Нөөц цэргүүдийг 15 хоногийн бэлтгэлд хамрагдахыг үүрэгдсэн
Хэсэгчилсэн цэрэг татлагын тухай мэдэгдлийг армид алба хааж байсан 35-аас доош насны, бага цэргийн цолтой, нөөцөд байгаа эрчүүдийн гэрт хүргүүлсэн. Зарим тохиолдолд гудамжаар явж байхад нь иргэний үнэмлэхийг нь шалгаж, эрүүл мэндийн үзлэгт орох тухай мэдэгдэж байв. Армид алба хааж байсан нэгэн орос иргэн ярилцлага өгөхдөө, “Тэд хоёрдугаар сараас хойш намайг хөөж, гэрээ байгуулахыг оролдож байна” гэжээ. Оросын хойд туйлын Мурманск хотод амьдардаг нэгэн иргэн мөн орон нутгийн цэргийн комиссарт ирэхийг тушаасан мэдэгдэл хүлээж авчээ. Тухайн иргэн арав гаруй жилийн өмнө Чечений дайнд оролцож байсан. Баруун Сибир дэх газрын тос, байгалийн хийн “Сургутнефтегаз” компанид мэдэгдэл хүрсэн. Мэдэгдэлд 14 хоногийн сургалтад хамрагдах хүмүүсийн жагсаалтыг дурдсан байжээ. Москва дахь зарим эрх мэдэлтнүүд мөн л Даваа гаригаас эхлэн 15 хоногийн цэргийн бэлтгэлд оролцохыг үүрэгдсэн мэдэгдэл хүлээж авсан байна.
Эх сурвалж: WASHINGTON POST
Дайчилгаанаас зугтсан оросуудад орогнол олгохгүй гэв
Оросоос визгүй улсууд руу явах нислэгүүд ойрын хэд хоногт тэр дороо зарагдаж дуусч байна. Турк, Армени, Азербайжан зэрэг зарим чиглэлд тасалбарын үнэ 2000 евротой тэнцэж байна. Оросын сөрөг хүний Медуза сонинд “Оросоос яг одоо хаашаа зугтах вэ?” гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Энэ нийтлэлд улс орнуудын жагсаалт, нэвтрэх шаардлага зэргийг дэлгэрэнгүй тусгасан байна. Европын холбооны гишүүн Латви, Литва, Эстони улсууд дайчилгаанаас зугтаж ирсэн оросуудад орогнол олгохгүй гэдгээ мэдэгдээд буй. Харин Балтийн орнуудын хоригт тэрс үзэлтнүүд болон дүрвэгсэд хамаарахгүй аж. Оросын сөрөг хүчний нэрт улстөрч Дмитрий Гудков зургадугаар сард эх орноосоо дүрвэсэн. “Би Путины тушаалыг бүхэлд нь анхааралтай уншсан. Тэд хүн бүрийг дайчилж байна. Энэ бол Путины зарласан хамгийн сүүлийн оршуулгын кампанит ажил” гэж тэр хэлжээ. Мөн “Залуус аа, эх орноо орхи” гэж тэр уриалав.
Эх сурвалж: DW
Дайчилгаанаас зугтагсад Монголыг зорих нь ихсэв
Путины хэсэгчилсэн цэрэг дайчилгаанаас зугтсан иргэд олноороо Хиагт олон улсын авто замын боомт дээр цугларч байгаа талаар “Fakty” хуудас мэдээллээ. Хиагтын мэдээ мэдээлдэг телеграм суваг хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа талаар мэдээлэв. Түүнчлэн Москва дахь оросууд Ташкент, Баку, Бишкек, Астана, Минск руу шууд тасалбар худалдаж авах нь эрс ихэсчээ. Путины мэдэгдэл гарсан даруйд оросууд шууд хариу үзүүлж эхэлсэн нь энэ юм. “Google” платформ дээр хүртэл Оросоос хэрхэн гарах вэ, гадаад паспортгүй хэрхэн Оросоос гарах вэ, дайчилгаанаас хэрхэн зайлсхийх вэ гэсэн хайлтууд гарч ирж эхэлжээ. Цэрэг татлагын арга хэмжээ цоо шинээр яригдаж буй зүйл биш юм. Украинчууд Оросын мэдэлд байсан 6000 км/кв газар нутгийг хяналтдаа авсны дараа нэмэлт цэргийн тухай асуудал хөндөгдөж эхэлсэн. Үндсэндээ дайн эхэлснээс хойш ажил хайгчдын цахим хуудсанд хүртэл эрчүүдийг байлдаанд татан оролцуулах зорилготой бэлэн мөнгө амласан зар сурталчилгаа гарч эхэлжээ. Мөн орос хоригдлуудыг Вагнерын бүлэглэлд элсүүлж Украинд тулалдуулах гэж буй тухай Оросын бизнесмэн Евгений Пригожины бичлэг саяхан цахим сүлжээнд тарсан. Дайчлагдах цэргүүдийн эрх зүйн байдлыг 10 заалтад тусгаж өгсөн. Гэвч энэ дундаас долдугаар заалт нь юу болох нь тодорхойгүй байсан. Кремлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр энэ нь захиргааны зориулалтаар л ашиглахад зориулсан заалт гэжээ. Мөн энэ заалтыг цэргийн албан хаагчдын тоотой холбоотой гэж хэлсэн нь Кремль зөвхөн 300 мянган цэрэг татна гэсэн нь үнэн үү гэсэн эргэлзээг төрүүлээд байна.
Эх сурвалж: DW, FAKTY
Орост цэрэг татлагыг эсэргүүцэн жагсаж байна
ОХУ-ын ерөнхийлөгч Путин хэсэгчилсэн цэрэг татлага эхлүүлж буйгаа мэдэгдсэн. 300 мянган цэрэг дайчлах тухай Путины тушаалыг эсэргүүцэж 800 гаруй иргэн жагслаа. Санкт-Петербург, Москва зэрэг дор хаяж 37 хотод эсэргүүцлийн жагсаал болсон.
Жагсаалд оролцогсдыг баривчилж эхлээд байна. Сэтгүүлчдийн мэдээлснээр жагсаалын эхний 15 минутын дотор л цөөнгүй хүнийг баривчилжээ. Харин "Voa news" цахим хуудсанд 1300 орчим жагсагчийг баривчилсан гэх мэдээлэл байна.
Ингэж жагсах нь нэмэртэй эсэхийг жагсагчдаас асуухад нэрээ нууцалсан нэгэн жагсагч хэлэхдээ, “Ингэлээ гээд тус болохгүй. Гэхдээ байр сууриа илэрхийлэх нь миний үүрэг юм. Дайнд үгүй гэж хэлье” гэжээ. “Бидний аав, ах, нөхөр гээд олон мянган орос хүн дайны махны машин руу шидэгдэх болно. Тэд юуны төлөө үхэх вэ?” гэж өөр нэг жагсагч хэлсэн. Жагсаалыг “Весна” сөрөг хүчний хөдөлгөөн уриалжээ.
Жагсаал зохион байгуулах тухай цахим уриалга цацагдах үед Москвагийн прокурорын газраас анхааруулга хүргүүлсэн. Хэрвээ жагсаал зохион байгуулвал, мөн оролцвол 15 хүртэл жилийн хорих яв авч болзошгүй гэжээ. Эрх баригчид энэ жагсаалаас өмнөх бусад жагсаалд ч ийм анхааруулга өгч байсан. Гэвч өчигдөр /2022.09.21/ эхэлсэн энэхүү жагсаал нь дайнаас хойших анхны үндэсний хэмжээний дайны эсрэг жагсаал боллоо.
Цэрэг дайчилгааны тухай аливаа худал мэдээллийг дамжуулсан тохиолдолд цахим хуудсуудын нэвтрэх эрхийг нь хаана гэж хэвлэл мэдээллийнхэнд анхааруулаад буй.
Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу цэрэг дайчилгааны талаар мэдээлэхдээ зөвхөн байлдааны болон албаны туршлагатай хүмүүсийг дайчилна гэж хэлжээ. Энэ шалгуурт нь 25 сая орчим хүн тэнцэж буй ч ердөө нэг орчим хувь нь л дайчилагдана гэв. Барууны удирдагчид энэ цэрэг татлагыг оросууд байлдааны талбарт ялагдал хүлээсний хариу үйлдэл гэж мэдэгджээ.
Эх сурвалж: VOA NEWS, EURO NEWS