"Найман шарга"-д ам.долларын ханш 3420 төгрөгт хүрэв

Хуучирсан мэдээ: 2022.09.23-нд нийтлэгдсэн

"Найман шарга"-д ам.долларын ханш 3420 төгрөгт хүрэв

"Найман шарга"-д ам.долларын ханш 3420 төгрөгт хүрэв

Эдийн засагчдын хэлж байгаагаар ам.долларын ханш цаашид өсөх бөгөөд эдийн засгийн нөхцөл байдал ирэх саруудад хүндэрнэ гэдгийг сануулж буй. Арилжааны төвүүдэд өнгөрсөн сард ам.доллар 3150-3200 төгрөг болж буурсан бол Монголбанкны ам.долларын ханш 3279 төгрөгт хүрсэн байна. Харин "Найман шарга"-д 3420 төгрөг болж зах зээлийн ханшийн зааг 141 төгрөгийн зөрүүтэй болов. Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард ам.долларын ханш долоо хоногийн дотор 2950 төгрөгөөс 3350 төгрөгт хүрсэн билээ. Харин арилжааны банкууд хязгаарлалтаа тодорхой хэмжээнд сулруулснаар энэ хөөсрөл бууж эхэлсэн. Гэхдээ энэ хөөсрөл дахин үүсч ам.долларын ханш 3500 төгрөг давах эрсдэлтэй байгааг эдийн засагчид анхааруулж байна.

Банкууд ам.долларын өдрийн лимитээ цуцлаагүй бөгөөд шаардлагатай гүйлгээнд  тодорхой хэмжээнд хязгаарлалттай олгож байгаа аж.

МОНГОЛБАНКНААС ЗАРЛАСАН ДОЛЛАРЫН ХАНШ 3279 ТӨГРӨГ БАЙНА

Монголбанкнаас өнөөдөр /2022.09.23/ зарласан ханшийн тухайд ам.доллар 3279  төгрөгтэй тэнцэж байна. Ингэснээр төвбанкны ам.долларын ханш “Найман шарга”-ын зөрүү 141 төгрөг болов. Харин арилжааны банкууд болох "Төрийн банк", "Хаан", "Голомт", "Худалдаа хөгжлийн банк" зэрэг банкууд ам.доллар авах хүсэлтэй иргэдэд ам.доллар хязгаартай олгож байна. Худалдаа эрхлэгчдийн хүсэлтийг харгалзаж ам.долларын шилжүүлгийг лимитийн дагуу хийж байгаа аж.

ЭДИЙН ЗАСАГ ИРЭХ САРУУДАД ИЛҮҮ ХҮНДРЭХ ЭРСДЭЛТЭЙ

Эдийн засагч Ж.Дэлгэрсайханы хэлснээр, Монгол Улсын эдийн засаг хямралын нөхцөл байдалд байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн гурван улирал хасах явсны эцэст эерэг тоонд шилжлээ. Хэдийгээр төсвийн орлого, гадаад худалдааны тэнцэл зэрэг цөөн макро үзүүлэлт эерэг байгаа ч үүний нөгөө талд үнийн өсөлт, валютын хомсдол, төлбөрийн тэнцэл, иргэдийн бодит орлогын бууралт зэрэг томоохон асуудлууд бидний өмнө байна. Мөн өрхийн орлогын бүтэц, орлого, зардлын харьцаа сөрөг хандлагыг зааж байна. Эдгээрийг дурдаж байгаа нь нөхцөл байдлыг сөргөөр харах гэсэнгүй. Цар тахал, дэлхийн улс төр, эдийн засгийн байдал, дотооддоо явуулж байгаа бодлого зэргээс шалтгаалж эдийн засаг ямар болчихсоныг бид бүхэлд нь харж дүгнэх шаардлагатай гэсэн санаа юм.

Цөөн эерэг үзүүлэлтийг харж сэтгэлээ хуурах нь алдаанд хүргэж болзошгүй.

Дээр дурдсан эдийн засгийн өсөлтөд шилжсэн байдал нь эдийн засгийн суурь өөрчлөлт гэж харахад хүндрэлтэй байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний  өөрчлөлтийн задаргаанаас тодорхой. Тодруулбал, аж үйлдвэрийн салбар түүн дотор  уул уурхайн салбар уналттай, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын эерэг өөрчлөлтөд суурилсан багахан өсөлт нь цар тахлын хязгаарлагдмал нөхцөл байдлын дараах динамик өөрчлөлт гэж харахаар байна.

Өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн бүтэц, чадамжид суурилан харвал гадаад орчноос илүү хамааралтай байгаа нь бидний гол асуудал.

Учир нь өнөөг хүртэл бидний бүтээсэн улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал нь энэхүү томоохон хямралын эсрэг сөрөн зогсох дотоод нөөц бололцоо ихээхэн багатай. Иймээс дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, ялангуяа өмнөд хөршийн эдийн засгийн байдалтай Монголын эдийн засгийн ойрын ирээдүйн хандлага ихээхэн хамаарна. Ирэх саруудад нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэй гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж