Д.Сүрэнхорын хэргийг өршөөлийн хуульд хамрууллаа

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхорын хэргийг өршөөлийн хуульд хамрууллаа

Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 91.3 сая төгрөг завшсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 150.3-аар зүйлчилсэн хэргийг хэлэлцэх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүх 11.20 цагт эхэлсэн юм. Шүүх хурлыг Н.Алдар даргалаж  улсын яллагч Ж.Чимгээ шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Оюунцэцэг,  Ч.Алтанцол,  Б.Хишигбаатар нар мөн хохирогчийн талаас Үйлдвэр худалдааны яам /хуучин нэрээр/-ыг төлөөлж Г.Эрхэмбаяр нарын бүрэлдэхүүнтэй хурал хоёр цаг орчим үргэжиллээ. Хурлын үеэр улсын яллагч Ж.Чимгээ  Д.Сүрэнхор 2005 онд Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байхдаа барилгын их засварын мөнгө болох 73.1 сая төгрөг, мөн “Бөөний худалдаа төсөл”-ийн таван сая төгрөг, бусад албаны хэрэгцээний  автомашин, зөөврийн компютер, гар утас, хувцас хэрэгсэл зэргийг хувьдаа завшсан зэрэгт нийт 91.3 сая төгрөгийг завшсан гэх үндэслэлээр  Эрүүгийн хуулийн 150.3-аар яллах дүгнэлт үйлдсэн болохоо танилцуулав. Яллагч Ж.Чимгээ  шүүгдэгч Д.Сүрэнхорд хандаж Улсын мөнгө завшах болсон шалтгаан, юунд зарцуулсан болохыг асууж тодруулсан юм. Харин шүүгдэгч Д.Сүрэнхор энэ талаар мөрдөн байцаалтын явцад тодорхой мэдүүлэг өгсөн тул дэлгэрэнгүй хариулахаас татгалзав.

Харин тэрбээр яамнынхаа барилгын их засварын мөнгө болох 73 сая төгрөгийг завшсан гэх гэм буруугаа хүлээсэн бөгөөд харин  тус яамны дэд сайдын БНАСУ-д хийх айлчлалын бэлтгэл ажилд зориулан гаргасан 2,5 сая төгрөг, “Бөөний худалдаа төсөл”-өөс таван сая төгрөг авч ашигласнаа хүлээн зөвшөөрөхгүй гэв. Учир нь тэрбээр “Тухайн үед би хуулийн эрх мэдлийн хүрээнд айлчлалын бэлтгэл ажлын мөнгө болох 2.5 сая төгрөгийг гарын үсэг зурж гаргасан нь үнэн. Гэхдээ тэр мөнгийг хоёр хүний БНАСУ-д зорчих нисэх онгоцны тасалбар авахад зарцуулсан. Мөн бөөний худалдааны төслөөс гаргасан гэх таван сая төгрөгийг албан хэрэгцээнд зориулж зарцуулсан” гэх тайлбарыг улсын яллагчид өгөв. Өмгөөлөгч Ж.Чимгээ шүүх хурлын эхний өмгөөллийг явуулсан бөгөөд тэрбээр шүүгдэгч Д.Сүрэнхор нь улсад учруулсан 91.3 сая төгрөгийн хохирлоо барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүх бүрэлдэхүүн гэм буруутай үйлдэлд ял оноохдоо дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлт тавилаа. Үүний дараа өмгөөлөгч  Б.Хишигбаатар  “Шүүгдэгч Д.Сүрэнхорыг  Үйлдвэр худалдааны яамнаас мөнгө шамшигдуулсан гэх үйлдлийн дараа  2007 онд Үндэсний аудитын газраас тус яаманд санхүүгийн шалгалт хийж 71.3 сая төгрөгийн акт тогтоосон байдаг. Үүнд таван сая болон 2,5 сая төгрөг нийт 7,5 сая төгрөгийн акт тавигдаагүй нь түүнийг эл мөнгийг хувьдаа завшсан гэж буруутгаж үзэх үндэслэл байхгүй” гэв. Харин өмгөөлөгч Ц.Алтанцол түүнийг Эрүүгийн хуулийн  150.3-аар зүйлчилсэн нь   буруу эрүүгийн хуулийн 263-р зүйлчлэх нь зөв гэсэн саналыг оруулсан. Ингээд шүүх ажиллагаа үргэлжилж  Улсын яллагч Ж.Чимгээ Д.Сүрэнхорд чанга дэглэмтэй хорих ангид долоон жилийн хорих ял төлөвлөх санал оруулж эсэргүүцэл гаргасан 7,5 сая төгрөгийг шүүгдэгч завшсан нь нотлох баримтаар батлагдсан гэсэн тайлбарыг шүүх бүрэлдэхүүнд өгсөн юм.  Харин өмгөөлөгчдийн зүгээс шүүгдэгч Д.Сүрэнхор нь өөрийн биеэр ирж гэм буруугаа хүлээсэн, хоригдох зургаан сарын хугацаанд өмгөөлөгч нар долоо хоногт 1-2 удаа очиж уулздаг байсан. Тэр үед гэм буруугаа гүнээ ухамсарласан,  нийгэмд хийж бүтээх залуу насандаа хууль зөрчсөн буруутай үйлдэлдээ гүнээ гэмшиж байсан.  Түүнд төлөвлөсөн хорих ялаас хөнгөрүүлж үзэн Өршөөлийн хуульд хамруулах боломжийг олгож өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсанаар мэтгэлцээн өндөрлөв. Харин шүүх хурлыг даргалагч Н.Алдар   шүүхийн шийдвэрийг гаргахын өмнө Д.Сүрэнхорд үг хэлэх зөвшөөрлийг олгосон юм. Ингээд шүүгдэгч Д.Сүрэнхорын шүүх хурлын үеэр хэлсэн үгийг уншигчдадаа хүргэе.

                                               Шүүгдэгч Д.Сүрэнхор
                                                  / 2010.08.23 өдөр /

“Би одоогоос таван жилийн өмнө Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн алба хашиж байхдаа барилгын их засварын мөнгө болох 71.3 сая төгрөгийг зайлшгүй шалтгаан гарсан учраас хувьдаа завшсан гэм буруугаа шүүх танхимд хүлээж байна. Миний хууль зөрчсөн   буруутай үйлдлийг  далим хийж  хэвлэл мэдээллээр олон удаа хилс хэргээр гүтгэсэн. Би энэ жилийн дөрвөн сард  Австри улсад суугаа Монгол Улсаас суугаа  элчин сайдын яаманд хандаж өөрийн хүсэлтээр их орондоо ирсэн. Харин намайг интерполоор эрэн сурвалжилж баривчилж авчирсан гэх худал мэдээлэл маш их цацагдсан. Тухайн үед улс төрийн ашиг сонирхол өөрийн алдаатай үйлдлээс болон ид хийж бүтээх насандаа хуулийн хариуцлага хүлээсэндээ маш их гэмшсэн. Өнгөрсөн таван жил миний хувьд түгшүүр, айдас, шаналал дунд өнгөрсөн. Намайг гадаадын улс орон руу  гарсны дараа миний нэрээр маш олон худал мэдээлэл гүтгэлэг гарч байсан. Тиймээс би эх орондоо өөрийн биеэр ирж энэ асуудлыг эцэслэн шийдье гэж гэм буруугаа хүлээх зорилготой хуулийн байгууллагад хандсан юм. Миний бие эрх зүйн болон бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавраас магистрын зэрэг хамгаалсан, Өндөр боловсрол эзэмшсэн. Тодорхой хугацаанд эх орондоо хариуцлагатай алба хашиж нийгэмд өөрийн гэсэн үүрэг хүлээн ажиллаж байлаа. Одоо  энэ бүх зүйлийг алдсандаа харуусч байна. Эцэст нь гэм буруутай үйлдлээ чинь сэтгэлээсээ гэмшиж байна. Миний  буруутай үйлдэлдээ гэмшсэн, мөн бага насны хоёр хүүхэдтэй, эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял оноож өгнө үү.

Тэрбээр дээрх  хүсэлтийг тавьснаар шүүх хурал 13.10 цагт завсарлаж 14. 30 цагт шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг танилцуулсан юм. Шүүгдэгч Д.Сүрэнхорд Эрүүгийн хуулийн 150.3-аар зүйлчилсэн хэргийн хянан хэлэлцэж долоон жилийн хорих ял оноосон юм. Эл хэрэг 2006 оны арванхоёрдугаар сарын 31 өдрөөс өмнө үйлдэгпсэн тул  мөн онд батлагдсан Өршөөлийн хуульд хамруулах боломжтой гэж үзэн гурван жилийн хорих ялыг хасч, жирийн дэглэмтэй хорих ангид дөрвөн жил ялыг биеэр эдлүүлэх шийдвэр гаргалаа. Түүний хэргийг Өршөөлийн хуульд хамруулах үндэслэл нь дараахи зүйлд ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн байна. Үүнд дээрх хэргийг үйлдсэн Д.Сүрэнхор нь улсад учруулсан 91.3 сая төгрөгийн хохиролоо барагдуулсан, өмнө нь ял шийтгэл сонсож байгаагүй, гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэж шүүх үзлээ. Ийнхүү олон жилийн турш дуулиан тарьж байсан, мөн шүүх хурал нь хэдэнтээ хойшлогдсон Ж.Сүрэнхорын гэх хэргийг анхан шатны шүүх хэлэлцэж, ял оноолоо. Харин шүүгчдэгч дараагийн шатны шүүхт давж заалдах эсэх талаар одоогоор ямар нэгэн мэдээлэл байхгүй байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж