НҮБ-ын чуулган: Ерөнхий ассамблейд хэн, юу хэлэв?

Хуучирсан мэдээ: 2022.09.23-нд нийтлэгдсэн

НҮБ-ын чуулган: Ерөнхий ассамблейд хэн, юу хэлэв?

НҮБ-ын чуулган: Ерөнхий ассамблейд хэн, юу хэлэв?

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р хурал Нью-Йорк хотноо үргэлжилж байна. Уг хурлын Ерөнхий санал шүүмжлэлд улс орнуудын удирдагч нар үгээ хэлсэн бөгөөд олонх нь ОХУ-аас Украинд өдүүлсэн дайныг буруушаав. Covid-19 цар тахалд "дарлуулсан" сүүлийн гурван жилд Ерөнхий ассамблейн хурал цахим хэлбэрт шилжсэнээр үр нөлөө нь буурах хандлагатай байсан бол энэ удаад 200 шахам орны төр засгийн удирдагч нарыг нэг дор цуглууллаа.

Ерөнхий ассамблейн хуралд оролцсон Унгараас бусад Европын бүх орон нэгдэн Оросын улс төрийн сөрөг хүчин, шүүмжлэгч нарыг устгасан хэргээр Кремлийн үйлдлийн эсрэг НҮБ-ын хүний эрхийн байгууллагад ханджээ.  Мөн НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлын үеэр Нью-Йорк хотноо хүний эрхийн төлөө тэмцэгчид, барууны дипломатууд хамтран Шинжаан дахь исламын шашинтнуудын эрхийг зөрчиж буй Хятадын эсрэг арга хэмжээ авахыг шаардсан. Хятадын засгийн газрын Шинжаанд явуулж буй бодлогоос болж исламын шашинт уйгур үндэстний эрх хэрхэн зөрчигдөж, соёлыг нь устгаж буйг шалгахаар өнгөрсөн сард НҮБ-ын хүний эрхийн дээд комиссараар ахлуулсан баг ажилласан.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинээс гадна Хятадын дарга Ши Жиньпин оролцоогүй.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес хэлсэн үгэндээ аж үйлдвэржсэн орнууд, бохир түлш ашигладаг компаниудыг шүүмжилсэн. Тэрбээр хөгжиж буй 10 гаруй орны удирдагч нартай уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дугуй ширээний уулзалтад оролцсоныхоо дараа "Дэлхий эрчим хүч, санхүү, хүнсний гурван давхар хямралд өртөөд байгаа"-г онцолж, хөгжингүй орнууд ачааны хүндийг үүрэх ёстой гэж мэдэгджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орос-Украины дайны асуудалд дундыг барьсан статусаа баталгаажуулж, аливаа үл ойлголцол, зөрчил мөргөлдөөн, дайн тулааныг энх тайванч хандлага, энхийн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх ёстойг онцоллоо. Мөн Монгол Улс цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, бүрэн устгах, цөмийн зэвсэггүй бүс нутгийг бий болгох явдал хамгийн зөв, үр дүнтэй арга зам гэж үздэгийг хэлэв. Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцдог эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын бага хурлыг таван жил тутамд эх орондоо зохион байгуулах санаачилгыг гаргасныг дурдсан. Түүнчлэн Зүүн хойд Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах нэгдсэн платформыг Монгол Улсад байгуулах санаачилгыг 2018 онд манай улс анх дэвшүүлсэн гэдгийг хэллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон холбоотон орны удирдагч нар ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путины Украинд дайн хийж, хэсэгчилсэн цэрэг татлага зарлаж, цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэлтэйг буруутган шүүмжилсэн бөгөөд Киевийн засгийн газрыг дэмжихээ илэрхийлсэн. Байден ОХУ-ын Ерөнхийлөгчийн "эзлэн түрэмгийллийн амбиц" нь НҮБ-ын суурь үнэт зүйлсэд занахийлж байгааг мэдэгдээд, хөгжиж буй зарим орныг дундыг баримтлахаас илүү Украиныг дэмжихийг уриалжээ. Тэрбээр НҮБ-ын индэр дээрээс Украинд хүнсний хэт хомсдолтой тэмцэхэд нь зориулж, нэмж 2.9 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх АНУ-ын засгийн газрын шийдвэрийг танилцуулсан.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дайн эхлүүлсэнд Путиныг буруутгаж, ОХУ-ын эсрэг сөрөг довтолгоогоо үргэлжлүүлэхээ амласан. Түүнчлэн Украины газар нутгийн өчүүхэн хэсгийг ч ОХУ-д алдахгүйн төлөө тэмцсээр байх болно гэж Зеленский видео мэндчилгээндээ мэдэгджээ. Мөн Москвагийн Украины эсрэг үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэх ОХУ-ын хориг тавих эрхийг нь цуцлахыг шаардсан. Тэрбээр Украины эсрэг хийсэн хэргийнх нь төлөө ОХУ-д шийтгэл оноох ёстой гэдгийг онцолжээ.

Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс албан үүрэгтээ ороод хийсэн анхны гадаад айлчлал нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурал болсон. Тэрбээр хэлсэн үгэндээ, Украиныг дэмжиж буйгаа илэрхийлээд авторитар дэглэмтэй орнууд олон улсад заналхийлж байгааг анхааруулжээ. Мөн Лиз Трасс Их Британид чөлөөт зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхээр амласан байна. Лиз Трасс энэ сард Борис Жонсоны оронд Их Британийн Ерөнхий сайд болсон ч хатан хаан II Элизабет нас барснаар төрийн оршуулга зохион байгуулах зэргээр маш завгүй байсан. Тэрбээр "Путиныг хэсэгчилсэн цэрэг татлага зохион байгуулж, аймшигт хувь тавилан руу илүү олон залуусыг илгээж байгааг нь буруутгаж, хүний эрх, эрх чөлөөгүй дэглэмийн төлөө ардчиллыг нураахаар улайрч байна" гэж мэдэгджээ.

Унгарын Ерөнхийлөгч Каталин Новак "Украин дахь Оросын эзлэн түрэмгийлэл нь Европын энх тайвныг үгүй хийсэн" гээд энгийн иргэдийн эсрэг дайны гэмт хэргийг мөрдөн шалгахыг уриалжээ. Урьдчилан бэлдсэн видео бичлэгтээ тэрбээр "Ямар ч гэмт хэрэг шийтгэлгүй өнгөрөх ёсгүй" гэсэн байна.

Германы канцлер Олаф Шольц хэлэхдээ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украиныг дэмжиж буй барууныхны эсрэг "цөхрөнгөө барсан" гээд Киевийн сөрөг довтолгоог дутуу үнэлсэн гэсэн байна.

Испанийн Ерөнхий сайд Педро Санчез илтгэлдээ, "Путин хүнсээр дамжуулан олон улсыг сүрдүүлэхийг хичээж байна" гээд Украинд дайн хийж байгааг нь буруушаажээ.  Тэрбээр "Өлсгөлөн байгаа нөхцөлд энх тайван гэж байхгүй. Бид энх тайвангүйгээр өлсгөлөнтэй тэмцэж чадахгүй" гэсэн байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон ОХУ-ын Украинд үргэлжлүүлж буй дайныг буруушаан Москваг эзэрхэг түрэмгийлэл рүү буцсан гэж мэдэгджээ. Тэрбээр "Энэ оны хоёрдугаар сарын 24-нд Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн ОХУ нь халдан дайрч, эзлэн түрэмгийлж, салан тусгаарлах үйлдэл гаргаж, бидний аюулгүй байдлын нэгдмэл байдлыг эвдсэн. Энэ нь НҮБ-ын дүрэм журам, тусгаар улсуудын эрх тэгш байдлыг зөрчсөн санаатай үйлдэл. Үүгээрээ тэр манай байгууллагын гол зорилго, дэлхийн дэг журам, энх тайвныг дорд үзсэн" гэсэн юм. Макрон НҮБ-ын хуралд хэлсэн үгэндээ Украины дайны асуудалд дундыг баримталж буй орнуудыг шүүмжилж, "Тэд түүхэн алдаа хийж байна. Энэ бол баруун, зүүн, хойд, өмнөдийг сонгох тухай асуудал биш. Энэ дайн дэлхийг хуваах эрсдэлтэй" гэж мэдэгджээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёл "дүрмээр зохицуулсан олон улсын дэг журмыг баримтлах"-ыг онцлоод дэлхий дахины энх тайван, эрх чөлөө асар хурдтай үгүй болж байгааг анхааруулсан.  "Цэргийн хүч, цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсэг, хүний ​​эрхийг системчилсэн байдлаар зөрчих замаар статус квог өөрчлөх асуудлыг заавал даван гарах ёстой. Ямар ч иргэн, улс орон, олон улсын нийгэмлэгийн эрх чөлөө бол сувд. Эрх чөлөөгөө хамгаалахын тулд улс орнууд хамтдаа сөрөн босч, эв нэгдлээ харуулах ёстой" гэж тэрбээр хэлжээ. Украин-ОХУ-ын асуудлаар хийсэн мэдэгдэлдээ Юн Сук Ёл ямар нэг орны нэрийг дурдахаас зайлсхийсэн. Харин "Хойд Солонгосын цөмийн заналхийлэл идэвхжвэл шаардлагатай тохиолдолд Сөүл нь Вашингтон, Токиотой аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ" гэв.  Мөн худалдааны хамгийн том хамтрагч Хятад улстай холбоотой асуудалд болгоомжилсон өнгө аяс ажиглагджээ. 

Өмнөд Солонгос, Япон улсын төрийн тэргүүн нар НҮБ-ын хурлыг хоёр орны дундах түүхийн асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж, таарамжгүй харилцаагаа сэргээхийг хичээсэн. Хурлын дундуур Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл нь Японы Ерөнхий сайд Фүмио Кишидатай 30 минут орчмын хугацаанд уулзсан. Тэд хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолсон ба Хойд Солонгосын асуудалд нэгдмэл байр суурийг илэрхийлжээ.

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шинэчлэхийг уриалсан. Тэрбээр олон улсын аюулгүй байдлын төлөөх уг институт ОХУ-аас Украинд эзлэн түрэмгийлэхэд хариу арга хэмжээ авч чадаагүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, Москвагийн санал хураалтад хориг тавих эрхийг цуцлахыг шаарджээ. Кишида хэлэхдээ "Олон улсын дэг журмын суурь ганхаж байна" гээд НҮБ нь дэлхийн энх тайвныг хадгалах нөлөөгөө алдаж байгааг онцолсон байна.

Филиппиний диктатор агсны хүү Фердинанд Маркос Жуниор нь 10 орчим жилийн дараа анх удаа тус улсын төрийн тэргүүний хувиар Ерөнхий ассамблейд биечлэн илтгэл тавьсан. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард Филиппиний Ерөнхийлөгч болсон бөгөөд дэлхийн дулаарлын үр нөлөө, Covid-19-ийн эсрэг вакцины тэгш бус хуваарилалт, эдийн засгийн хямрал, олон улсад тогтвортой байдал хэрэгтэй талаар дэлгэрэнгүй илтгэл тавьжээ.

Ойрхи-Дорнодын хоёр орон Йордан, Катар нь НҮБ-ын илтгэлдээ Орос-Украины дайны асуудлыг хөндөөгүй бөгөөд бүс нутгийн зөрчлийг илүүтэй онцолжээ. Тэд бүс нутгийн гол асуудал болсон палестинчуудын хувь заяаны талаар НҮБ-ын гишүүн орнуудад сануулсан. Тэд Зүүн Йерусалимыг Палестины нийслэл гэж тогтоосон хэлэлцээг дахин сөхсөн. Энэ онд ОХУ-аас Украинд эхлүүлсэн дайн, олон улсад хүнсний үнэ өсч буй асуудал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлаас болж Израйль-Палестины удаан үргэлжилж буй зөрчил Ерөнхий ассамблейн анхаарлаас гарчээ. Палестинчууд НҮБ-ын гишүүн биш боловч жил бүр Ерөнхий ассамблейн хуралд оролцдог юм.

Ираны Ерөнхийлөгч Эбрахим Райси НҮБ-ын чуулганд үг хэлэх үед түүнийг эсэргүүцэн олон зуун иранчууд "UN Plaza" барилгын гадна цуглан жагссан. Иранд толгойн алчуурыг буруу зүүсэн гэдгээс болж "ёс суртахууны цагдаа" нар 22 настай бүсгүйг зодож алсан хэргээс үүдэн нийтийг хамарсан бослого, тэмцэл өрнөж буй. Нью-Йоркод жагсагчид "Бид дэглэмийг өөрчлөхийн тулд энд жагсаж байна" гэж орилж байв. Харин Эбрахим Райси нь 2020 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын үед дроны халдлагаар устгасан генерал Кассим Солейманий төлөө шударга ёсыг шаардсан. Түүний зургийг НҮБ-ын индер дээр барьж, АНУ-ыг буруутгасан бөгөөд цөмийн хөтөлбөрийн гэрээ цуцлагдсанд Вашингтон хариуцлага хүлээх ёстой гэжээ. Гэвч тэрээр Иранд өрнөж буй бослого тэмцлийн талаар нэг ч үг дуугараагүй.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өөрийгөө Украин, ОХУ-ын хооронд зуучлагч гэж тодорхойлсон. Тэрбээр  Украиныг эзлэн түрэмгийлснээс нь хойш Владимир Путиныг яриа хэлэлцээнд оруулахаар хичээсэн тухайгаа НҮБ-ын хурал дээр онцолсон. Тэрбээр "Дайнд ялагч байхгүй, харин шударга энх тайван үйл явцад ялагдагч байхгүй гэж бид боддог. Бид үргэлж зөрчлийг шийдвэрлэх дипломат арга барилыг дорд үзсээр ирсэн. Зөрчлийг дипломат аргаар шийдвэрлэх нь шударга, оновчтой арга " гэж хэлсэн байна. Эрдоган ОХУ-ыг булаан авсан Украины бүх газар нутгийг буцаан өгөх ёстой гэж хэлсэн ч Владимир Путиныг шүүмжлэхээс зайлсхийв.

Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаро удахгүй болох сонгуультай холбоотойгоор өөрийнхөө ололт амжилтыг сурталчлахад НҮБ-ын индрийг ашиглажээ. Тэрбээр Бразилын хүнсний үйлдвэрлэл, хямд байгалийн хий, ажилгүйдлийн түвшин буурч, халамжийн шинэ хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байгаа зэргээр өөрийгөө магтсан байна. Орос-Украины асуудалд Болсонаро Бразилын удаан хугацаанд барьж ирсэн дундыг баримтлах бодлогыг үргэлжлүүлж, зөрчлийг шийдвэрлэхийн тулд хоёр тал яриа хэлэлцээ хийх хэрэгтэй гэжээ. Барууны хоригийг үл тоон Бразил нь ОХУ руу бордоо, түлш экспортолсоор байгаа бөгөөд Дэлхийн худалдааны байгууллагад хандан хүнсний нийлүүлэлтийг хоригоос салгах санаачлага гаргасан.

Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари эдийн засгийн хямралын үед буурай орнуудад өрийн хөнгөлөлт үзүүлэхийг уриалсан. Тэрбээр Африкийн хамгийн том эдийн засаг болох Нигерийн төрийн тэргүүнээр 2015 оноос хойш ажиллаж буй. Нигери нь үндэсний их өр, ажилгүйдэл өсч, исламын "Боко Харам" зэрэг зэвсэгт бүлгүүдээс болж аюулгүй байдлын асуудалтай байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж