Тэрбум мод аврах "Эрүүл ой" төслийг хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.09.22-нд нийтлэгдсэн

Тэрбум мод аврах "Эрүүл ой" төслийг хэрэгжүүлнэ

Тэрбум мод аврах "Эрүүл ой" төслийг хэрэгжүүлнэ

“Эрүүл ой” төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны гэрээг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Рио Тинто Монгол ХХК, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” төрийн бус байгууллагын төлөөлөл үзэглэв /2022 оны 9 дүгээр сарын 23/. Энэхүү төсөл нь энэ оны 6 дугаар сарын 24-ний өдөр БОАЖЯ болон Рио Тинто Монгол ХХК-ийн хооронд байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хэрэгжүүлэх эхний томоохон ажил юм.

Талууд “Эрүүл ой” төслөөр Монгол орны ой модыг устгаж, доройтолд оруулж буй чимээгүй түймэр болох хөнөөлт шавжийн сөрөг нөлөөллийг бууруулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулж, ойн төлөв байдлыг сайжруулах, хамгаалах, Монгол Улсын ойн салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах зэрэг нийтлэг зорилтуудыг дэвшүүлж байна.

Учир нь шинээр тэрбумаар тоологдох модыг тарихын зэрэгцээ Монгол орны ойн сангийн өнөөгийн нөөцийг доройтохоос хадгалж хамгаалах нь чухал болоод байна. Одоогоор Монгол орны нийт газар нутгийн 7.9 хувийг ойгоор бүрхэгдсэн талбай эзэлж байна. БОАЖЯ-наас явуулсан судалгаагаар сүүлийн хоёр жилд Ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас тогтмол хийгддэг оймн хөнөөлт шавж устгалын ажлууд хойшлогдон, тэмцлийн хүчин чармайлт үр дүн багатайгаас үүдэн 2022 онд хөнөөлт шавжийн тархалт гамшгийн түвшинд хүртлээ их хэмжээгээр нэмэгдсэн байна. Нийт 700 мянган га орчим ой хөнөөлт шавжид нэрвэгдсэн гэсэн тооцоо гарсны дотор 11 аймгийн ойн сан бүхий газар, Богдхаан уулын улсын тусгай хамгаалалттай газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Улаанбаатар хот орчмын ногоон бүсийн ойг хамарч байна. БОАЖЯ-ны Ойн судалгаа, хөгжлийн төвөөс нэн даруй үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол 1.1 тэрбум мод үхэж, 126,000 га ойн сан доройтолд орно гэж  дүгнэжээ.

Иймд Рио Тинто компанийн санхүүжилтээр, БОАЖЯ-ны удирдлага дор, Олон улсын байгаль хамгаалах байгууллагын ойн мэргэжилтнүүдийн хэрэгжүүлэх “Эрүүл ой” төслийн хүрээнд хортон шавжаас үүдэлтэй нийт доройтсон газар нутгийн тал хувийг хамарсан тэмцлийн ажлыг 2023-2024 онд хийж, шинэлэг бөгөөд олон улсын шилдэг арга, техникийг нэвтрүүлэх замаар үр дүнг 90 гаруй хувьд хүргэх, урт хугацаанд ойг хөнөөлт шавжаас тогтвортой хамгаалах хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх Монгол Улсын чадавхыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хийхээр төлөвлөжээ.

Төслийг хэрэгжүүлснээр гол үзүүлэх үр нөлөө нь Монгол Улсын тэрбум гаруй модыг аварч, хөнөөлт шавжтай тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэн, тэмцлийн үр дүнг байж болох хамгийн өндөр түвшинд хүргэж, ойн нөөц баялгийг ирээдүй хойч үедээ хадгалж өвлүүлэх юм.

“Эрүүл ой” төслийн хамтын ажиллагааны гэрээнд зурах ёслолыг нээж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” ТББ-ын захирал Тодд Коенингс нар үг хэллээ.

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ: Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр жил бүр нэмэгдэж байгаа хөнөөлт шавжийн тархалтыг зогсоож, энэ чиглэлийн хүний нөөцийг бэлтгэн чадавхжуулж, дэвшилтэт техник, технологиудыг нэвтрүүлснээр тэрбумаар тоологдох модыг аврах”-ыг зорьж байгааг хэлсэн үгэндээ онцолсон юм.

Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал: “Монгол орны ойн санг хөнөөлт шавжаас хамгаалах, мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадавхжуулахад”-д дэмжлэг үзүүлэн ажиллахаа тодотгосон.

Мөн арга хэмжээнд …. төлөөлөгчид оролцож Монгол орны байгаль орчны салбар, ойг хамгаалах чиглэлд уг төслийг хэрэгжүүлж, хортон шавжаас үүдэлтэй ойн доройтлыг бууруулахад хувь нэмэр оруулах болсонд баяр хүргэн төслийн цаашдын хэрэгжилтийг дэмжин хамтран ажиллах талаар саналаа хүргүүллээ

Холбоо барих: 

Цахим хаяг: contact@met.gov.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Рио Тинто Монгол ХХК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж