ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Орос даяар хэсэгчилсэн цэргийн дайчилгаа орон даяар зарлаж буй талаар мэдээлсэн. Уг мэдээлэлтэй холбогдуулан нийгмийн сүлжээнд ОХУ-ын иргэд Алтанбулаг боомт дээр хил нэвтрэхийн тулд цуваа үүсгэсэн талаарх мэдээлэл гарч эхэлсэн.
Тодруулбал, Путины хэсэгчилсэн цэрэг дайчилгаанаас зугтсан иргэд олноороо Хиагт олон улсын авто замын боомт дээр цугларч байгаа талаар “Fakty” хуудас мэдээллээ. Хиагтын мэдээ мэдээлдэг телеграм суваг хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа талаар мэдээлэв. Уг асуудлаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Харьяаллын дагуу Хууль зүйн яамны харьяа Хил хамгаалах ерөнхий газраас асуу. Иргэдийн орох гарах урсгалын талаар мэднэ” гэдэг тайлбарыг өглөө.
Энэ дагуу Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад "Монгол руу ирэх гэсэн дараалал үүсээгүй хэвийн байна. Есдүгээр сарын 20-ны байдлаар Алтанбулаг боомтоор 263 гаднын иргэн, есдүгээр сарын 21-ны байдлаар 261 иргэн ОХУ-аас орж ирсэн. Есдүгээр сарын 20-нд Монголоос ОХУ руу 546 иргэн гарсан бол, 21-ны өдөр 621 иргэн гарсан. Иргэдийн бөөгнөрөл, ачаалал ихэдсэн зүйл бол байхгүй байна” гэлээ.
Холбоотой мэдээ