнийг тооцохдоо БНХАУ-ын биржийн үнээр, БНХАУ-ын НӨАТ, импортын татвар, талбайн зардал, хорогдол зэрэг зардлуудыг хасахгүй тооцдог. Үнийн хөөсрөлийг тооцдоггүй, цар тахлын нөхцөл байдал, хилийн нэвтрүүлэлт, эрэлт, нийлүүлэлтийн хомсдол, нүүрсний нөөц болон бусад хүчин зүйлийг тооцдоггүй. Товчхондоо бараа борлуулж буй үнээс 30-40 хувь өндрөөр АМНАТ тооцож буй нь бизнес эрхлэгчдийг сөхрүүлж буй юм. Дотоодын компаниудад тогтвортой үйл ажиллагаа эрхлэх боломж, зах зээлийн шударга зарчим л хэрэгтэй.

Монгол Улсын аж ахуйн нэгжүүд эрчим хүчний нүүрсээ борлуулж чадахгүйд хүрсэн нь ч АМНАТ-тэй холбоотой. Учир нь утгагүй “шийдвэр”-ийн харгайгаар маш их нүүрс овоорч, чанар нь муудаж буй нь үнэхээр харамсалтай.

Засгийн газар 2022 оны төсөвт АМНАТ-ийг зэсээс 958.1 тэрбум, нүүрснээс 799.0 тэрбум, алтнаас 166.8 тэрбум, бусад 227.7 тэрбум нийт 2,151.7 их наяд төгрөгийг улсын төсөв төвлөрүүлнэ гэж их өндрөөр тооцсон. Өнгөрсөн 2021 онд АМНАТ-өөс улсын төсөвт 1.795 их наяд төгрөг төвлөрүүлжээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Энэ жилийн эхний улирлын байдлаар 652 тэрбум төгрөгийн АМНАТ-ийн орлого авахаас 627 тэрбум төгрөг авсан. Үүнээс “Ирээдүйн өв” санг санхүүжүүлж, хүүхдийн мөнгөө тавьж байна” гэсэн хэлнэ лээ.

Уул уурхайн салбарын орлогын гуравны нэгийг бүрдүүлдэг АМНАТ бүрдүүлдэг. Түүний орлогын дийлэнхийг өнөөдрийн байдлаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, “Оюутолгой”, "Эрдэнэс Тавантолгой", “Саусгоби сэндс”, “Энержи ресурс”, “Монголын алт”, “Өсөх зоос”, “Цайрт минерал”, “Металл импекс”, “Болдтөмөр Ерөө гол”, “Алтайн хүдэр”, “Инфинити спейс”, "Хангад Эксплорэйшн", “Мондулаан трейд”, “Си өү эйл эл”, “Алтан дорнод Монгол”, “Бүрдэл майнинг”, “Эм эл цахиурт овоо”, “Хүрэн толгой коал майнинг”, “Монголиа шин ий энержи” компаниуд бүрдүүлж байна.

Орчин үеийн уул уурхайн салбарын 100 жилийн хөгжилд зориулсан “Mining Week-2022” арга хэмжээнд зориулсан өгөгдлийн дүрслэлүүдээс харахад, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын 2012-2020 онд улсад төвлөрүүлсэн орлогын 36 хувийг АМНАТ бүрдүүлжээ.

Эдийн засагч Ж.Золжаргал хэлэхдээ байгалийн баялгийг хаягдалгүй ашиглахын тулд АМНАТ-ийг зөв тогтоох ёстойг онцолсон. Тэрбээр “Coal Mongolia-2022” чуулга уулзалт дээр АМНАТ-ийн талаар хатуухан байр суурь илэрхийлснийг энд онцгойлон сануулъя.

Уул уурхайн салбарт тулгамдсан асуудал бол жишиг үнэ, АМНАТ. Монгол Улсын хэмжээнд нүүрсний экспортын жишиг үнэ гэж тогтоогоод, гэрээний буюу бодит борлуулалтын үнээс бус, тэрхүү жишиг үнээр тооцон татвар авч буй. Жишээ нь, сүүлийн үед бодит борлуулалтын үнэ баяжуулсан коксжих нүүрсэн дээр л гэхэд хамгийн ихдээ тонн нь 150 орчим доллар байтал Австрали юм уу, Хятадын аль нэг боомтын 300-400 ам.долларын үнийг жишиг болгон тооцоод, уг дүнгээр татвар авдаг гэсэн үг. Энэ нь нүүрсний компаниудад маш хүндээр тусдаг.

Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал хэлэхдээ "АМНАТ буюу роялти татварыг ч бодит борлуулалтын үнээс маш зөрүүтэйгээр тооцон авдаг. Үүнээс болж нүүрс экспортлогч компаниуд ихээхэн хүндрэл, алдагдалтай нүүр тулсаар яваа. Одоо эргээд харахад, энэ нь дан ганц компаниудын алдагдал гэхээсээ илүү улсын эдийн засагт сөрөг нөлөө учруулж эхэлсэн.

Цаасан дээрх тооноос 2022 оны эхний хагаст Монгол Улс нүүрсний экспортоос гурван тэрбум ам.долларын орлого олсон гэж харагдана. Үнэхээр ийм их хэмжээний валют орж ирсэн бол өнөөдөр ам.долларын ханш бодитоор тогтворжин, буурах ёстой. Гэтэл Монголбанкны валютын нөөц алдагдалтай хэвээр байна. Статистик, дүн мэдээ буруу байснаар бүх анализ, шийдвэр бурууддаг.

Нүүрсний экспортын орлого ба татварыг бодит бусаар тооцож ирсний сөрөг нөлөө ийнхүү улсын эдийн засаг, статистик, дүн мэдээнд хүртэл буруугаар нөлөөлж, төр засгаас буруу зөрүүтэй мэдээлэлтэйгээр, буруу зөрүү шийдвэр гаргах нөхцөл бүрдээд байна. Салбарын ассоциаци, холбоод энэ асуудлаар нарийн тооцоо гарган, яамдад уламжлан ажиллаж байгаа ч бодит үр дүн анзаарагдахгүй байна. Компаниуд АМНАТ-аас гадна аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гэх мэт бүх л татвар, хураамжаа төлдөг. Өнөөдөр эдийн засаг хэцүү байна. Буруу шийдвэрээс болж ийм хэцүү үед АМНАТ-ын дарамтад орчихоод байна. Тэр нь акт, өр болчихсон яваа. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй” гэсэн юм.

Олон улсын жишгээр АМНАТ-ийг гаргаж буй нүүрсний гэрээн дээр суурилан борлуулалтын орлогыг үндэслэн, гэрээний дүнгээр тооцон татвар авч, төлбөрөө төлдөг, тэр нь ил тод байдаг. Монгол Улсад нүүрсээ хямд гаргаад, ашгаа түрүүнд бодсон байдал үргэлжилсээр буй юм. Мөн гадаад валютаа эрдэс баялгаар буюу ялангуяа нүүрсээр олж буй нөхцөлд компаниудаа, ажил олгогчдоо дэмжиж, нүүрснийхээ өрсөлдөх чадвараа хадгалах нь юу юунаас чухал билээ. Энэ үүднээс татвар, төлбөр дээр зөв тогтолцоо бий болгож, хэрэгтэй шийдвэр гаргахыг бизнес эрхлэгчид хэлж буйг онцолъё.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж