“Ачит Ихт” ХХК 99.999 хувийн цэвэршилттэй катодын зэс экспортолж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.21-нд нийтлэгдсэн

“Ачит Ихт” ХХК 99.999 хувийн цэвэршилттэй катодын зэс экспортолж байна

“Ачит Ихт” ХХК 99.999 хувийн цэвэршилттэй катодын зэс экспортолж байна

Зэс боловсруулах үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлэгч “Ачит Ихт” ХХК байгальд сөрөг нөлөө багатай, дэвшилтэт техник, технологи ашиглан, үүсмэл ордын хүдрийг боловсруулан, дэлхийн жишигт нийцсэн зэс үйлдвэрлэх эрхэм зорилготой ажилладаг. Тус компани Монгол Улсын уул уурхайн салбарын хамгийн том чуулган болох “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээний үеэр “Үүсмэл ордын ашиглалт” онол, практикийн хурлыг амжилттай зохион байгууллаа.

Монгол Улсад орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан, уурхайн хаягдлыг боловсруулж, эдийн засгийн үр ашигтайгаар ашиглаж болно гэсэн дүгнэлтэд хүрвэл үүсмэл ордын ашиглах зөвшөөрөл олгодог хууль эрхзүйн зохицуулалт бий.

“Ачит Ихт” ХХК “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, ядуу агуулгатай балансын бус, холимог хүдрийн 2-р овоолго (1978-2004 он)-ыг ашиглан, үйлдвэр байгуулах хамтын ажиллагааны гэрээг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 2010 онд байгуулжээ. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын үед ТЭЗҮ-ийг нийт 4 удаа боловсруулж, 2014 онд ТЭЗҮ-ээ Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулж, 2018 онд Үүсмэл ордын нөөцийг ашигт малтмалын Улсын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлж, 2019 онд ТЭЗҮ-ийн тодотголыг батлуулсан байна.

“Олборлолтоос боловсруулалтад, боловсруулалтаас бүтээгдэхүүнд” уриан дор нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорин ажилладаг тус компани катодын зэсийн үйлдвэртээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын холимог хүдрийн үүсмэл ордын нөөцийг гидрометаллургийн аргаар уусгаж, Английн Лондоны металлын биржийн “А” зэрэглэлийн 99.999 хувийн цэвэршилттэй катодын зэс үйлдвэрлэн, экспортод гаргаж буй юм. Үйлдвэр 2014 онд ашиглалтад орсноос хойш нийт 88 мянган тонн зэс экспортолж, 258.1 тэрбум төгрөгийг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.

“Ачит ихт” ХХК 2021 онд 7,824 тонн катодын зэс үйлдвэрлэсэн бол энэ онд 7400 тонн катодын зэс үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Мөн өнгөрсөн оны байдлаар боловсруулах үйлдвэрлэлээр ДНБ-ий 0.6 хувийг бүрдүүлж, эдийн засагт хувь нэмрээ оруулжээ. “Ачит Ихт” ХХК Монгол Улсын экспортод гаргаж буй боловсруулсан түүхий эд буюу катодын зэсийн 80 гаруй хувийг үйлдвэрлэсэн байна.

ДОТООДЫН ЦЭВЭР ЗЭС ҮЙЛДВЭРЛЭЭД ГАРГАВАЛ 8000 АМ.ДОЛЛАРААР ЗАРАХ БОЛОМЖТОЙ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал П.ЦАГААН:

-Монгол Улс түүхий эдийнхээ 1 хувьд хүрэхгүй хувийг боловсруулж экспортолдог. Нийт арваад төрлийн уул уурхайн бүтээгдэхүүн олборлож, баяжуулан гаргаж байна. Боловсруулж экспортолж буй хоёр компани л бий. Үүнээс боловсруулах үйлдвэр яагаад чухал вэ гэдгийг харж болно. Нэгдүгээрт, нэмүү өртөг, технологийн арга барил, ажлын байр, чадвартай ажиллах хүчин бий болно. Боловсруулсан бүтээгдэхүүн нэг зах зээлээс хамааралтай биш, олон зах зээлд гаргана. Зах зээлийн үнийн савлагаанаас бага хамаарна. Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглаад, уурхайн хаягдлыг боловсруулж, эдийн засгийн үр ашигтайгаар ашиглаж болно гэсэн дүгнэлтэд хүрвэл ашиглаж болно гэх үүсмэл ордын зөвшөөрөл олгодог хууль эрхзүйн зохицуулалттай болсон.

Монгол Улс зэсийн экспортоор дэлхийн топ 20 орны тоонд багтдаг. Гэтэл боловсруулах түвшинд сураггүй. Жишээлбэл, 25 хувийн агуулгатай 1 тонн зэсийн баяжмалыг экспортлоход дунджаар 2000 ам.доллараар зарна. Харин дотоодын цэвэр цэс үйлдвэрлээд гаргавал 8000 ам.доллараар зарах боломжтой. Хэрвээ зэсийг нунтаглаад гаргавал 10000 ам.доллараар зарна. Тэгэхээр боловсруулалтын түвшин ахих тусам Монгол Улсад үүсэх нэмүү өртөг, ажлын байр, технологи дагаж хөгжинө. Энгийнээр тайлбарлавал, бид малаа амьдаар гаргах бус нядлаад, бэлтгээд гаргахтай адилхан. Боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагатай. Гэхдээ үүний ард хүндрэл бэрхшээл бий. Боловсруулах үйлдвэрт эрчим хүчний найдвартай хангамж, төмөр зам, дэд бүтэц хэрэгтэй. Энэ төрлийн үйлдвэр урт хугацаанд ажиллаж байж эцсийн үр дүн нь гардаг. Тиймээс өртөг хямд зээлийн эх үүсвэр байх шаардлагатай. Төр засаг, хувийн хэвшил хамтарч ажиллах нь чухал. Эдгээр сорилтуудыг давахын тулд ямар боломж байгааг олж харах ёстой.

Манай зах зээл ойрхон байна. Шинэ уурхайнууд ойрын ирээдүйд байгуулагдах гэж байна. 2024-2030 он гэхэд Монголд дахин уул уурхайн салбарын “бүүм” буюу тэсрэлт болох хандлагатай байна. Манай улс жилд 500-600 тонн зэс экспортолж байна. Дэлхийн хамгийн том зэс боловсруулах үйлдвэр жилд 600 тонныг боловсруулж буй. Тэгэхээр бид зэс олборлогч группийнхээ доор нэгдээд, Монголд зэс хайлуулах үйлдвэр барих хэрэгтэй. Бидэнд хийх ажил их байна.

ҮҮСМЭЛ ОРДЫН НӨӨЦИЙГ ТОДОРХОЙЛОХОД ХЭЦҮҮ

УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын шинжээч Х.БАЯРХАНГАЙ:

-Монгол Улсын хувьд үүсмэл орд гэж ашигт малтмал олборлолт, боловсруулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц ашигт малтмалын овоолгыг хэлнэ. Үүсмэл орд гэдэг байгалийн процесс биш, хүний үйл ажиллагаатай холбоотой үүсдэг учир нөөцийг тодорхойлох хэцүү. Ашигт малтмалын ордыг олборлох үед дагаад үүсмэл орд үүснэ. Эдийн засгийн хувьд ашигтай ажиллаж байгаа учраас үүнийг үүсмэл орд гэж нэрлэж байгаа. Орд гэдэг нь цэвэр эдийн засгийн ойлголт. Эрх зүйн хувьд Засгийн газрын 2017 оны дугаар 61 тогтоолд заасан Үүсмэл ордын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, Үүсмэл ордын үйл ажиллагааг эрхлэх гэсэн журмаар зохицуулалт хийж өгсөн.

ЗЭСИЙН ОРДЫГ ГИДРОМЕТАЛЛУРГИЙН АРГААР БОЛОВСРУУЛАН ДЭЛХИЙН ДУНДЖИД ХҮРЭХ БОЛОМЖ БИЙ

“Ачит Ихт” ХХК-ийн Инженернингийн багийн ахлах П.ОЧИРБАТ:

-“Үүсмэл ордын ашиглалт ба туршилт судалгааны ажлууд, тэдгээрийн хэрэгжилт” сэдвээр илтгэл тавилаа. Дэлхийд жилд 22 сая гаруй тонн зэс үйлдвэрлэж байна. Үүний 80 орчим хувийг флотац аргаар, 20 орчим хувийг гидрометаллургийн буюу үүсмэл ордыг боловсруулах технологийн аргаар боловсруулж байна. Харин Монгол Улсын хувьд жилд боловсруулж буй зэсийн 3 орчим хувийг л гидрометаллургийн аргаар гарган авч байна. Үүнээс дүгнэхэд бид зэсийн ордыг гидрометаллургийн аргаар боловсруулан дэлхийн дунджид хүрэх боломж байгаа” хэмээн онцолсон юм. Баяжмалын 70 гаруй хувь нь шороо, үлдсэн 20 гаруй хувь нь зэсийн эрдэс байна. “Ачит Ихт” ХХК эцсийн бүтээгдэхүүн буюу цэвэр зэс гаргаж байна. Тухайлбал, 99.999 хувийн цэвэршилттэй катодын зэс үйлдвэрлэн экспортолдог.

ЦААШИД Ч ҮҮСМЭЛ ОРДООС БАЯЛАГ БҮТЭЭЖ, ҮР ШИМИЙГ ТҮГЭЭНЭ

“Ачит Ихт” компанийн Захиргаа, нөөц хариуцсан захирал Ц.АРИУНЖАРГАЛ:

-Манай компани боловсруулах үйлдвэр, уул уурхайн хүнд үйлдвэрийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Бид үр шим, үнэ цэн нь Монголдоо үлддэг байгаасай гэсэн зорилгын хүрээнд эцсийн бүтээгдэхүүн хийх чиглэлд зорин ажиллаж байна. Ажиллах хүчээ 100 хувь монголчуудаар бүрдүүлж, орон нутагт ажлын байр бий болгосоор байна. Манай компанийн удирдлагын багийн 40 орчим хувь нь эмэгтэйчүүд. Уул уурхай зөвхөн эрчүүдийн салбар мэтээр хүмүүс ойлгодог байсан. Одоо цаг үе өөрчлөгдсөн. Бид “Жендэрийн мэдрэмжтэй хамт олон”-оор олон удаа шалгарч байсан. Гадаад мэргэжилтнүүдээс суралцах, технологи нутагшуулах талаар бид ажиллаж, суралцаж байна. Манай компани боловсруулах үйлдвэрийн боловсон хүчин бэлдэж, худалдан авалтаа дотоодоосоо хийдгээрээ онцлогтой. Нийгмийн хариуцлагын хүрээнд "Мөсөн өргөө"-г бүтээн байгуулах ажлыг санхүүжүүлэх, давуу эрхийн хувьцаа гаргах, 3 сая мод тарьж ургуулах гээд бид олон ажил хийсэн. Цаашид ч үүсмэл ордоос баялаг бүтээж, үр шимийг түгээхийн төлөө ажиллана.

УЛСЫН ТӨСӨВТ 247 ТЭРБУМ, ОРОН НУТГИЙН ТӨСӨВТ 8.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ

“Ачит-Ихт” ХХК 2022 оны есдүгээр сарын байдлаар улсын төсөвт 247 тэрбум, орон нутгийн төсөвт 8.3 тэрбум төгрөг төвлөрүүлж, нийгмийн даатгалын шимтгэлд 12 тэрбум, бусад татвар хураамжид 7.3 тэрбум төгрөг, нийт 258 тэрбум төгрөг төлжээ.

Ашигт малтмалын хуулийн дагуу “Үүсмэл орд”-ын тусгай зөвшөөрөл эзэмшигч болсноор АМНАТ-д 22.3 тэрбум, гэрээний дагуу “Эрдэнэт” үйлдвэрт ашиглалтын төлбөрт 17.4 тэрбум төгрөгийг роялтид төлсөн байна.

Орон нутагт 220 гаруй үндсэн ажлын байр бий болгон, үндэсний 1500 ханган нийлүүлэгчээс 46.3 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ.

Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсад анх удаа олон улсын олимпийн хорооны стандартад нийцсэн “Мөсөн өргөө” ордон байгуулахад гол санхүүжүүлэгчээр ажилласан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг “Ачит Ихт” ХХК бүрэн дэмжиж, ирэх 10 жилд орон нутагт 3 сая мод тарьж ургуулахаар төлөвлөжээ. Энэ зорилтынхоо хүрээнд “Далайн хошууны шинэс” ХХК байгуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шар чулуутын аманд мод үржүүлгийн газар байгуулсан байна.

Монголд анх удаа хувийн хэвшлийн компани үйл ажиллагааны үр ашгаа ажилчдадаа хүртээх зорилгоор жилийн 30 хувийн хүүтэй “Давуу эрхийн хувьцаа” хэрэгжүүлж, “Ачит Ихт” ХХК болон “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдад 1.4 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгосон байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж