Хятадын хууль зүйн сайдаар ажиллаж байсан Фу Жэнхуаг авлигын хэргээр шүүж, цаазын ял оноожээ. Чанчунь хотын шүүхээс түүнд оноосон цаазын ял нь хоёр жилийн дараа бүх насаар хорих ял болон өөрчлөгдөх аж. Фу Жэнхуа нь 117 сая юанийг бэлэг, бэлэн мөнгө хэлбэрээр хувийн ашиг сонирхлоор бусдаас авсан хэрэгт буруутай нь өнгөрсөн долдугаар сард шүүхээр нотлогджээ.
Хятадад ирэх аравдугаар сард Коммунист намын Ардын их хурал болох гэж буй энэ үед Фу Жэнхуагийн хэрэг олны анхаарлыг татаж байна. Уг их хурлаар Хятадын дарга Ши Жиньпин эрх мэдлээ дахин таван жилээр гурав дахь удаагаа сунгахаар яригдаж буй.
Фу Жэнхуагаас өмнө гурван мужид цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан хүмүүсийг шүүж, ял оноосон аж. Тэд бүгд Хятадын аюулгүй байдлын нөлөө бүхий эрхэм Сун Лижуны улс төрийн хүрээний хүмүүс аж. Сун Лижун нь улс төрийн бүлэглэл үүсгэх замаар аюулгүй байдлын аппаратын бусад албан тушаалтнуудад тусалсан гэж буруутгагджээ. Тэрбээр өдгөө шүүх хурлаа хүлээж буй.
Фу Жэнхуа нь 2018-2020 оны хооронд Хятадын хууль зүйн сайдаар ажилласан. Тэрбээр цагдаагийн офицероос Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч дарга болтлоо дэвшсэн нэгэн юм. Тэрбээр хууль зүйн сайдаар ажиллах хугацаандаа Хятадын нөлөө бүхий эрхэм болох аюулгүй байдлын дарга асан Жоу Юнкан болон түүний хүрээллийн олон улстөрчийг авлигын хэргээр шалгаж, ялласан. Гэвч өнгөрсөн оны аравдугаар сараас намын дотоод хяналтын газраас Фу Жэнхуаг мөрдөн шалгаж эхэлжээ. Улмаар өнгөрсөн жил нийтийн албанаас чөлөөлөгдөж, энэ оны гуравдугаар сард Коммунист намаас хөөгджээ. Сарын дараа түүнийг авлигын хэрэгт сэжиглэн баривчилсан.
Холбоотой мэдээ