Монгол цэргүүдийг Орос руу сайн дурын цэрэг татлагат хамруулна гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт цахим хуудаст гарсан. Энэ мэдээллийг холбогдох яам болон хуулийн байгууллагуудаас тодруулахад дээрх мэдэгдэл худал бөгөөд ямар зорилготой ташаа мэдээлэл түгээсэн болохыг хуулийн байгууллагууд шалгаж байна.
Санаатайгаар гаргасан хуурамч зарын эзнийг одоогоор тогтоогоогүй. Гэхдээ шалгалтын ажлууд үргэлжилж байна гэдгийг албаныхан хэлэв.
Хуурамч гэх зар мэдээлэлд “ОХУ-ын Луганск, Донецкийн Бүгд найрамдах улсад явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын 18-45 насны эрэгтэйчүүдийг гэрээт цэргийн албанд бүртгэж эхэллээ. Мөн “Орос ахан дүүстэйгээ цуг Тужийн нарс, Халх гол, Чөлөөлөх дайнд мөр зэрэгцэн тулалдаж явсан он жилүүдээ эргэн дурсаж НАТО-гийн гар хөл болсон Украины эсрэг ариун дайнд мордоцгооё” гэж бичсэн байна.
Төрийн айлчлалууд үргэлжилж байгаа энэ үед үндэсний аюулгүй байдалд халдах оролдлого хийж байгаа асуудлыг иргэд шалгах ёстой талаар цахим хуудаст бичиж байна.
ЦЕГ БОЛОН ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ЗАР МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас тус мэдээллийг шалгаж байна. Батлан хамгаалах яамнаас болон бусад холбогдох яамнаас шалгуулах хүсэлт тавьсаны дагуу хяналт тавьж ажиллаж байна. Тагнуулын байгууллагаас мөн шуурхай шалгаж байгаа” гэлээ. Тагнуулын байгууллага ч мөн энэ дээрх мэдэгдлийг шалгаж байгаа бөгөөд одоогоор зарыг хаанаас хэн, ямар зорилготой оруулсан нь тодорхойгүй байна гэлээ.
Харин Батлан хамгаалах яамнаас үндэсний аюулгүй байдалд халдсан энэ мэдээлэлд хатуу хариуцлага тооцуулахыг анхааруулж буй.
Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар:
-Цахим орчинд гарсан хуурамч мэдээлэл үндэсний аюулгүй байдалтай холбоотой цаашид хор холбогдол гарах эрсдэлтэй учир эзэн холбогдогчийг заавал тогтоох шаардлагатай. Тус мэдээлэл Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг харлуулах, улсын тусгаар тогтнол, язгуур эрх ашигт нөлөөлөхүйц байгаа. Тиймээс хууль хяналтын байгууллага, тагнуулын байгууллага шалгаж тогтооно.
Улс орнуудын харилцаанд хор хохирол учруулах эрсдэлтэй учир ташаа мэдээлэл гаргасан этгээдэд хатуу хариуцлага тооцно.
Тус мэдэгдэлд Батлан хамгаалах яам болон холбогдох яамны логог ашигласан бөгөөд албан бичиг хөтлөлттэй гаргасан учир үүнийг санаатайгаар гаргасан гэж харж байна.
Холбоотой мэдээ