Хятад, Пакистаны эдийн засгийн коридор төсөл 2015 оны дөрөвдүгээр сард эхэлж байв. Тухайн үед Хятадын дарга Ши Жиньпин, Пакистаны ерөнхий сайд Наваз Шариф нар 46 тэрбум ам.долларын үнэ бүхий 51 гэрээ, санамж бичигт гарын үсэг зурсан. Эдийн засгийн коридорын зорилго нь авто зам, төмөр зам, агаарын зам, эрчим хүчний тээврийн системийг шинэчлэх замаар Пакистаны эдийн засгийг өөрчлөх, дэд бүтцийг нь сайжруулах юм. Цаашлаад Пакистаны гүн дэх Гвадар, Карачи боомтуудыг Хятадын Шинжаан муж болон түүнээс цааш хуурай замаар холбох явдал аж. Ингэснээр байгалийн хий зэрэг бараа бүтээгдэхүүн, эрчим хүчний тээвэрлэлтийн цаг хугацаа, зардал буурах давуу талтай.
Уг эдийн засгийн коридор нь “Бүс ба зам” санаачилгын нэг хэсэг юм. Энэ хүрээнд Хятадын бие даасан дөрвөн эрчим хүч үйлдвэрлэгч компани Пакистаны эрчим хүчний салбарт ажиллаж буй.
Тэгвэл Хятадын эрчим хүч үйлдвэрлэгчдэд төлбөрөө тогтмол хийх журмыг Пакистаны засгийн газар саяхан эцэслэн зарлалаа. Эхний шатанд тухайн компаниудад 200 сая ам.доллар төлөхөө амлав. Энэ төлбөрөө Пакистаны үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх аж. Гэвч энэ нь Хятадад төлөх төлбөрийн багахан хэсэг л болох юм. Пакистан улс Хятадын 12 эрчим хүч үйлдвэрлэгчид ойролцоогоор 1.07 тэрбум ам.доллар төлөх ёстой гэсэн тооцоо бий.
Пакистаны тал Хятадын хөрөнгө оруулагчдын сэтгэлд нийцүүлэн бүтэн санхүүгийн жилийн хугацаанд сар бүр тогтмол төлөх хуваарь гаргажээ. Пакистаны Цахилгаан худалдан авах төв агентлаг Хятадын компаниудад 260 тэрбум рупийн өртэй. Өнгөрсөн санхүүгийн жилийн эцсээр 300 тэрбумын өртэй байсан нь 220 болж буурсан. Гэвч дахин 260 болж өсөөд буй нь энэ юм.
Энэ нь Пакистан улс төлбөрөө барагдуулна гэж амлаж буй анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа тус улс төлбөрийн хугацаагаа алдаж, Хятадын хөрөнгө оруулагчид хариуд нь шинэ төсөл эхлүүлэх, хуучин төслүүдээ төлөвлөсөн хугацаанд нь дуусгахаас татгалзаж байв.
Пакистаны ерөнхий сайд Наваз Шариф энэ оны сүүлээр Хятадад айлчлахаар төлөвлөж байна. Энэ айлчлалын үеэр Шариф хүлээгдэж буй төлбөрүүд болон эдийн засгийн коридорын хүрээний бусад хэлэлцээрийн талаар асуулттай тулгарах нь дамжиггүй. Тодруулбал, Пакистаны талаас дуусгаж чадахгүй байгаа хэд хэдэн төсөл бий. Пакистан улс Гвадар дахь эдийн засгийн коридорын гуравхан төслийг дуусгасан бөгөөд бараг хоёр тэрбум ам.доллараар үнэлэгдэх хэдэн арван дуусаагүй төсөл байна. Үүнд усан хангамж, цахилгаан хангамжийн төслүүд багтана.
Бээжингийн бухимдлыг төрүүлж буй нэг том асуудал нь Пакистан улс эдийн засгийн коридортой холбоотой шийдвэрийг гаргадаг байгууллагаа татан буулгах гэж буй явдал юм. Энэ шийдвэр нь төслүүдийг хурдан дуусгахад нэмэртэй гэж одоогийн засгийн газар үзэж байна. Улс төр, санхүүгийн хямрал үргэлжилж буйтай зэрэгцээд энэ шийдвэр хоёр улсын харилцааг улам хүндрүүлэх төлөвтэй болов.
Пакистан, Хятадын хоорондын эрчим хүчний гэрээг Олон улсын валютын сан хянадаг. Тус сан Пакистаныг Хятадын бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчидтэй илүү сайн тохиролцоонд хүрэхийн тулд дахин хэлэлцээ хийх, эсвэл банкны зээлийг хугацааг уртасгахыг зөвлөжээ. Олон улсын валютын сан Пакистанаас эдийн засгийн коридортой холбоотой гадагшаа урсгалаа зохицуулахыг олон жилийн турш шаардаж буй. Тухайлбал, 2016 онд эдийн засгийн коридорын төслүүдийн эргэн төлөлтийн хэмжээ 2021 оноос хойш асар хурдацтай өснө гэж Олон улсын валютын сан таамаглаж байсан. Хятадын хөрөнгө оруулалтын эргэн төлөлт болон ашгийн өгөөж нь удаан хугацаандаа дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн 0.4 хувьд хүрч болзошгүйг анхааруулсан.
Одоогийн байдлаар Пакистан улс Хятадтай энэ талаар дахин хэлэлцээд амжилт олох эсэх нь тодорхойгүй. Олон улсын валютын сангийн шахалтаар дахин хэлэлцээр хийх хүсэлт ирвэл Хятад улс баярлахгүй нь лавтай. Нэмж дурдахад, одоо байгаа татвараа төлөхгүй байх нь харилцааг улам хурцатгаж болзошгүй байна. Дахин хэлэлцээр хийх нөхцлийг хүлээж авлаа гэхэд Хятад улс өөрсдийн гэсэн шинэ нөхцөл тавьж магадгүй юм.
Мөнгөний хомсдолд орсон Пакистан улс Хятад болон Олон улсын валютын сантай харилцаагаа зохицуулахад хүндрэлтэй байх болно.
Төлбөр тогтмол төлөх шийдвэрийг гаргах уулзалтад Пакистаны Эрчим хүчний сайд Хуррам Дастгир тэргүүтэй салбарын албан тушаалтнууд оролцсон. Мөн эл уулзалтаар санхүү, эрчим хүчний хэлтэс, эдийн засгийн коридорын төлөөлөгчдөөс бүрдсэн хороо бүрдүүлжээ. Энэ хороо нь Хятадын бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчидтэй 14 хоногт тогтмол уулзаж, бүх асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж байхаар болсон байна.
Хятадын хөрөнгө оруулагчид эрчим хүч түгээх компаниудын төлбөр хураалтаас сар бүр тодорхой хувийг нь авч, эргэлтийн сан бий болгохыг уриалсан. Пакистаны эрх баригчид Хятадын үйлдвэрлэгчдэд анх амласан эргэлтийн санг ашиглалтад оруулах боломжгүй байсан. Заримдаа төлбөрийг хэдэн сараар төлөөгүйн улмаас төлбөр хуримтлагдахад хүрсээр өнөөгийн нөхцөл байдалд хүрэв.
Пакистаны Сангийн сайд Исмаил хөрөнгө оруулагчдад энэхүү эдийн засгийн коридор нь хоёр улсын найрамдлын тэргүүлэх төсөл гэдгийг баталж, тулгамдаж буй асуудлыг даруй шийдвэрлэхээ амлажээ.
Эх сурвалж: THE DIPLOMAT, BRITANNICA, DAWN