Цахим бизнес эрхлэлт дэлхийн өсөлтийн гол түлхүүр

Хуучирсан мэдээ: 2022.09.22-нд нийтлэгдсэн

Цахим бизнес эрхлэлт дэлхийн өсөлтийн гол түлхүүр

Цахим бизнес эрхлэлт дэлхийн өсөлтийн гол түлхүүр

Азийн Хөгжлийн Төлөв (АХБ) 2022” шинэчилсэн тайланд багтсан Цахим Бизнес Эрхлэлтийн системийн Дэлхийн Индекст дурдсанаар Сингапур улсыг бизнес эрхлэгчдэд зориулсан цахим орчин, тэдгээрийг дэмжих системтэй дэлхийн шилдэг орноор тодруулсан байна.

Уг индекст нийт 113 орныг жагсааснаас АНУ хоёрдугаарт, Швед улс гуравдугаар байрт оржээ. Гэвч хөгжиж буй Азийн 21 орны 17 нь уг жагсаалтын сүүл мушгисан нь бүс нутаг нийтээрээ цахим бизнес эрхлэлтийг хөгжүүлэх шаардлагатай байгааг харуулж буй аж.

Цахимжилт нь Ази, Номхон далайн бүс нутгийн бизнесүүдэд үсрэнгүй хөгжих боломж авчрахаар байна. Түүнчлэн өндөр орлоготой болохын төлөө зорьж буй орнуудад нэн шаардлагатай инновацийг өдөөгч гол хүчин зүйл бол цахимжилт юм.

Мөн олон бизнесийн хувьд Covid-19 цар тахлыг давж гарахад цахим технологи ихээхэн тусалснаас харахад цахимжилтын нөлөөгөөр эдийн засгийг илүү тэсвэртэй болгохын сацуу бизнес эхлүүлэх зардлыг бууруулж, улмаар хүртээмжтэй өсөлтийг дэмжих боломжтой юм.

АХБ-ны Ерөнхий эдийн засагч Альберт Пар "Цахим бизнес эрхлэлт нь Covid-19 цар тахлын үед эдийн засгийг дордуулахгүй байлгахад ихээхэн хувь нэмэр болсон төдийгүй цаашлаад цар тахлын дараах дэлхийн өсөлт, инновацийн гол хөдөлгүүр хүч болж чадна” гэж хэлээд, “Үүнийг хэрэгжүүлэхийн тулд таатай бодлого, урамшууллын дэмжлэг бүхий орчин байх ёстой. Цахим бизнес эрхлэх зохистой орчин сүүлийн хоёр жилд Азид ихээхэн сайжирсан ч цаашид өөд татах зүйлс олон байна” хэмээн онцлов.

Энэхүү индекс нь соёл, институци, зах зээлийн нөхцөл байдал, дэд бүтэц, ажиллах хүчний нөөц, мэдлэг, санхүү болон сүлжээ зэрэг найман чиглэлээр цахимжилтын түвшнийг харгалзан үзэж, цахим бизнес эрхлэгчдэд зориулсан орчны чанарыг хэмждэг.

Засгийн газрууд өргөн зурвасын сүлжээ зэрэг цахим дэд бүтцэд хөрөнгө оруулахаас гадна улс төрийн тогтвортой байдал, найдвартай хууль эрх зүйн тогтолцоо, нээлттэй бөгөөд өрсөлдөөнт зах зээлийг хөгжүүлж, өмчийн эрхийг бэхжүүлэх шаардлагатай.

АХБ-ны судалгаанаас харахад хууль дээдлэх ёс нь аж ахуйн нэгжийн инновацид эерэг нөлөө үзүүлдэг бол нийгэм дэх авлига бага байх нь зах зээлд шинээр бизнес эрхлэгчид орж ирэхэд дөхөм болгодог байна.

Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд цахим бизнес эрхлэлтийг хөгжүүлэхэд хангалттай хэмжээний дэмжлэг үзүүлэх соёл суугаагүй байгаа нь хамгийн том сул талуудын нэг болж байна. Тухайлбал, бизнес эрхлэгчид эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгааг олон нийт төдийлөн үнэлдэггүй байна. Энэ байдлыг өөрчлөх нэг арга нь боловсролоор дамжуулан бизнес эрхлэлтийн талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах явдал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж