Сурвалжлага: Хар захаас оросууд доллар авч, хомсдол үүсгэв үү?

Хуучирсан мэдээ: 2022.09.22-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хар захаас оросууд доллар авч, хомсдол үүсгэв үү?

Сурвалжлага: Хар захаас оросууд доллар авч, хомсдол үүсгэв үү?

Ам.долларын ханш долоо хоногийн дотор 50-60 төгрөгөөс өсч байна. Үүнээс улбаалан Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, төгрөгийн ханшийн уналтын эсрэг бодлогын хүүг 12 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан. Ингэснээр ам.долларын ханш тогтворжсон эсэх талаарх энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ.

БАНКУУД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООСОН УЧИР “НАЙМАН ШАРГА” ХӨДӨЛГӨӨНД ОРОВ

2022. 9 сарын 21. Өдрийн 15.00 цаг. Валют, арилжааны зах зээл дахь нөөцийн гурван хувийг эзэлдэг гэх “Найман шарга” валют худалдааны төв хөл хөдөлгөөнтэй байна. Ченжүүд “доллар юань авна, бэлэн байна, хэдээр солих уу” гэхчлэн ам уралдан асууж байгаас харвал тэнд нийлүүлэлт багасаагүй бололтой.  Сүүлийн өдрүүдэд ам.долларын өсөлт  ченжүүдийн хорхойг хөдөлгөв бололтой, тэд өмнөхөөсөө  амь оржээ. Тэднээс ам.долларын ханшийн өсөлт, хомсдолын талаар асуухад “бид мэддэг байсан бол энд юугаа хийж зогсох вэ. Банкууд ам.долларт хязгаарлалт тавьсан учраас "Найман шарга" дээр л хүмүүс ирж, валютаа солиулж байна” гэлээ. "Найман шарга" захын нэгэн ченжийн хэлснээр  өнгөрсөн хавраас оросууд тус төвөөр багагүй үйлчлүүлэх болсон гэнэ. Сүүлйин үед улам олширч байгааг ч нуусангүй. "Найман шарга" төвөөр хэсэгхэн хугацаанд нааш цааш холхиж, хэрэгт дурлавал оросууд орчуулагчтайгаа ирж ам.доллар солиулж буйтай хэд, хэд таарав. Өөр нэгэн ченжийн хэлснээр “Монголбанк бодлогын хүүг өсгөсөн учраас өнөөдрөөс ханш тогтворжих байх. Ер нь хүмүүсийн ам.доллар солиулах урсгал сайн байна” гэсэн юм.

Тус төвд нэг ам.доллар 3405-3415 төгрөгөөр сольж байв. Харин Монголбанкны нэрлэсэн ханш 3268 төгрөг. Өөрөөр хэлбэл, Монголбанкны нэрлэсэн ханш болон хар зах зээл дэх ханшийн зөрүү нь 170 төгрөг гэсэн үг. Арилжааны банкууд хязгаарлалт тогтоосон учир хар захынхан ам.долларыг бэлнээр солиулвал "дээш доош" ярина гэхчлэн ханшийг дураараа тогтоож байх аж. Ерөнхийдөө арилжааны банкууд хязгаарлалт тогтоож, ам.доллараа хар зах дээр гаргаж, мөнгө угааж байхыг үгүйсгэхгүй гэж валют солиулахаар ирсэн үйлчлүүлэгч хардаж байгаагаа хэллээ.

Ченж У-аас  “Өчигдрөөс долларын нийлүүлэлт “овоо” гайгүй болоод 3440 байсан ам.доллар буурч өнөөдөр 3415 болж байна. Хүмүүс дансаар, бэлэн авчирч солиулж байна. Ер нь орж ирсэн ам.долларыг зарж байгаа. Доллар хомсдоод байсан юм алга. Амралтын өдрүүдэд ханш бага зэрэг өссөн. Ам.долларын олдоц гайгүй байна. Банкууд доллараа өгөөд эхлэвэл ам.доллар орж ирэх байх. Банк жирийн нийлүүлдэг бол олдоц гайгүй шүү дээ” гэлээ.

Иргэдийн хувьд төгрөгийн ханш унаж, арилжааны банкууд ам.доллар хязгаартай олгох болсонд бухимдаж байгаагаа нуусангүй. Иргэд “Төгрөгийн ханш суларч байна гэсэн үг. Импортоор бараа бүтээгдэхүүнээ худалдан авдаг учраас бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь гарцаагүй. Доллар орж ирэх урсгалгүй болчихсон юм биш үү. Банкнаас их хэмжээгээр ам.доллар солиулах гэхээр баахан л юм ярьж байна. Өдөрт нэг сая төгрөг солиулна гэхээр бас яаралтай үед маш хэцүү юм.  Тиймээс л "Найман шарга" захаас өөр сонголт алга. Яг одоо 3415 төгрөг гэж байна маргааш хэд болохыг ч таашгүй” гэв.

МОНГОЛБАНКНЫ АЛБАН НӨӨЦ БУУРАВ

Оны эхэнд Монголбанк 4.2 тэрбумын гадаад валютын нөөцтэй байсан бол өнөөдрийн байдлаар 2.6 тэрбум ам.долларын нөөцтэй болов. Сүүлийн таван сарын ам.долларын ханшийн мэдээлэл /Монголбанкны нэрлэсэн үнэ/:

  • 2022.05 сар-3110.22
  • 2022.06 сар-3124.25
  • 2022.07 сар-3153.03
  • 2022.08 сар-3185.72
  • 2022.09 сар-3245.13

ЭРЭЛТЭЭ ХАНГАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА УЧРААС ВАЛЮТЫН ХАНШ ӨСЧ БАЙНА

Зах зээл дээр ам.доллар хомсдох нь ямар сөрөг нөлөөтэй талаар эдийн засагч Б.Энх-Амгалангаас тодруулбал, “Монгол Улс үйлдвэрлэгч орон биш учраас гаднаас импортоор бараа бүтээгдэхүүн авах зайлшгүй шаардлага бий. Түүнтэй холбоотой импортоор авдаг гаднын бүтээгдэхүүн мөн, хичээл сургуулийн жил эхэлж эцэг, эхчүүд хүүхдээ гадагшаа сургах урсгал зэргээс шалтгаалж ам.долларын эрэлтүүд нэмэгдэж байна. Дээрээс нь нүүрсний экспортын  төлбөрөө түрүүлээд авчихсан тул одоо нүүрсээ гаргасан ч төсөвт орж ирэх мөнгө бага байна.  Энэ мэт нөхцөл байдлаас шалтгаалан ам.долларын ханш нэлээд өсч байх шиг.

Ерөнхийдөө ам.доллар орж ирэх гурван урсгал байдаг. Эхнийх нь экспорт, хоёрдугаарт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, гуравдугаарт, Засгийн газар зээл авах буюу бонд гаргах эсвэл, зээл тусламж авах зэрэг багтдаг. Дээрх гурван урсгалаас Засгийн газрын өрийн тааз тулсан учраас гаднаас зээл авахгүй байгаа.

Тиймээс гарц гаргалгаа харагдаж буй хоёр гол асуудал нь экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт дорвитой өсөхгүй, экспортоо олигтой гаргаж чадахгүй байдалтай байна. Төсөвт 36.7 сая тонн нүүрс экспортлоно гэж төлөвлөж байсан өнөөдөр 10 сая тоннд ч хүрээгүй байна. Өөрөөр хэлбэл, валютын орох урсгал бага, гарах урсгал их учраас валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар хүртлээ багассан байна. Валютын нөөц багасахад уг нь тэр хэмжээгээр дүүргэх ёстой. Тиймээс эрэлтээ хангаж чадахгүй байгаа учраас валютын ханш өсч байна” гэж тайлбарлав. Зарим эдийн засагчдын хувьд Засгийн газар өнгөрсөн онд 10 их наядын зээл гаргаж, эрэлтийг нэмэгдүүлснээс болж ам.долларын ханшид нөлөөсөн гэж үзэж буй.

Монгол Улсад гадаад валют орж ирэх урсгал татарсан. Ам.долларын ханш нэмэгдсэнээр иргэдийн цалин хөлсний үнэлэмж буурч, амьжиргааны түвшин дагаад буурна. Учир нь Монгол Улс инфляци, валютын ханшийн өсөлтөөс болж төгрөг үнэгүйдэж, иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж буй. Үүний тусгал нь барилгын салбарт хамгийн тод илэрч байгаа билээ.

Нөгөөтэйгүүр, хар захын ченжүүдийн хэлснээр банкууд хязгаарлалт тогтоохгүй бол ханш, олдоц хэвийн байхыг тэд хэлсэн. Гэхдээ өнгөрөгч оны гуравдугаар сараас эхлэн ОХУ-ын иргэд Монголоос ам.доллар солиулах нь ихэсч, зах зээлд хомсдол үүсч байгааг ченжүүд ч хүлээн зөвшөөрсөн.  Үүнээс гадна арилжааны банкууд хязгаарлалт хийж, ам.долларын ханшийг улам дээш “шидэв”.  "Лимит" тогтоосноо арилжааны банкууд  төв банк руу чихэж, Монголбанк арилжааны банкны дотоод асуудалд оролцдоггүй болохоо ч мэдэгдсэн. Тэгэхээр арилжааны банкууд нэг талаараа хязгаарлалт тогтоож, нөгөө талаараа эрэлтийг хөөргөдөж байж болох юм.  Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд хязгаарлалт нэрийдлээр хар захынхантай тохиролцож, ноён “ногооны” ханшийг зохиомлоор хөөргөдөж болзошгүйг ч иргэд шүүмжилж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж