Сурвалжлага: Автобусандаа суухын тулд 05.00 цагт босдог болжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.23-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Автобусандаа суухын тулд 05.00 цагт босдог болжээ

Сурвалжлага: Автобусандаа суухын тулд 05.00 цагт босдог болжээ

Шөнийн жавар хурсан хүйтэнд эцсийн буудлаас сургуулийн автобусанд амжиж суух гэсэн хүүхдүүд үүрийн 05:30 цагаас гэрээсээ гарна. Үнэ төлбөргүй ч хүрэлцээ муутайгаас болж хүүхдүүд ийн эрт гардаг бөгөөд үүнээсээ болоод даарна. Ханиад хүрэх нь энүүхэнд. Гэвч эрт гарахгүй бол амжиж автобустаа сууж хүрнэ.

07:10 цаг . Хан-Уул дүүргийн Морингийн даваа буудлаас 40 гаруй сурагч сургуулийн автобусандаа сууж, хөдлөв. Дунд, ахлах ангийн сурагчид түлхүү суужээ. Харин бага ангийнхан ихэвчлэн аав, ээжээрээ хүргүүлдэг байна.

Түгжрэл эхлэхээс өмнө явах маршрут гаргахгүй бол сурагчид хоцрох эрсдэлтэй гэж хүүхдийн автобусны жолооч хэллээ. Гэсэн ч 5-10 минут зогсож хүүхдүүдээ хүлээнэ. Удаан хүлээвэл түрүүлж ирсэн хүүхдүүд нь хоцорчих гээд асуудал их. Өглөөний 07:20 цаг гэхэд хөдөлсөн байвал сургууль дээр амжиж очдог аж. Уг нь автобусны буудлын эцсээс сургууль хүртэл дөрөвхөн километр зайтай. Хүүхдийн автобусанд зохицуулагч гэж байхгүй. Жолооч нь сурагчдыг зохицуулж суулгаад цагтай уралдаж явдаг гэнэ.

Улаанбаатар хотын хэмжээнд 286 ерөнхий боловсролын сургуульд 341 мянга 500 сурагч энэ жил суралцаж буй. Төрийн өмчийн 152, төрийн бус өмчийн 134 сургуульд шинээр 38 мянга 842 сурагч элсэн орсон. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор 5600-6300 сурагч сургуулийн автобусаар зорчжээ.

Сургуулийн автобусны жолоочийн хэлснээр "Нисэхийн эцсээс  нийт дөрвөн сургуулийн сурагчдыг авч 06:10 гэхэд хөдөлдөг. Эрт хөдөлсөн ч түгжрэлээс шалтгаалж, хүүхдүүдээ зарим тохиолдолд замд нь буулгаж алхуулахаас өөр аргагүй. Өглөө буудал дээр очиход хүүхдүүд аль хэдийн ирчихсэн хүлээж байдаг учраас дүүрээд шууд явна. Нисэх, Яармагийн түгжрэл их учир эрт хөдөлхийг л боддог . Нийтийн тээвэр явж эхлэхээс өмнө гарахгүй бол түгжрэлд олон цаг зогсдог. Зарим өдөр түгжрэл бага бол хүүхэд хичээлээ хүлээгээд хүйтэнд гадаа зогсох нь ч бий" гэх.

Нийслэлийн хэмжээнд цөөнгүй сургууль өөрийн өмчлөлийн болон түрээсийн автобусаар сурагчдадаа гэр сургуулийн хооронд тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Нийтдээ 102 сургуульд 220 хүүхдийн автобус үйлчилдэг. Эдгээр сургуульд нийт 80 гаруй мянган сурагч суралцдаг бөгөөд тэдний 10 гаруй хувь нь хүүхдийн автобусаар үйлчлүүлдэг гэсэн тооцоо гарсан. “Хүүхдийн автобус”-тай сургуулийн олонх нь төрийн бус өмчийн сургууль байгаа юм. Тодруулбал, Төрийн өмчийн 37 сургуульд 41 автобус, хувийн 65 сургуульд 179 автобусаар үйлчилдэг байна.

Буянт-Ухаа чиглэлийн автобус өглөөний 06:20 цагаас хөдөлдөг. Автобусанд багтаагүй сурагчид алхах эсвэл 2000 төгрөгийн унаа олдвол сууна. Гэхдээ байнга 2000 төгрөгтэй явах нь ховор.

Жолоочийн хэлснээр хүйтэн, түгжрэл ихтэй үед бага ангийн сурагчдаа суулгаж, том ангийнхныг алхахыг нь зөвшөөрдөг. Миний хувьд өглөө 05:30 цагаас гэрээсээ гарч, Буянт-Ухаагаас сурагчдаа авдаг. Гэтэл уулзвар ч хүрэхгүй түгжрээд 30 минут болно. Тэгээд цааш эхний сургууль дээр очих гэсээр байтал сүүлийн сургуулийн хүүхдүүд хоцорчихдог. Нэгдүгээр эгнээгээр дан нийтийн тээвэр явдаг бол хоцрох асуудал гарахгүй.

Нисэх, Яармаг чиглэлд хүүхдүүд чихээд явсан ч замынхаа голд очоод түгжрэлээс болж бүгд бууна. Эцэг, эхчүүд ч хүлээн зөвшөөрсөн учраас хүүхдүүдээ дулаан хувцаслаж алхуулах нь их болжээ.

Өнгөрсөн жил 25 автобус 25 чиглэлд давхардсан тоогоор 4300 орчим хүүхдийг тээвэрлэж байсан бол энэ жил 8000 орчим хүүхэд тээвэрлэх тооцоолол гарсан.

Хүрэлцээ, чиглэлийг нэмэх тал дээр жил бүр эцэг эхчүүд, багш нар хотын удирдлагуудад саналаа хэлдэг. Гэвч асуудал шийдэгдээгүйг та сая уншлаа Хэдий болтол алслагдсан хорооноос дүүргийн төвийн сургууль руу зорчдог сурагчдын эрх зөрчигдөх вэ? Тав тухтай, аюулгүй хичээл, сургуульдаа явах боломж хэзээ бүрдэх вэ.

Сургуулийн автобус төсөл хэрэгжиж эхэлсэн ч хүрэлцээ муу учраас хүүхдүүд алхах эсвэл унаанд суухаас өөр аргагүйд хүрэх нь олонтаа тохиолддог аж. Уг төслийн хүрээнд 200 автобус орж ирэх байсан ч эхний ээлжид 25 автобус үйлчилгээнд гаргасан. Харин үлдсэн нь үнийн өсөлт, хил гаалийн асуудлаас болоод тоо нь багасч нэмж 50 автобус авахаар болсон билээ. Тэрхүү 50 автобус хэзээ үйлчилгээнд явах талаар “Моннис” группийн гүйцэтгэх захирал Ч.Чинзоригт хэлэхдээ “Үлдсэн 50 автобусыг энэ сардаа багтаан оруулж ирэхээр ажиллаж байна. Хил гаалийн асуудал болон бусад асуудал гарахгүй бол ойрын хугацаанд оруулж ирнэ” гэв.

Иймд үлдсэн 50 автобус нийлүүлэх хүртэлх хугацаанд 24 автобусыг 24  чиглэлд есдүгээр сарын 5-ны өдрөөс явуулж эхэлсэн аж. Нэг автобусыг Багахангай дүүрэгт хуваарилсан. Ингэхдээ ойролцоо байршилтай сургуулийн сурагчдад хамтад нь үйлчилдэг. Жишээлбэл, 84, 21, 111 дүгээр сургууль, 23, 24 дүгээр сургууль, 5, 50 дугаар сургууль, 1, 45 дугаар сургуулийн сурагчдыг хамтад нь хүргэдэг. Ийнхүү зориулалтын 25 автобус үйлчилгээнд нэмэгдсэн ч хүрэлцээний асуудал дахин гарч ирсээр. Учир нь маршрутын хувьд төдийлөн өөрчлөлт ороогүй байна.

Энэ байдлаараа өвөлтэй золгох юм бол сургуулийн автобусны хүртээмжгүй байдлаас болж сурагчид өвлийн хүйтэнд осгож мэдэх нь.

Нэгэнт л сургуулийн автобус хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бол үр дүнтэй, хүртээмжэй байх хэрэгтэй гэж иргэд хэлж байлаа.

Сургуулийн автобусны хүртээмжийн талаар хичээл, сургууль эхлэхээс өмнө шийдэх хэрэгтэй байжээ. Гэвч улсын хэд хэдэн сургуулийн дунд үйлчлэх нэг автобусыг стандарт болгох ажил хоёр жил дамнан гацаж, тоо нь өсдөггүй автобусаа үйлчилгээнд явуулсаар л байна. Аливааг цагийг нь тулгаж, яаруу сандруу, дутуу дулимаг хийдэг төрийн зохицуулалтыг зовлонг сурагчид үүрч байна.

Б.УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж