Английн хуульч Сарош Зайваллагийн “Нэр төрийн баталгаа” номын нээлт Санхүү эдийн засгийн их сургуулийн лекцийн танхимд болж байна. Номын нээлтэд зохиогч С.Зайвалла оролцож, сонирхолтой лекц уншлаа.
Хуульч Сарош Зайвалла нь улс орнуудын засгийн газартай холбоотой хэрэг маргааныг өмгөөлж, заргаа авдгаараа алдартай нэгэн бөгөөд энэ номондоо шүүх дээр тохиолсон ялсан болон ялагдсан адал явдлууд тэр дотроо Монголын нэгэн хэргийг хэрхэн шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажилласан тухайгаа бичсэн байна.
Тэрбээр П.Цагааны урилгаар Монголд ирж “Эрдэнэт” үйлдвэрийн Казакстаны Балхашмысаас авах авлагыг /20 сая ам.доллар/ барагдуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн аж.
С.Зайвалла “Энэ номонд өгүүлсэн миний амьдралын гол онцлог бол гадаадын иргэн англи улсад суурьшин өөрийн нэрээр бие даасан хуулийн ферм байгуулан амжилтад хүрч чадсан минь гэж бодож байна” гэв.
Нээлтийн арга хэмжээнд их сургуулийн багш нар, хуулийн ангийн оюутнууд, хуульчид урилгаар оролцлоо. Сургуулиудын номын санд С.Зайвалла “Нэр төрийн баталгаа”, П.Цагаан “Хууль зүйн латин-англи-орос-монгол толь”номоо хандивлав.
“Нэр төрийн баталгаа” номыг “Интер ном”, “Аз хур” номын дэлгүүрээс худалдаж авч болох бөгөөд esan.mn үндэсний цахим номын сангаас уншиж болно.
М.Ариунболд