Ерөнхийлөгчийн уриалга ба гадаах улс төр

Хуучирсан мэдээ: 2022.09.23-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн уриалга ба гадаах улс төр

Ерөнхийлөгчийн уриалга ба гадаах улс төр

Дэлхийн түүхэнд “Монголын их амар амгалан” дэг журмыг тогтоож явсан монголчуудын үр сад бид дэлхийн улс орнууд харилцан ойлголцож, хамтран ажиллаж, аливаа зөрчил тэмцлийг энхийн яриа хэлэлцээний замаар, эв зүйгээр зохицуулж чадах аваас цэнхэр дэлхий минь амар амгалан болж, хүн төрөлхтөнд “Дэлхийн амар амгалан” ирэх болно гэдгийг хэлэхийн ялдамд энэхүү энхийн үйлсэд хамтран зүтгэхийг дэлхийн улс түмэнд уриалж байна”.  Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үг. Товчхондоо, Монгол Улс дайн, дажин, үймээн самууныг илтэд дэмжихгүй болохоо эвтэйхэн агаад энгийнээр дэлхий дахинд зарлачихлаа.

У.Хүрэлсүхийн хэлэх дуртай нэг үг байдаг. "Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ" гэж. Тэрбээр ШХАБ-ын хуралдаанд оролцож, “Монгол Улс ажиглагчийн статусаа хадгална” гэж хэлснийхээ дараа НҮБ-ын индэр дээрээс дэлхий нийтэд энх тайвныг уриалсан нь экспорт, импортын хувьд их гүрнүүдээс хараат жижиг улсын Ерөнхийлөгчийн эр зориг мөн үү гэвэл мөн. Түүний энэ үг, үйлдэл Монгол Улсыг  дэлхийд зөв харагдуулсан уу гэвэл бас тийм.

Үнэндээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гадаад бодлого ерөнхийдөө дажгүй гэж хэлж болно. Гэр доторх жижиг улс төрөө орхиод гэрийн гадаах том улс төрдөө анхаарч, ач холбогдол өгөх болсон нь өөртөө ч улсдаа ч нэмэх оноо авчрах болсон. Түүний улс төрийг сөрөг хүчний лидерүүд үнэлэх болсны нэг нь Э.Бат-Үүл.  Тэрбээр “Путиныг дагаж далдагнан Баттулгын орхиж өнжөөсөн НҮБ-ын индэр дээрээс Хүрэлсүх тусгаар тогтносон, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн улсын Төрийн тэргүүн шиг, их гүрнүүдийн хариуцлагыг сануулсан үг хэллээ дээ!" гэж Ерөнхийлөгчийн дипломат бодлогыг сайшааж байгаагаа илэрхийлжээ. Өмнө нь ШХАБ-д хэлсэн үгийг нь онцлон жиргэж байсан билээ.

Ерөнхийлөгчийг НҮБ-рүү нисэхтэй зэрэгцээд “Украины Ерөнхийлөгч Зеленскийг НҮБ-ын чуулган үг хэлэх саналд Монгол Улс түдгэлзсэн байр суурийг илэрхийлсэн” тухай шүүмжлэл гарсан. Энэ нь мэдээж жижиг улсын хувьд үндэсний аюулгүй байдлаа хамгаалж үлдэх гэсэн тактик биз. Дайн байлдаантай, үймээн самуунтай байгаа мөнхийн хоёр хөрштэйгөө стратегийн харилцаагаа эрхэмлэх нь өөрөө стратеги гэдгийг олон улс ойлгож байгаа байх. Учир нь "Жижиг улсын зовлон шүү дээ" болохыг.

Хоёр хөрштэйгөө муудалцлаа гээд хожихгүй. Харин ч хохирч мэднэ.  Айл, аймаг эвтэй нь сайхан гэж монголчууд ярьдаг. Гэлээ гээд хөршүүдээ дагаж намирах нь бас хаашаа  билээ Монгол ардчилсан тусгаар улс. Ардчилал маань монголчуудыг их гүрнүүдийн элдэв, шахалт, дарамтаас хамгаалах “бамбай” болж буй нь яамай.

Нөгөөтэйгүүр, 2019 онд Ардын намынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны ачаар Монгол Улс арай ч Беларусь болчихсонгүй. Халхын заяа их гэдэг, Х.Баттулга Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон бол Монгол өнөөдөр Беларусь болчихсон байхыг үгүйсгэхгүй. Төрийн тэргүүнээр дөрвөн жил ажиллахдаа В.Путиныг дуурайгаад ганц удаа ч НҮБ-ын чуулга уулзалтад явж байгаагүй хүн.  Тэр бүү хэл, Төрийн тэргүүн байх үедээ  Монгол Улсын төвийг сахих тогтоолыг цуцлаж, ОХУ-тай стратегийн хугацаагүй гэрээ байгуулчихсан байсан “баригдсан”.  Стратегийн энэ хугацаагүй гэрээ байгуулснаас нь харвал түүнийг төрийн ордны гурван давхраас  явуулаагүй бол тэр аль хэдийнэ Монголыг Шанхайн "ломбардад" тавьчихсан байхыг үгүйсгэхгүй.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Х.Баттулга нэр дэвших боломжгүй болсон нь монголчуудын зол гэлтэй. Түүний нэр дэвших боломжийг 2021 оноор хязгаарласан нь үндсэндээ Ардын намынхны гэхээсээ З.Энхболдын хийсэн ажил гэхээр “ордны тайган”-д бас талархмаар.

Үнэндээ У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр сонгогдох үед дараагийн Женко гэж харж дүгнэх хүмүүс цөөнгүй байлаа. Гэвчиг, тэрбээр Х.Баттулгын самарсан гадаад харилцааг цэгцэлж, цэвэрлэж, гацаанаас гаргахад анхаарч, ажиллаж байна. Тэрчлэн Путиныг дуурайдаг, барьдаг гэж баалуулж, шүүмжлүүлдэг. Гэсэн ч Женко шиг Монголоороо  тоглосонгүй. Монголынхоо эрх ашгийг хангар, ардчиллаа   хамгаалах ур ухаан гаргаж байна. Өөрөөр хэлбэл,  хоёр хөрштэйгөө эвийг сахиж, гуравдагч орнуудтай  найрсаг харилцаатай байх нь Монголд өлзийтэй.

Тэрбээр Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө  “Монгол төрийн гадаад бодлогын залгамж чанарыг хангаж, мөнхийн хоёр хөрш болон гуравдагч хөршийн бодлогын хүрээнд дэлхийн бусад улс орнуудтай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөн цар хүрээнд хөгжүүлэхийн төлөө, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай явуулах болно. Нэгдсэн үндэстний байгууллага болон олон улсын яриа хэлэлцээний тавцанд Монгол Улсын нэр хүнд, оролцоог сэргээн бататгаж, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудтай үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө санал санаачилга гарган, идэвхтэй хамтран ажиллана” гэж амалж байсан.

Амалснаараа, Монголынхаа амбицыг энэ мэт эвтэйхэн илэрхийлээд байвал нэр нь нээрэн түүхэнд үлдэх ч юм билүү, хэн мэдлээ. "Манай нохой" шиг дотогшоогоо хуцалгүй, Монголоо энд тэнд сурталчлаад, уриалаад, гадаах улс төр хийгээд яваад байгаад нь браво.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж