Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси Лхагва гаригт Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцох үеэрээ “CNN” агентлагийн сэтгүүлчтэй ярилцлага хийхээр товложээ. Ерөнхийлөгч товлосон цагаасаа 40 минутаар хоцорсон бөгөөд эхлэхээс өмнө ерөнхийлөгчийн туслах сэтгүүлчид толгойн алчуур зүүхийг санал болгосонд тэр эелдгээр татгалзсан байна. Сэтгүүлч ерөнхийлөгчийн шаардлагыг биелүүлээгүй учраас эцсийн мөчид ярилцлага цуцлагджээ.
Сэтгүүл Аманпур нь Ираны нийслэл Тегеран хотод өссөн. Тэрбээр Иранд сурвалжлага хийхдээ хууль тогтоомжийг дагаж мөрдөн толгойн алчуур буюу хижаб зүүдэг боловч Иранаас гадуур өөр улсад бол зүүх шаардлагагүй гэж үзэж байна.
“Иранаас өөр газруудад ажиллахдаа би хэзээ ч ийм шаардлага сонсож байгаагүй. 1995 оноос хойш би Ираны үе үеийн ерөнхийлөгчдөөс ярилцлага авсан. Иранд ч, Иранаас гадуур ч тэр. Гэвч тэдний хэн нь ч хэзээ ч хижаб өмсөхийг шаардаж байгаагүй. Би өөрийнхөө өмнөөс, агентлагийн өмнөөс, эмэгтэй сэтгүүлчдийн өмнөөс маш эелдгээр татгалзсан” гэж Аманпур ярьлаа.
Ираны ерөнхийлөгч хэрвээ Аманпуртай ярилцсан бол энэ нь түүний АНУ-ын нутаг дэвсгэрт хийсэн анхны ярилцлага болох байлаа. “Иранд эсэргүүцлийн жагсаал үргэлжилж буй энэ үед ерөнхийлөгч Раиситай ярилцах нь тун чухал мөч” байсан гэдгийг сэтгүүлч Аманпур хэлж байна. Ерөнхийлөгчийн туслах Иран дахь өнөөгийн нөхцөл байдал болон Мухаррам, Сафарын ариун сарууд тохиож байгааг онцлон дурдаад, шаардлага тавьсан аж.
Ираны хуульд эмэгтэйчүүд олон нийтийн газар явахдаа толгойн алчуур зүүхийг шаарддаг. Энэ дүрэм 1979 оны Исламын хувьсгалаас хойш хэрэгжиж буй бөгөөд сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн эсэргүүцэлтэй тулгарах болсон.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ