ДиКаприогийн 25 насны босгыг давсан Жижи

Хуучирсан мэдээ: 2022.09.22-нд нийтлэгдсэн

ДиКаприогийн 25 насны босгыг давсан Жижи

ДиКаприогийн 25 насны босгыг давсан Жижи

Холливудын “Дон Жуан” гэгддэг жүжигчин Леонардо ДиКаприотой нэр холбогдсоноор олны анхаарлыг татаад буй АНУ-ын супер модель Жижи Хадидыг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна.


Жижигийн бүтэн нэрийг Желена Ноура Хадид гэдэг.  Тэрбээр бүр багаасаа загварын ертөнцөд хөл тавьсан. Тодруулбал, хоёр настайдаа анх  “Baby Guess” хүүхдийн хувцасны брэндийг сурталчлан моделиор ажиллаж байв. 2011 онд шилдэг загвар өмсөгчдийг шалгаруулах “IMG models” агентлагтай гэрээ байгуулснаар 2014 онд анх удаа Нью-Йоркийн загварын долоо хоногийн тайзнаа алхах замаа нээжээ. Үүнээс хойш Жижи алдартай брэндүүдийн нүүр царай болж, олон ч загварын шоунд оролцсон. Мөн загварын олон сэтгүүлийн тэргүүн нүүрэнд тогтмол гардаг байсан ба АНУ-ын “Vogue” сэтгүүлд л гэхэд таван удаа ковер болжээ. Түүнтэй “Versace”, “Chanel”, “Fendi”, “Marc Jacobs” зэрэг брэндүүд хамтран ажилладаг. Түүний хэр чадварлаг, үнэ цэнтэй загвар өмсөгч гэдгийг  2018 онд Форбес сэтгүүлээс хамгийн өндөр хөлстэй моделийн жагсаалтад багтсанаас харж болно.

Өдгөө Жижигийн хөрөнгийн хэмжээ 29 сая ам.доллараар үнэлэгддэг ба орлогынх нь дийлэнх хувийг брэндүүдтэй хийсэн гэрээний хөлс эзэлдэг байна. Түүний жилийн орлого 9-10 сая ам.доллараар хэмжигддэг.

ЗАГВАРЫН САЛБАРТ АМЖИЛТТАЙ ГЭР БҮЛ

Жижи 1995 оны дөрөвдүгээр сарын 15-нд АНУ-ын Лос-Анжелес хотод төрсөн. Тэрбээр АНУ-ын Калифорни мужийн Санта Барбара хотод өссөн ба 2013 онд Малибугийн дунд сургуулийг төгссөн. Тэрбээр дунд сургуулиа төгсөхийн тулд загварын ажлаас түр завсарласан ч 2011 оноос дахин моделиар ажиллаж эхэлжээ. Улмаар 2012 онд  “Guess” кампанит ажлын элчээр тодорч байв.

Түүнийг найман настай байхад эцэг, эх нь салсан. Түүний ээж Йоланда Хадид /58 настай/ нь Нидерландын амжилттай модель, телевизийн од жүжигчин. Харин эцэг Мохамед Хадид /73 настай/ нь Палестин гаралтай үл хөдлөхийн хөгжүүлэгч юм. Шүүхийн шийдвэрээр ээж Йоланда нь салахдаа 3.6 сая ам.долларын бэлэн мөнгөний нөхөн олговор, Малибу дахь 6 сая ам.долларын өртөгтэй үл хөдлөх, Санта Барбара дахь харш, “Escalade”, “Range Rover” зэрэг хэд хэдэн автомашин, сарын 30 мянган ам.долларын хүүхдийн тэтгэмж авсан байна.  Йоланда хожим 2011 онд алдартай хөгжмийн продюсер Дэвид Фостертэй гэрлэсэн ч 2017 онд салжээ.

Жижигээс гадна охин дүү, Белла /25 настай /, эрэгтэй дүү Анвар /23 настай/ нар нь ч мөн загвар өмсдөг. Мухамед Йоландагаас өмнө гэрлэж, хоёр охинтой болсон. Жижигийн эх өөртэй хоёр эгч нь загварын чиглэлээр ажилладаг. Мухамедийн анхны эхнэрийн том охин /40 настай/ Мариель нь ‘Hadid eyewear’ гэх нүдний шилний брэндийг үндэслэгч, харин түүний дүү  Алана / 37 настай/ нь алдартай загвар зохион бүтээгч.

Эцэг Мухамедийнх нь бизнес 2019 онд дампуурлаа зарласан ба Жижи их сургуульд сурахаар Нью-Йорк хот руу нүүсэн байв. Тэрбээр гэмт хэргийн сэтгэлзүйгээр суралцаж байсан ч загварын карьертаа илүү анхаарлаа хандуулахаар сургуулиа хаяжээ.

ЗЕЙН МАЛИКТАЙ ӨНГӨРҮҮЛСЭН ЗУРГААН ЖИЛ

Жижи дуучин Зейн Маликтай үерхэж байхдаа охин Кайг 2020 оны есдүгээр сард төрүүлсэн. Түүний хувьд охиноо “бурхнаас өгсөн бэлэг” гэж ярьдаг бөгөөд Кайг өсгөх нь маш хөгжилтэй байдаг гэж саяхан өгсөн ярилцлагадаа дурджээ. Жижи, Зейн нар зургаан жилийн турш үерхэхдээ хамтдаа “Vogue” сэтгүүлийн нүүрэнд гарч, нэг нэгнийхээ гэр бүлийнхэнтэй ч маш дотно болсон байсан. Тэдний харилцаандаа цэг тавихад хүргэсэн гол шалтгаан нь Зейн маргааныхаа үеэр Жижигийн ээж Йоландаг шүүмжилснээс болсон гэж эх сурвалжууд ярьжээ. Тэд болзож эхэлснээ 2015 оны арванхоёрдугаар сарын 20-нд инстаграм хуудсаараа зарласан. Дараа нь 2016 оны нэгдүгээр сарын 29-нд Зейний ‘Pillow talk’ дууны клипэнд Жижи хамт тоглосон. Үүнээс хойш   олон удаа салж, нийлсэн харилцаатай явсаар 2021 оны аравдугаар сард бүр мөсөн цэг тавьжээ.

Салсан тухайгаа ярихдаа Зейн Жижиг эмэгтэй хүн, найзын хувиар хүндэлдэг гэж хэлсэн бөгөөд тэдний харилцаа утга учиртай, хайр халамжаар дүүрэн, хөгжилтэй, урт удаан үргэлжилсэн гэдгийг онцолжээ.

ДОН ЖУАНЫГ ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЭМЭГТЭЙ

Жижи сүүлийн үед Леонардо ДиКаприотой болзож буй гэх цуурхал гарч, тэд хамтдаа папараццийн дуранд олон өртсөн ч хэн хэн нь харилцаагаа батлаагүй. Түүнчлэн Жижи хайр дурлалаас илүү карьертаа анхаарал хандуулдаг гэж ойрын эх сурвалж нь ярьжээ. Тэрбээр энэ долоо хоногт Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр Том Фордын шоунд оролцсон. Тайзан дээр тэрбээр 1970-аад оны хувцаслалтаас санаа авсан гялтганасан даашинзийг өмсч “амилуулжээ”.

Уг шоунаас хэдхэн хоногийн өмнө тэрбээр Нью-Йорк хотод ДиКаприотой хамт яваа нь папараццид “баригдсан”. Тэд дотно яриа өрнүүлж, ДиКаприо түүний гаранд хүрч буй зэргийг хэрэгт дуртай гэрэл зурагчид хальсандаа буулгажээ.

Найз нөхдийнх нь яриагаар ДиКаприод Жижи “хөгшин”,  хүүхэдтэй гэдэг нь түүнд огтхон ч саад болдоггүй, харин ч төлөвшсөн байдалд нь татагдаж байгааг ярьжээ.

ДиКаприо өмнө нь 25-аас дээш настай бүсгүйчүүдтэй болздоггүй дүрмийг баримталдаг байсан. Гэвч өөртэй нь ижил санаа бодол, улс төрийн үзэл баримтлалтай, бие даасан эмэгтэйтэй ярилцах, хамт байх нь ДиКаприог өөрийн эрхгүй татаж байгаа гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр ДиКаприо хэдийнэ Жижид гүн дурлаж, араас нь гүйж эхэлсэн ч түүнийг тоохгүй байгаа аж. ДиКаприо сүүлд дөрвөн жил үерхсэн загвар өмсөгч Камила Морронег 25 нас хүрснийх нь дараа өнгөрсөн наймдугаар сард салсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж