Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хил гаалийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2022.09.22/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийгмийн сүлжээнд өнөөдрийн 12.00 цагийн байдлаар Хиагт орчимд машины урт дараалал үүссэн гэх мэдээлэл цацагдсан. Сүүлд авсан мэдээллээр Хиагт орчимд дугаарлаж байгаа машины тоо 60 машин, хил дээр 30-40 машины цуваа үүсээд байна гэсэн. Өчигдрийн авсан мэдээллээр Монгол тал руугаа зорчигчийн хөдөлгөөн нэмэгдсэн дүн мэдээтэй байна.
Бид өнөөдөр ОХУ-тай харилцан визгүй зорчих хэлэлцээртэй учраас өмнө нь ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй гадаад паспорттой иргэдийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй. Монгол Улс ОХУ-тай 30 хоногийн хугацаатай визгүй зорчдог. Тэр гадаад иргэдийг ямар нэгэн байдлаар хязгаарлах үндэслэл байхгүй. Бид өчигдөр хуралдаж, энэ талын мэдээллийг судалсан. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины зарлигаар цэрэг татлагыг нэмэгдүүлж байгаа юм билээ. Тухайн улсын дотоод хэрэгт Монголын талаас дүн шинжилгээ хийх боломжгүй.
Одоогоор Монгол Улсад байгаа гадаад иргэдийн тоо 17-18 мянга орчим байна. Энэ тоо Үндэсний аюулгүй байдлын хувь хэмжээнд хүрэх болоогүй байгаа.