Засгийн газрын хуралдаан өчигдөр/2022 09.22/ болсон ч сайд нарын зүгээс хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийгээгүй байна. Учир нь 2023 оны Төсвийн тухай хуулийн танилцуулгыг хоёр цаг хэлэлцсэн ба өнөөдөр Их тэнгэрт МАН-ын бүлгийнхэн уулзалт хийж, төсөвт онцгой анхаарал хандуулж байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчид хоёр өдөр дараалан хуралдаж буй нь Засгийн газрын гишүүдтэй санал солилцож байгаа аж. Монгол Улсын Засгийн газрын нийт өр 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 32.4 их наяд төгрөгт хүрснээс 28.7 их наяд төгрөг буюу 88.6 хувь нь Засгийн газрын гадаад өр, үлдсэн 3.7 их наяд төгрөг буюу 11.4 хувь нь Засгийн газрын дотоод өр, Засгийн газрын баталгаа, концессийн өр, орон нутгийн зээллэгтэй байна.
Тиймээс энэ жилийн төсөвт зардлыг бууруулахын тулд:
-Халамжийг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлэх, цаашид хөдөлмөр эрхлэлттэй уялдуулах;
– Хүүхдийн мөнгөний тогтолцоог оновчтой болгох;
– Хэмнэлтийн хуулийг бүх түвшинд хэрэгжүүлэх;
– Хөрөнгө оруулалтаар дамжуулан дотоодын эх оронч худалдан авалтыг дэмжих зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа аж.
Эргэн сануулахад өнгөрөгч оны төсөвт "Богдзонхова"-ийн жишээнээс эхлээд төсвийн хулгай мэр сэр гарсан. Удахгүй намрын чуулган нээлтээ хиймэгц 2023 оны улсын төсвийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэн батална. 2023 он бол сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа энэ удаагийн төсвийг хэлэлцэх үеэр ширүүн маргаан, лобби өрнөх нь тодорхой. Энэ ч утгаараа нам доторх олон фракцийн төлөөллийг сайдаар томилсон нь гарцаагүй.
Эдийн засагчдын зүгээс энэ оны төсөвт бодитой, үр өгөөжөө өгсөн төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулах хэрэгтэйг хэлж байна. Тухайлбал, эдийн засагч Б.Энх-Амгалан "Нэгдүгээрт, төсвийн орлогыг зөв төлөвлөх хэрэгтэй. Энэ оны төсөв шиг 36.7 сая нүүрс экспортолно гэдэг нь маш өндөр тоо. 2019 онд 30 сая тонн хүргэж зарсан. Ялангуяа, Хятад хилээ бүрэн нээгээгүйг мэдсээр байж 2022 оны төсөвт 36.7 сая тонн гээд 2019 оноос орлогоо давуулчихсан. Дээрээс нь зарлагаа 76 гишүүдийн үзэл бодолд тулгуурлаж, тойрогт тараадаг байдлаар яваад байна. Иймд төсөв дээрээ бодитой үйлдвэрлэл, үр өгөөжөө өгдөг төслүүдэд хөрөнгө оруулалтын тодорхой хувийг зарцуулмаар байна.
Боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулах мөнгийг багасгаж болохгүй. Харин хөрөнгө оруулалтын чиглэлээ тодорхой болгох хэрэгтэй. Тодорхой түвшинд үйлдвэрлэлийг дэмжих Монголын нэрийг гаргах, экспортын бараа бүтээгдэхүүн, эсвэл импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх чиглэлийн үйлдвэрийг дэмжихэд төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулах хэрэгтэй. Дэд бүтэц рүү оруулж буй хөрөнгө оруулалтыг 1-2 жилдээ бага зэрэг бууруулахад буруудахгүй" гэсэн юм.
Валютын ханш цагаар нэмэгдэж, цементээс эхлээд бараа, бүтээгдэхүүний үнэ өсч буй энэ цаг үед эрх баригч намынхан ирэх оны "бялуу"-гаа яриад завгүй байна. Харин олон нийт Засгийн газар эдийн засгийн уналтын эсрэг ямар арга хэмжээ авахыг амьсгаа даран хүлээж буй юм.
Холбоотой мэдээ