“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөрлөн ирнэ”. Их зохиолч Д.Нацагдоржийн энэ шүлэгт монголчууд дуртай. Тэд нэг л өглөө хээрийн галуу нисэх үл хүрэх газрыг зорьж, эрдэм өвөрлөхөөр явж магадгүй. Тэд гэдэг маань ШУТИС-ийн оюутан М.Ариунболд, МУИС-ийн оюутан Д.Оюумаа нар.
М.Ариунболд өнгөрсөн хавар нийслэлийн 104 дүгээр сургуулийг төгсөж, энэ намар ШУТИС-ийн Хиймэл оюун ухааны ангид элсчээ. Тэрбээр Японд мэдээлэл технологийн чиглэлээр суралцахыг мөрөөддөг. Харин Д.Оюумаа хотод оюутан болж ирээд удаагүй байгаа. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд МУИС-ийн Бизнесийн салбар сургуульд элсэн орсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхэд, залуусын боловсролыг дэмжиж, дэлхийн шилдэг боловсролтой монгол хүн бэлтгэх зорилгоор “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Ингээд тэдний баяр хөөрөөс хуваалцсанаа хүргэе.
–“Илгээлтийн эзэд 2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэнээ яаж мэдсэн бэ. Ерөнхийлөгчийн илгээлтийг аваад хамгийн түрүүнд хэнтэй баяраа хуваалцав?
М.Ариунболд: Хичээлээ хийгээд сууж байтал найзаас маань чат ирсэн. Ерөнхийлөгчийн тэтгэлэгт тэнцчихсэн байна, баяр хүргэе гэхээр нь эхэндээ гайхаад, итгэхгүй байсан. Тэгээд тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүдийн жагсаалт руу орж, өөрийн нэрээ харсан чинь баярлаж, гайхах зэрэгцээд маш их догдолсон. Тэтгэлэгт тэнцсэн гэх мэдээг сонсох үед гэрийнхэн маань хамт байгаагүй, ажилдаа явчихсан байсан. Тэгтэл аав, ээж хоёр өөр хүмүүсээс намайг тэтгэлэгт хамрагдсаныг бас мэдсэн байсан. Гэр бүл, найз нөхөд, ахан дүүс гээд бүгд маш их баяртайгаар хүлээн авсан.
Д.Оюумаа: Тэтгэлэгт тэнцсэн гэдгээ эгчээсээ сонссон. Анх сонсоод маш их баярласан. Ар гэрийнхэн болон хамаатнууддаа дуулгахад тэд маш гоёор хүлээж авсан. Бүгд энэ тухай сонсоод надад баяр хүргэхэд өөрөөрөө бахархах мэдрэмж төрсөн.
–Ерөнхийлөгчийн тэтгэлгийн талаар өмнө нь сонсож байсан уу?
М.Ариунболд: Зуны амралтаараа кофе шофт ажиллаж байхдаа энэ тэтгэлэгт хамрагдсан хүнээс Ерөнхийлөгчийн тэтгэлгийн талаар мэдсэн. Гэхдээ энэ тэтгэлэгт хамрагдаж чадна гэж огт бодож байгаагүй. Одоо ингээд тэтгэлэг авч чадсандаа маш их баярлаж байгаа.
Д.Оюумаа: Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамрагдсан хүүхэд манай сургуулийнх байсан болохоор тэтгэлгийн талаар мэдээлэлтэй байсан. Тиймээс энэ тэтгэлгийг авчих юмсан гэж хүсэж байсан.
– Чиний хувьд хаашаа явж суралцахыг хүсэж байна вэ?
М.Ариунболд: Япон улсад мэдээллийн технологийн чиглэлээр суралцах хүсэлтэй байгаа. Анх аравдугаар ангид хөл хорионд байхдаа компьютерийн чиглэлээр мэргэжил эзэмших юм байна гэж шийдсэн. Тийм болохоор ШУТИС-ийн программ хангамжийн ангид элсэх сонирхолтой байлаа. Харамсалтай нь, программ хангамжийн ангид орж чадаагүй. Харин хиймэл оюун ухааны ангид орсон. Энэ ангийг сонгосноороо программ хангамж болон хиймэл оюун ухааны хичээлээ хамтад нь үзэх боломжтой болсон. Ингээд нэг сумаар хоёр туулай буудсан шийдвэр болсон.
Д.Оюумаа: Энэ жилийн илгээлтийн эздээр тодорсон хүүхдүүд МУИС болон ШУТИС-д эхний жилдээ суралцана. Ирэх жилээс гадаад явах тэтгэлэгтээ тэнцвэл гадаадын 10 улсын их дээд сургуулиас сонголтоо хийх юм билээ. Би Герман улсад бизнесийн чиглэлээр суралцахыг хүсэж байгаа. Гадаадад олж авсан мэдлэгээрээ Монгол Улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэж мөрөөддөг.
-Гадагшаа явж суралцах нэг шалгуур нь хэлний мэдлэг маш сайн байх ёстой. Гадаад хэл хэр үзэж байна?
М.Ариунболд: Англи хэлээ хувиараа өөрөө сурсан. Одоо улам гүнзгийрүүлэн үзнэ.
Д.Оюумаа: Гадаад хэлээ түлхүү сурах бодолтой байна.
-Энэхүү тэтгэлгийн талаар ямар бодолтой байна вэ?
М.Ариунболд: Олон залуусыг мөрөөдлийг биелүүлэхэд туслаж байгаа Ерөнхийлөгчид баярлалаа. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Хичээж байгаад тэтгэлэг аваад гадагшаа явахыг үнээр хүсэж байна.
Д.Оюумаа: Монгол залуус гадаадад сурах мөрөөдөлтэй ч санхүүгийн боломж хомс. Ямар ч байсан эхнийн “шалгуурт”-аа тэнцлээ. Одоо тэтгэлэг авах нь миний хичээл зүтгэлээс л хамаарах байх.
Б.УНДРАМ