Ад үзэгдсэн ашигт малтмалынхнаа аврах уу?

Хуучирсан мэдээ: 2022.09.23-нд нийтлэгдсэн

Ад үзэгдсэн ашигт малтмалынхнаа аврах уу?

Ад үзэгдсэн ашигт малтмалынхнаа аврах уу?

Тосгонд төрийг төлөөлсөн багийн дарга “Иргэдтэй өөрсдөө учраа ол” гэж уурхайнханд хэлэв. Учир нь уурхайнхан өөрсдийнх нь лицензтэй талбайн нэг хэсгээ газраа ашиглах болоход гэнэт хоёр ч гэр ургачихав уу гэлтэй баригдчихжээ. Унтаад босоод ирэх хоород барьсан гэрийнхнийг лицензтэй талбайгаасаа нүүхийг шаардахаар очиход хүн байсангүй. Сурагласаар эзнийг нь олоход өмнөөс нь үе дамжин ирсэн намаржаанаасаа нүүхгүй гэв. Айлыг эзгүй хойгуур нь буулгах хэцүү, байх хэцүү болов. Гайхсан уурхайнхан ажлаа алдахгүйн тулд багийн Засаг даргад хандсан нь энэ. Хачирхалтай нь, мөнөөх үе удмаараа намаржиж ирсэн гээд буй иргэн үнэн хэрэгтэй Засаг даргын ээж нь болой. Тиймээс л “өөрсдөө учраа ол” гээд орхижээ.

Ээждээ учирлаж болох ч “иргэнтэй өөрсдөө учраа ол” гэх ганцхан үгээр асуудлаас бултаад буйн шалтгаан нь аль газрыг хэн хэрхэн ашиглаж буй, хаагуур ямар зам тавих гэж буйг хамгаас сайн мэдэх Засаг даргын мэдээлэлд ойр байдлаа ашиглаж ээждээ алтан хошуу хүргээд арга зааж өгсөн магадлал тун чиг өндөр… Түүнийг ч батлан хожим ээжид нь 20 сая төгрөг өгөөд асуудлыг шийджээ. Үе удмаараа намаржиж ирсэн гэх газартаа анхны цас ортол ирж буугаагүй нь ямар зорилготойг нь яруу тодоор хэлээд өгөх шиг. Энэ бол уурхай болгонд тохиолддог энгийн нэгэн жишээ.

Тиймээс ч иргэдтэй учраа ололцдог мэргэжилтэнтэй хүртэл болсон байх жишээтэй. Орон нутгийн малчдын мах, ногоог нь өндөр үнээр авна. Өөрсдийнхөө хэр хэмжээгээр орон нутагт хандив өгнө. Шөргөөцөлдсөн, шантаажилсан нутгийнхантай муудаж, ажлаа алдахгүйн тулд нэхсэн мөнгийг нь өгнө. Хүүхдийн сургуулийн төлбөр, хөл залгуулах унааны мөнгө өгөх энүүхэнд. Дээр нь төрийн, татварын дарамт нэмэгдэнэ.

2019 оны жилийн эцсийн байдлаар уул уурхайн салбарт орсон Гадаадын шинэ хөрөнгө оруулалт Монголын ГШХО-ын 75 хувийг эзэлж байлаа. Үүнээс хойш иргэдийн эсэргүүцэл, төрийн дарамт улам ихэсч, “Улсын тусгай хэрэгцээнд” нэрийдлээр бишгүй лизенцийг цуцалсан. Тэдний заримыг нь буцаан сэргээжээ. Гэвч эл явдлын дараа статистик дараах байдлаар өөрчлөгджээ. 2020 оны нэгдүгээр улиралд уул уурхайн салбарт нийт 476.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж, нь өмнөх оны мөн үеэс 2.1%-иар буурав. Үүнээс хойш буурсаар энэ оны эхний долоон сарын байдлаар Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,140.7 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 672.8 тэрбум төгрөг буюу 23.9 хувиар буурчээ.

Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар,

  •  Уул уурхай, олборлох 2,102.2 тэрбум төгрөг буюу 22.3 хувь,
  •  Газрын тос 1.8 тэрбум төгрөг буюу 0.02 хувь,
  •  Тусгай зөвшөөрлийн төлбөр 18.8 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,
  •  Бусад орлого 17.9 тэрбум төгрөг буюу 0.19 хувь.

 

Дээрээс нь нүүрсний экспортын  төлбөрөө түрүүлээд авчихсан тул одоо нүүрсээ гаргасан ч төсөвт орж ирэх мөнгө бага байна. Монголчуудын эдийн засгийн гол хүч болсон уул уурхайн салбар уналтад орсноор дагаад валютын нөөц багасч, иргэд, аж ахуйн нэгжийн орлого тасалдаж, эдийн засаг бүхэлдээ хэцүү байдалд орчихлоо. Энэ мэт нөхцөл байдлаас шалтгаалан ам.долларын ханш өдөр, цагаар өсч байна.

Монгол Улсын 2022 оны төсөвт 36.7 сая тонн нүүрс экспортлоно гэж төлөвлөсөн ч өнөөдрийн байдлаар 10 сая тоннд ч хүрээгүй байна. Үүнээс шалтгаалаад  валютын орох урсгал бага, гарах урсгал их болж валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар хүртлээ багассан талаар албаныхан мэдээлж байна.

Гэтэл уул уурхайн салбар өнөөдөр Монгол Улсын ДНБ-ий 24%, аж үйлдвэрийн салбарын 69%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77%, экспортын 93%-ийг бүрдүүлдэг том салбар. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хийсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 хувийг дангаараа эзэлж байсан нь нэгийг хэлээд байх шиг.

Хайгуулын салбарт хөрөнгө оруулалт зогссон тухай салбарынхан чуулганаараа онцолж байна. Эрдэс баялгийн салбарт супер цикл эргэн ирж буй ч бид боломжийг ашиглаж хайгуулын салбараа сэргээх, энэ салбарт хөрөнгө оруулалт татах шаардлагатай байгааг салбарынхан онцлоод байна. Тиймээс тэднийг тонуул, дээрэмчид, алтыг нь аваад авдарыг нь хаягчид, ашгийг нь хүртээд гамшгийг үлдээдэг мэтээр гадуурхахаас илүүтэй хариуцлагатай уул уурхайг дэмжих, хариуцлагагүйг нь таслан зогсоох төрийн бодлого үгүйлэгдэж байна.

АМНАТ, Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрөө ч эргэн хармаар нөхцөл байдал үүссэнийг салбарынхан учирлаж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Эрдэс баялгийн салбарын хөгжлийг хязгаарлаж байгаа 3 гол хүчин зүйлийг “ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо багасч байгаа, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл буурч хөрөнгө оруулагчид нэмэгдэхгүй байгаа, салбарын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц эсэргүүцэл нэмэгдэж нөгөө талдаа хууль бус олборлолт, хариуцлагагүй уул уурхай байсаар байгаа явдал” гэж  “Монголын уул уурхайн 7 хоног” арга хэмжээний үеэр тодорхойлсон. Энэ л энэ салбарт үгүйлэгдэж байна. Эдийн засгаа солонгоруулах бодлого хэрэгтэй. Гэхдээ түүнээсээ өмнө тэжээгчээ амь тавиулмааргүй байна. Монголын эдийн засгийг чирч яваа энэ салбар зогсонги байдалд ороход тэднийг түшиж байсан хэдэн мянган аж ахуйн нэгж дампуурав. Тиймээс л тэднийг дэмжсэн бодлого хэрэгтэй байна. Ачтан гээд араатныг дагавал яанан билээ гэдэг шиг ад үзээд бид алдана уу гэхээс хожихгүй өнөөгийн байдал бэлхнээ харуулаад байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж