ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын хүү Николай дайнд явахаас татгалзжээ. Тодруулбал, "Popular Politics" гэх YouTube сувгийн хөтлөгч Дмитрий Низовцев цэрэг татлагын комиссарын дүрээр Николай Песковтой утсаар холбогдсон аж. Тэрбээр Николайг "Маргааш өглөө 10:00 цагт цэрэг татлагын байранд бэлэн байхыг сануулсан байна".
Харин Николай хариулахдаа, "Мэдээж би тэнд маргааш 10:00 цагт очихгүй. Хэрвээ миний овог Песков гэдгийг мэдэж байгаа бол би тэнд байх нь буруу зүйл гэдгийг та мэдэх л ёстой доо. Би энэ асуудлыг өөр түвшинд шийднэ. Ерөнхийдөө би юу болоод байгаа болон өөрийнхөө эрхийг мэдэх хэрэгтэй байна. Маргааш дуудагдахын тухайд надад итгээрэй, би ч та ч тэнд байх шаардлагагүй. Надад эх орноо хамгаалахад асуудал байхгүй. Гэхдээ би тэнд заавал очих хариуцлагатай эсэхээ эхлээд мэдэх хэрэгтэй байна. Би улс төрийн тодорхой ньюансын тухай ярьж байна л даа" гэжээ.
Низовцев цааш нь түүнээс сайн дураар цэрэгт явахаар бүртгүүлэх үү гэж асуухад, Николай эрс татгалзаж "Хэрэв та биш Владимир Владимирович (Путин) намайг тийшээ яв гэвэл л би явна" гэсэн аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр хэсэгчилсэн цэрэг татлага зарласан. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн хэлснээр 300 мянган бэлтгэл офицеруудыг цэрэгт татна аж.
ОХУ нь хоёрдугаар сарын 24-нд дайралт эхлүүлснээс хойш 55110 цэргийн алба хаагчаа алдсан гэж Украины Жанжин штабаас мэдээлжээ.
ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ