Хоёр жилийн хугацаанд хашуулж, халдвар авч, хаалгаж боолгуулсан үеийн хяналтгүй төсвийн тайлан юу болов. Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий Түр хороо байгаа юу, татан буугдсан уу. Шадар сайд С. "2020 оноос хойш КОВИД-19-ийн эсрэг арга хэмжээнд зарцуулсан гадаадын зээл тусламж, хөрөнгө санхүү, зарцуулалт, худалдан авалтад бүрэн хэмжээний аудитын шалгалт оруулж, тайлагнахаар болсон. Шалгалт хийгдэж дууссаны дараа Засгийн газарт танилцуулна. Эрүүл мэндийн болон Сангийн сайд нар энэ талаар олон нийтэд мэдээлнэ" гэж гэж хэлснээс хойш хагас жил өнгөрчээ.
Хил гааль хаагдаж, бараа бүтээгдэхүүн хомсдсон тэр үед 1500 төгрөгт хүрсэн максыг 20 мянган төгрөгөөр шахсанаас эхлээд 160 мянган төгрөгт багтах багц, йн 8 сая төгрөгийн эмчилгээ гээд хэдэн нүд орой дээрээ гарахаар том том олон тоогоор яригдах их мөнгөний асуудал таг чиг. Гадаадын зээл тусламжийн 6 их наяд төгрөгийг яг юунд зарцуулсан. Хэрхэн хяналтгүй зохицуулсан гээд Монгол Улсын төсөв, дээр нь түүнтэй дүйцэхүйц хэмжээний тусламжийн мөнгө хаачсан бэ гэдгийг ирэх оны төсөв хэлэлцэхээс өмнө энд ярьмаар. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хэлсэнчлэн “2020, 2021 онд гадны зээл тусламж хандив, улсын төсвийн тодотголоор орж ирсэн 757 тэрбум төгрөгийг зарцуулсан” гэдгээс өөр тоо өнөөдөр алга.Тиймээс л цар тахлаар далимдуулж тендергүй, үнийн босгогүйгээр хэрхэн төсвийн мөнгийг зарцуулсантай одоо танилцмаар байна. Гэтэл энэ хугацаанд хүний эрх хэрхэн зөрчиж, хүчээр хэрхэн арга хэмжээ авсан бэ гэдгийг эргээд нэг санацгаая.
БУРУУТАН НЬ БУРУУТНЫГ ОЛОХГҮЙ
Архангай аймгаас нийслэлд эмчлүүлэхээр ирсэн иргэн 22-ын товчоон дээр гацаж, Онцгой комиссын буруутай үйл ажиллагаанаас болоод эмнэлгийн тусламж авч чадалгүй амь насаа алдсан. 22-ын товчоонд ажиллаж байсан эмч онцгой комиссынхон руу хоёр удаагийн үйлдлээр 80 гаруй удаа залгасан ч холбогдож чадаагүйгээ харамсан ярьж байлаа. Тухайн үед Улсын онцгой комиссын дарга байсан Я.Содбаатар Ерөнхий сайд уучлал гуйсны дараа дуртай, дургүй эмгэнэсэн болсон билээ. Гэтэл хариуцлага алдсан албан тушаалтантай хариуцлага тооцох үүргийг Улсын онцгой комисст өгч тохуурхаж байлаа. Тов тодорхой зүйл гэвэл УОК-ын шийдвэрээс болж ийм хэрэг гарсан. Гэтэл жинхэнэ буруутнууд түүнийг тодруулах болсон юм. Одоо хэр нь буруутан тодорсонгүй ээ.
“ЭНХСАРАН” МАРТАГДАЖ, ЭМГЭНЭЛ ИНЭЭДЭМ БОЛСОН НЬ
“Энхсаран” тусгаарлах байранд ажиглалтад байсан 146 хүнээс 2020 оны арваннэгдүгээр сарын 3-аас 23-ны хооронд нийт 49 хүн халдвар авч өвчилсөн. Үүнийг ил болгосон залууг цагдаа торгосон ч шүүхээс цагаатгасан. Харин “Энхсаран” сувилал нь Хууль зүйн сайд Х.Нямбаатартай холбоотой талаар мэдээлэл гарч байсан ч бас л намжсан. Эцэст нь, өөрийгөө хамгаалах эрхээ төрд шилжүүлж, түүний хяналтад байсан иргэд хохироод үлдсэн. УОК-ын дарга “Хариуцлага тооцох эзэн олдоно” гэсэн ч олдсонгүй ээ.
Хөдөө орон нутгаас ирсэн зорчигчид 20 гаран цаг цагдаагийн хяналтад автобуснаас буух, биеэ ч засах эрхгүйгээр тарчилсныг бид мартаагүй. Бие засах, ус уух хүний заяагдмал эрхийг зөрчсөн үйлдэлд буруутан бас олдсонгүй. Харин ч төмөр хувинд бие засуулсан албан хаагч магтуулах маягтай өнгөрсөн. Дөрвөн сартай, халуурсан үрээ үзүүлэхээр такси барьсан залууг өөрийнх нь тээврийн хэрэгсэл биш шалтгаанаар буулган, хасах 20 хэмийн хүйтэнд 2,5 км замыг явган алхуулсан, эмнэлгийн гадаа тусламж авч чадахгүй байсаар өөд болсон ч “архичин байсан” гэх доромжлолыг зүүсэн залуу, аав, ээжтэйгээ салах ёс хийж чадаагүй олон арван ойр дотныхон нь одоо хэр нь гомдолтой яваа. Буруутнууд таг чиг.
ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТ ОДОО ЭХЭЛЖ БАЙНА
Өнгөрсөн хоёр жилийн хугацааанд хүнсний дэлгүүрээс бусад нь бүгд л хаагдав. Түүний хариу урвал одооноос биежиж байна. Гаалиас ачаа, бараагаа авч чадахгүй болтлоо иргэд хоосорчээ. Гадаад валютын хомсдол толгойн өвчин боллоо. “Найман шарга”-аас доллар, юань авах гээд олдохгүй байгаа талаар иргэд гомдоллож байна. Банкныхан валютын арилжаандаа хязгаар тогтоочихлоо. Барилгын салбар тэг зогсолт хийхэд тун ойрхон ирсэн тухай гасалж байна. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа аврах 10 их наяд”-ын хөтөлбөрийн үр шимийг хэн хүртэв? Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөнгө хэвлэхгүй тухай ярьж байсан ч Монголбанкны Ерөнхийлөгч хэвлэсэн гэдгээ хожим ч болтугай зөвшөөрсөн билээ. Өнгөрсөн хугацаанд эдийн засгаа хамгаалах нэрийдлээр зарцуулсан их хэмжээний мөнг нэмэр болов уу, нэрмээс болов уу гээд бодвол хасах нь жин дарах бололтой.
АНГАЖ БУЙ МЭДЭЭЛЭЛ
Тухайн үед ч одоо ч иргэд бодит мэдээллээр ангаж байна. Хэвлэл мэдээлэл хязгаарлагдмал эх сурвалжаас мэдээлэл цуглуулж, бодит бүрэн дүүрэн мэдээллээр хангах боломжгүй болж эхлэв. “Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам” гээчээр хоёр жилийн хугацаанд хэвлэлийн амыг барих гэж оролдсон. Одоо ч хэвээрээ. Хэрэгтэй бол өөрсдөө сэжим өгөөд араас нь холбогдолтой баримт гаргадаг шинэ жишиг тогтсон бөгөөд үүгээрээ олны анхаарлыг чухал асуудлаас холдуулах, гол асуудлыг анхаарлын төвөөс зайлуулах хоржоонтой аргатай болсон эрх баригчид хэзээ тайлангаа ил болгох вэ?
Удахгүй ипотекийн зээлээ төлж эхлэх иргэдийн халаас улам бүр нимгэрсээр байна. Өнгөрсөн хугацаанд Ковид-19-тэй холбоотойгоор зарцуулсан их наядаар тооцогдох төсвийн задаргаа тайлангаа хармаар байна. Тиймээс үүнийг л эхлээд шаардаж, эрх мэдэлтнүүдтэй хариуцлага ярих нь ирэх оны төсвөөс илүү ач холбогдолтой мэт.