“Долларгүй бол Монгол Улс дампуурна”

Хуучирсан мэдээ: 2022.09.23-нд нийтлэгдсэн

“Долларгүй бол Монгол Улс дампуурна”

“Долларгүй бол Монгол Улс дампуурна”

УИХ-ын гишүүн Т.Доржхандаас ам.долларын өсөлтийн сөрөг нөлөөллийн талаар тодрууллаа.


-Монголд ам.доллар хомсдож, төгрөгийн ханш улам суларч байна. Энэ дагуу Монголбанк бодлогын хүүгээ нэмлээ. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Дэлхийн төв банкууд бүгдээрээ бодлогын хүүгээ өсгөж байхад манайх оройтоод байна. Төсвөөр шавар бурхан санхүүжүүлэх биш хэмнэх хэрэгтэй. Гэтэл Монголбанк “кардаанаа” татаад байдаг, үр дүнд нь бизнесийнхэн хэцүү болж байна. Эсрэг талд нь төсөв тэлээд, тэгсэн мөртлөө орлого байхгүй болчихлоо. Иймээс гаднаас зээл авчихъя гэдэг нь бидний зовлон байгаа юм. Ер нь 2007 он буюу монголчууд уул уурхайгаас их хэмжээний орлоготой болсноос хойш энэ зовлон үүссэн. Тэгэхээр өргөс авсан юм шиг шийдэгдэхгүй. Урт хугацаандаа шийдэх ёстой. Бид оношоо зөв олох ёстой. Бид экспорт хийгээд мөнгөө олж чадахгүй байна. Хоёр жил цар тахал гээд бид мөнгөө олж чадаагүй биз дээ. Одоо ч чадахгүй байна. Яагаад гэвэл дэд бүтэц, хил гааль гээд ложистикийн асуудлыг шийдэж чадахгүй явлаа. Төмөр зам “тавигдлаа” гэж байгаа боловч, ачиж буулгах бөөн асуудал үүссэн.

Улс төрийн популист шийдвэрээс болж улс орон эдийн засаг хохирч байна. Богино  хугацаандаа төсвөө хумьж, мөнгөний бодлогоо чангалах нь зүйтэй. Инфляци ханшийн асуудлыг шийдэхгүй бол бид ам.долларгүй болж байна. Ам.долларгүй бол Монгол Улс дампуурна. Дараагийн бондоо төлж чадахгүйд хүрнэ. Олон улс дахь Монголын Засгийн газрын бондууд үнэлгээ нь уначихлаа. Дэлхий ертөнцийн хөрөнгө оруулагчид Азиас мөнгөө татаад байна. Эрсдэлтэй болчихлоо. Хэн мөнгө өгч, хөрөнгө оруулалт хийх юм. Ам.долларыг хатуу валют гэж ярьдаг шүү дээ. Валют байхгүй бол тэгээд л дефолт болно. Нэг удаа дефолт болоход эдийн засаг сэргэхэд хэцүү. Африк, Латин америкийн орнуудын 1970, 1980-аад оны түүхийг давтана. Монгол Улсын эдийн засаг муу байгаа. Сайн зүйл огт байхгүй байна. Цаашдаа улам хэцүү болно.

-Ам.долларын урсгал орж ирэхгүй байгаа учраас казино, бусад хөрөнгө оруулалт татах төслийг хэрэгжүүлэх хэрэгтэйг зарим нь ярьж байна. Казино байгуулах нь зөв үү?

-Казино байна уу, бусад нь байна уу, ямар нэгэн арга илэрхийлэх нь чухал. Ам.долларын эх үүсвэр оруулж ирэх төслийг хийх хэрэгтэй.

-Эрх баригчид ирэх жил авах байсан зээл тусламжаа наашлуулж тэрбум орчим ам.доллар орж ирнэ гэж найдаад байна. Энэ бодитой юу?

-Мөнгийг хэн өгдөг юм. Ардчилсан орнууд өгдөг биз дээ. Тэд нар чинь ардчиллыг хамгаалахыг хүсээд байна шүү дээ. Гэтэл манай олон улс дахь байр суурь ямар байгаа билээ. Ардчилсан орнуудаа дэмжихгүй байгаа биз дээ. Бид тусдаа төвийг сахина гэсэн байр суурьтай байгаа учраас орж ирэх мөнгийг түрүүлээд авчихна, тэд нар бидэнд тусална гэдэг нь юу л бол. Би эргэлзэж байна. Олон улсын байгууллагад энэ чиглэлээр экспертээр ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд боломж байхгүй дээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж