"Зөвхөн Чингис хааны эш хөргийг залах нь зүйтэй"

Хуучирсан мэдээ: 2022.09.22-нд нийтлэгдсэн

"Зөвхөн Чингис хааны эш хөргийг залах нь зүйтэй"

"Зөвхөн Чингис хааны эш хөргийг залах нь зүйтэй"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх наадмаар Эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлиг гаргасан билээ. Зарлиг гаргасантай холбоотойгоор төрийн байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд Чингис хааны эш хөргийг залж эхэлсэн.

Гэтэл сүүлийн үед зарим иргэд Чингис хааны хөрөг зургийг өөрсдөө хийсвэрлэн зурж, нөгөө хэсэг нь хааныг бурханчилж зурж залах болжээ. Харин түүхчдийн хувьд зөвхөн Чингис хааны эш хөргийг залах нь зүйтэй гэдгийг хэлж байгаа юм.

Түүхэн цаг хугацааны явцад ч зураачид үлгэр домог, түүхэн тэмдэглэл, таамаг, уран сэтгэмжээр дүрслэн, зурж бүтээсээр ирсэн. Өнөөдөр бидэнд уламжлагдан ирсэн түүхэн зургууд түүний бодит дүр төрхийг илэрхийлж чадаж байгаа юу гэхчилэн маш олон асуулт бий.

Энэ талаар Шинжлэх ухааны доктор, профессор антропологич Д.Түмэн ярихдаа "Чингис хааны хөргийг залах нь маш чухал ач холбогдолтой. Дэлхий дахинаа Монгол Улсыг Чингис хаанаар төсөөлж, мэддэг болсон. Эш хөрөг гэдэг нь бодит хөрөг гэсэн үг. Түүхч, судлаачдын хувьд Хувилай хаан зарлиг гарган зуруулсан Тайваньд хадгалагдаж буй эш хөргийг илүү бодитой гэж үздэг. Тийм учраас ард түмэн зарлиг гаргасан эш хөргийг залах нь зүйтэй" гэдгийг хэлэв.

Дэлхий дахинаа Чингис хааны эш хөрөг хоёр байгааг эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг.  Тодруулбал, Хятадын нийслэл Бээжинд болон Тайваньд Чингис хааны эш хөрөг хадгалагдаж буй. Үндэсний их баяр наадмаар улс нийтээрээ залах зарлиг гаргасан хөрөг бол Тайваньд хадгалагдаж буй эш хөрөг юм.

Доктор, профессор, зохиолч Л.Дашням өмнө нь энэ талаар ярихдаа "Аль ч нийгэмд үлгэрлэж явдаг түүхэн бахархалт хүнийхээ дууриаллаар өөрийгөө засч, залж, нийгмээ өөд нь татдаг замналтай шүү дээ. Тийм болохоор Чингисийн дүрийг үргэлж харж байна гэдэг нь үүх түүхээ таньж, өрх гэрээ өөд нь татаж, үндэсний бахархал болгоно гэсэн үг.

Чингис хааны эш хөрөг Бээжин, Тайваньд байдаг. Хоорондоо яльгүй жаахан ялгаатай. Манай эрдэмтэн судлаачид ч эш хөргийг сайн судалж, жаахан өөрчилж зурсан тохиолдол бий" гэж байв.

Түүхч Д.Анхбаяр "Чингис хааны бурханчилсан эш хөрөг гэж байхгүй. Саяхан 2000 оны эхээр бурханч лам Г.Пүрэвбат Чингис хааны хөргийг бурханчилж зурсан байдаг. Гэхдээ Ерөнхийлөгчийн зарлигт Чингис хааны эш хөргийг зална гэсэн учраас Тайваньд хадгалагдаж буй хөргийг зална гэсэн үг" гэв.

Судлаачдын зүгээс Чингис хааны хөргийг явцуу утгаар бус аль болох түүхэн эх сурвалжтай эш хөргийг сүсэг бишрэлтэй залах нь чухал гэдгийг хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж